UBLife Logo
Нийгэм

“Сэлбэ 20 минутын хот"-ын бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлав

“Сэлбэ 20 минутын хот"-ын бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлав

“Сэлбэ 20 минутын хот"-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа. Сонгон шалгаруулалтын материалыг www.selbecity.mn вэб сайтаар гуравдугаар сарын 2-ны 16:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авна. Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт юм. Сэлбэ хотод 45-50 мянган байнгын оршин суугч амьдрах боломжтой. Өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал орж, гарах эдийн засгийн шинэ экосистем бий болох тооцоолол гарсан.

Сонгон шалгаруулалтыг нээх үеэр “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн нэг Сэлбэ хот төсөл нь хүн амыг орон сууцжуулах, төвлөрлийг сааруулах, тав тухтай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар төслийн нийт ажлын гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Төслийн ажлууд нийгмийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ, нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Сэлбэ хотын газрыг 2024 онд эрчимтэй чөлөөлж, нийт 113 блок барилгын ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжийн орон сууц 2027 оны тавдугаар сард ашиглалтад орно. Орон сууцны дундаж м.кв 61.72 байна. Нийт 8575 мянган өрх амьдрах боломжтой цогц хорооллыг барина. Бидний санал болгож байгаа эхний 15 бүсэд 12 бүс нь олон нийтийн бүс, 3 бүс нь амины сууцаас бүрдэнэ. Олон нийтийн бүс 27.69 га талбай, амины сууцны бүс 15.17 га талбайг хамарч байна. Нийт газар чөлөөлөлт 94.7 хувьтай байна. Цахилгаан, дулаан, ус хангамжийн эх үүсвэрээ хамтад нь шийдээд явна. Сэлбэ хотын бүтээн байгуулалттай түгжрэлийг бууруулах Тойрог замын төсөл мөн уялдаж явж байгааг дуулгахад таатай байна. Www.selbecity.mn вэб сайтын “Олон нийтийн бүс” цэсэд сонгон шалгаруулалтын талаар бүх мэдээллийг нээлттэй байршуулсан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Тиймээс барилгын салбарын бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчдаа дэмжихэд нээлттэй хамтарч ажиллана. Бид ажлын өдөр, амралтын өдөр гэхгүйгээр танд шаардлагатай цагт тохируулан мэдээллээ хуваалцан ажиллах болно” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.