UBLife Logo
Ярилцлага

Б.Оюунчимэг: Бид өөрсдийн мэддэг түүхээ хуваалцаж байхгүй бол жинхэнэ үнэн бүдгэрч алга болчих гээд байна  

Б.Оюунчимэг: Бид өөрсдийн мэддэг түүхээ хуваалцаж байхгүй бол жинхэнэ үнэн бүдгэрч алга болчих гээд байна  

Сэтгүүлч Б.Оюунчимэгийн “Үлдэх Зориг” баримтат кино нээлт 2026 оны 4-р сарын 20-нд “Корпорейт Конвейшн Центр”-т болох гэж байна. Ганцхан удаа л өргөн дэлгэцээр үзэж боломж гарах нь. Түүнтэй шинэхэн бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Жил бүрийн 4.20-нд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Харин та энэ удаа үүнээс ч илүү бэлэгтэй байгаа тухай сонслоо. Баримтат кино бүтээх санаа анх юунаас эхэлж таныг хатгав? 

-Гунигтай нь, энэ бодол тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-ноос төрсөн гэж хэлж болно. Тухайн үед би 25-р суваг телевизийн “Саарал ордноор сонин юу байна” нэвтрүүлэг хийдэг, парламентын сурвалжлагч байлаа. Нас барахынх нь урд өдөр бид хоёр Төрийн ордны шатан дээр таараад, ярилцлага авах хүсэлт тавихад даваа гаригт болъё гээд хойшлуулсан. С.Зориг агсныг тэгэхэд “Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь тодорхой болж байх шиг байна” гэсэн яриа хүмүүсийн амнаас сонсогдож, их л хөл хөдөлгөөнтэй өдөр өнгөрсөн юм даг. Би дотроо “За ийм цаг үед надтай даваа гаригт уулзана гэдэг худлаа л байх, гэхдээ заавал ярилцлага хийх юм шүү” гэж бодоод өнгөрсөн. Харамсалтай нь маргааш нь тэр алагдсан. 

Тэр цагаас хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 2-нд дурсамж нэвтрүүлэг хийдэг байлаа. Тэгэхдээ нэг л хэдэн зураг, хальсанд үлдсэн цөөн яриагаа тасалж гаргасаар, сүүлдээ ч больсон. Гэхдээ түүний тухай материал сэлтийг цуглуулаад л байсан. Тэгээд харин ноднин л энэ бүгдийгээ  цэгцэлж, түүнийг сайн мэддэг, дурсамж нь сэтгэлд нь бөхөөгүй хүмүүстэй уулзаж, нэг баримтат кино хийе гэж шийдсэн минь энэ. 

-Үнэн гэдэг зүйл аюулд орсон цаг үед бид амьдарч байна. Хиймэл, худал дунд сарнисаар байгаа нэг үнэн бол С.Зориг агсны бодит амьдрал, үзэл санаа. Бидний мэддэг юм шиг хэрнээ, мэддэггүй энэ хүний тухай хэтийдсэн магтаал, хэтийдсэн худал явсаар бодит хүн маань зохиолын баатар шиг болох вий гэсэн болгоомжлол ч төрдөг. Энэ талаар та юу гэж бодож байна? 

-Шалтгаан нь юу гээч? Тэр аймшигт хэргийн учир бүрэн дүүрэн тайлагдаагүй явсаар өдий хүрсэнд байгаа юм. Хүмүүс таамаглаж бодож байгаагаа л хуваалцахаас цаашгүй болохоор   зөвхөн сэтгэгдлүүд л мэдээллийн орон зайд байсаар ирж. Хэргийг мөрдөн шалгаж байсан олон ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж байх үед бол ихэнх нь болгоомжлоод дуугүй байхыг илүүд үзсэн ч байх.Тэгтэл энэ дунд, чиний хэлснээр түүнийг зохиолын баатар, бүр супермен шиг хүн байсан гэхээсээ илүү Зориг гэдэг хүний үнэн мөн чанар, бодит байдал нь мартагдаж байна л даа. Ярихгүй юм чинь.

