2008 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 31-нийг Монголын Иргэний нийгмийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жилийн хувьд Монголын залуучуудын эвсэл болон бусад иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ сарын 26-наас 31-нийг хүртэл өдөр бүр нэг арга хэмжээ зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу даваа гарагийн хувьд өнгөрөгч онд иргэний нийгмийн салбарт болсон онцлох үйл явдал, арга хэмжээг танилцуулсан видеог цахим сувгуудаар цацаж олон нийтэд хүргэх юм байна. Тэгвэл мягмар гарагт төсөвт иргэдийн оролцоог хангахад чиглэсэн “Хот ба төсөв” нэртэй олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Нэгдүгээр сарын 28-ны лхагва гарагт иргэний нийгмийн эрх зүйн орчны талаарх дугуй ширээний хэлэлцүүлэг явагдах бол пүрэв гарагт “Impact Lab” - залуусын санаачилга иргэний нийгмийн нэг хэсэг болох нь өдөрлөг бий. Та энд хүрэлцэн ирж шинэ үеийн залуусын нийгмийн нөлөөлөл, ижил сонирхолтой хүмүүс, байгууллагуудтай холбогдох, өөрийн санаа, оролцоогоо дараагийн шатанд гаргах урам зориг авах болно гэж зохион байгуулагчид онцолжээ.
Нэгдүгээр сарын 30-ны баасан гарагт Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын залуучуудын эвсэл хамтран “Хөгжлийн төлөөх түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье” чуулганыг зохион байгуулах юм байна.
Та эдгээр арга хэмжээнд оролцохыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.