Ер нь Ардчилсан хөдөлгөөн үүсэж, үйл ажиллагаагаараа нийгмийн тогтолцоог өөрчилж чадсан тэр цаг үе бол  бидний үеийнхний залуу насны түүх. 

Төвийн нэгэн сонины сурвалжлагч байсан би л гэхэд оролцогч биш мөртөө хамгийн идэвхтэй ажиглагч, үйл явдлын гэрч байхгүй юу даа. Тэгэхээр бидний мэдэж байгаа юм түүхийн баримт болох юм бол, үнэнийг ярьж үлдээх хэрэгтэй.  

-Баримтат киногоо бүтээхдээ таны өөртөө амласан, баримталсан гол зарчмууд юу байсан бэ?

-Би түүний аллага, одоо ч энэ улс төрийн тоглоом болгон ашиглаад байгаа гэмт хэргийн тухай дуугарахгүй гэж л шийдсэн. Угаасаа мэдэх ч үгүй юм чинь. Тэгээд улс төрийн “У” үсэггүй, аллагын талаарх “А” үсэггүйгээр баримтат киногоо хийх гэж л зорьсон. 

Нөгөө талаас өнөөдрийн залуу үеийнхэнд “Өө, Зориг гэдэг чинь ийм хүн байж” гэдгийг бодитой, үнэн ойлгоход нь жаахан ч болов тус нэмэр болох сон гэж хичээсэн. 

-Кинод оролцож, яриа өгөх зочдыг сонгохдоо та ямар бодлого барьсан бэ. Сонин, содон хүмүүс хэн байв?  

-Эхэнд нь би нэг юм хэлчихье. Баримтат кино хийж байгаагаа дуулгаад би их олон хүнд хандсан. Тэгсэн чинь, нэлээд нь  ямар нэг байдлаар зайлсхийж, ярилцлага өгөхийг хүсээгүй. Би тэднийг ойлгож байгаа. Зоригийн амийг хөнөөсөн энэ гэмт хэрэг шийдэгдэхгүй удаж, хэтэрхий томроод, ашиг сонирхлын зөрчлийн хэрэглүүр, бүр гүтгэлэг, хагарлын “алим” болчихсоноос л тэр шүү дээ. Тийм болохоор ерөөсөө би бүгдийг гүйцээж, бүх хүнтэй уулзаж чадахгүйгээс хойш ямартай ч хийе гээд л эхэлсэн. Энэ дунд миний хэрэг гарган хөөцөлдөж байж уулзсан  хэд хэдэн содон хүн байгаагийн нэг нь Японы сэтгүүлч, зохиолч Кудо Миёоко. Тухайн үед 40 орчим настай байсан тэр эмэгтэй социалист орнуудад гарч буй ардчиллын үйл явцыг сурвалжилж байсан юм билээ. Тэр Монголд хоёр, гурван ч удаа ирээд “Улаанбаатар зочид буудал” нэртэй ном бичсэн. Монголын ардчилсан хувьсгалын үйл явцын тухай өгүүлсэн маш сонирхолтой бүтээл. Тэр маш олон хүнтэй уулзсаны нэг нь С.Зориг. Хоёр дахь нь бол “Time” сэтгүүлийн сэтгүүлч Жеми Флоркруз. Монголоос дэлхийн алдарт “Time” сэтгүүлийн хуудаснаа өөрийн зурагтайгаа өгүүлэл бичүүлсэн анхны бөгөөд одоохондоо цорын ганц хүн нь С.Зориг шүү дээ. Энэ өгүүллийг бичсэн сэтгүүлч одоо БНФУ-аас БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа. 

Ардчилсан хувьсгалын удирдагч, хорин хэдхэн настай С.Зоригтой ойрхон уулзаж, ярилцсан гаднын сэтгүүлчдийн бодол сэтгэгдэл надад сонин байсан. Тэр үеийн гоё зургуудыг ч олж авсан. 

Одоо энэ бүтээлийг барилга гэж үзэх юм бол гол дизайн, бас карказыг нь бий болгосон хүний тухай хэлье. Энэ бол яруу найрагч Б.Батзаяа. Огт санамсаргүй олж авсан “эрдэнэ” гэж бид хоорондоо ярьдаг юм. Тэр эрдэнэ нь түүний “Надаас нэг ах хүнд” гэдэг шүлэг нь. Үзсэн хүн ойлгоно оо. Би илүү их юм ярихгүй. Spoiler хэрэггүй тийм ээ…

-Та бол баримттай ажилладаг сэтгүүлч хүн. Баримтад тулгуурлаж маш олон ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэсэн. Харин баримт гэдэг дээр кино гэх үг нэмэгдэхээр хэр өөр ажил болдог юм байна, таныг энэ ажил хэрхэн сорив? 

-Би өмнө нь морин хийл тоглодог нэг хүүгийн тухай баримтат кино хийж байсан л даа. Баримтат нэвтрүүлэг бол зөндөөг л хийж. Гэтэл энэ нь баримтат киноноос нэг их ялгаагүй байх гэсэн чинь аймаар том ялгаатай байжээ. Үнэндээ өөрийгөө их голж байна аа. 

Би бүх насаараа зөвхөн асуулт л бодож амьдарсан юм байна. Энэ баримтын талаар тэгж тодруулна, түүнээс ингэж асууна гэж л… Азаар баримтат киноны багийнхан маань миний цуглуулсан, эмх замбараагүй олон юм дундаас шигтгээ, сувдыг нь олох ажлыг сайн хийсэн. Шинээр ч бас олон зүйл олсон. Баримт чухал гэж би дандаа боддог байсан мөртлөө тэдгээрийг эрэмбэлэх, ангилан ялгах тал дээр муу байжээ. Тийм учраас цаг их авсан. За асуултад чинь товчоор хариулбал, баримтат кино гэдэг их өөр, их хэцүү ажил байдаг юм байна шүү (инээв).

-Талийгаач нас барахаасаа өмнөх өдөр уулзаж, ярилцлагад урьж байсан тухай та дээр хэлсэн. Сэтгүүлчийнхээ хувиар та түүнтэй хэдэн удаа уулзаж, тухайн үед ямар сэтгэгдэлтэй үлдэж байсан тухайгаа дурсаач? 

-Бид хоёр нэг үеийн оюутнууд. Би Ленинградад, С.Зориг болохоор Москвагийн их сургуулийг төгссөн. Төгсөж ирээд бид гэр бүлийн, ойр дотнын найзууд болсон. Тэр надаас хоёр дүү хэрнээ маш их юм мэддэг, спортын олон төрлөөр тоглоно гээд л юм юманд гаажтай. Үргэлж л юмсыг сонин, өөр өнцгөөс харчихсан, өвөрмөц дүгнэлт гаргачихсан явж байдаг.  Их сониуч, их юм уншдаг, мэддэг хүн байсан. 

Намайг телевизэд сурвалжлагчаар ороод ажиллах үед Зориг Ардчилсан холбооны үйл хэрэгт зүтгэж байлаа. Би ч найзын хувиар ярилцлагад урьж, нэвтрүүлэг хийлээ. Тэгсэн чинь ярилцлагынхаа үеэр олон удаа “Чи… чи…” гэж ярьсан хэргээр даргадаа загнуулсан. Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчтай “чи” гэж ярьдаг хэн бэ гээд л… Тэр олон “чи”-гээ хассаар одоо та нар сайн үзвэл дүрс, ярианууд түг таг гээд үсэрсэн хэсэг олон бий. С.Зориг их наргианч, үргэлж л хошин юм ярьж инээлгэдэг. Бидний анхны ярилцлага ч тэр хэрээр наргиантай, халуун дулаан, дотно, өөдрөг болж байсан. Дараа нь харин 1991 онд одоогийн Тэнгис кино театрын гадаа суугаад дахин ярилцахад тэр их “өөр хүн” болчихсон байсан. Улс эх орныхоо тухай маш ихийг бодож, шаналсан хүний дүнсгэрдүү яриа. Тухайн үед би анзаараагүй хэрнээ одоо эргээд үзэхэд маш ноцтой зүйлсийн талаар ярьсан байдаг. 

Гэрэл зургийг Г.Ананд.

-Хувийн архивуудаа уудалж, ярилцлагуудаа энэ цаг үед эргээд харахад танд цоо шинээр бодогдож, харагдсан зүйлс юу байв? 

-Шууд л “Зориг чинь дата аналист хүн байж шүү дээ” гэдэг бодол төрсөн дөө. Дандаа шинжлэх ухааны үндэстэйгээр юмсыг дүгнэж, гаргалгаа гаргадаг хүн байсан юм байна гэдгийг тод анзаарлаа. Түүнийг тодорхойлдог тулхтай, нуруутай улстөрч, эх орныхоо төлөө халуун сэтгэлээ зориулсан гэх үгс өнгөцхөн тодорхойлолт байж. Тэр олон хүнтэй уулздаг, сонсоод л бодоод л суудаг. 1990 онд хийсэн ярилцлагынхаа үеэр би “Чи ер нь цагандаа их харам болчихжээ…” гэхэд тэр “Тэгж санагдаж байна уу” гэж гайхширсныг нь санаж байна. Тэгээд “Ямар үед цагаа их харамлаж байна даа?” гэхэд “Удаан ярьдаг хүнтэй уулзахад” гэж хариулж билээ. Хүний ярианаас чухлыг нь олж үлдээхэд үнэхээр их цагаа зардаг байсан байгаа юм. Энэ хоёр чанарыг нь цоо шинээр нээсэн юм шиг санагдаж байна. 

-Одоогийн залууст түүнтэй ярилцлага хийсэн хүн гэхээр уулзахад өмссөн хувцас, захиалсан кофе, ширээн дээрээ тавьсан жижиг дурсгал ч шинэхэн, соньхон санагдана. Ярилцлагын гадуурх хөгжилтэй, эсвэл сэтгэлд ойр дурсамж гэвэл танд юу санаанд орж байна вэ? 

-Тэр бүр тасралтгүй суралцахын төлөө төрчихсөн хүн байсан юм шиг. Бас тасралтгүй тамхиа татна. Тэгж тамхи татахдаа их цэмцгэр. Өрөө нь гэхэд, хэзээ завандаа уншиж хардаг юм бол гэмээр асар их ном, сэтгүүлээр дүүрээд, өөрөө хийсэн болов уу гэмээр модон тавиурууд нь хотойчихсон л байдаг сан. За тэгтэл нэг ярилцаж байхдаа “Чи сүүлд ямар ном уншив?” гэхэд “Сомерсет Моэмын бүтээлүүд надад ойрд их таалагдаад байгаа…” гэж хариулсан. Гадаадын уран зохиолын хичээлд удаан хугацаанд сууж, олон шалгалт өгч байсан би тэгсэн чинь нэрнээс нь цааш хэлэх бүтээлийн нэргүй байвал яах уу…Ичих ч шиг, дотор хачин оргиод, дараа нь өөрийнхөө хэмжээнд уншиж эхэлсэн. Тэгээд Зориг түүний бүтээлд яагаад дуртай болсныг ойлгох шиг болсон. “Чувство приличия” (A Sense of proportion) гэдэг богино өгүүллэг нь хүн чанар, ёс суртахууны тухай хөндсөн алдартай бүтээл. Тэгээд л би энэ мэт бүтээлүүд нь мань эрд их нөлөөлсөн юм байна даа гэж дотроо бодсон. 

-Ямар дуунд дуртай вэ гэж асуухад тань юу гэж хариулсан гэлээ? 

-Тухайн үед ардын дуунууд их сонсож, уртын дуунд дуртай болж байна гэж хариулж байсан. Бас Pink Flyod-ийн “The Wall” цомогт хүчтэй татагдаж байна гэж байсан. Энэ цомогт хүн төрөлхтөн хаанаас эхэлж, хаа хүрэх юм гэдэг бүхлээрээ багтжээ гэж ирээд л ярьсан санагдана.  

-С.Зориг агсан одоо ч бохир улс төрд ашиглагдаж, зохиолынх нь нэг хэсэг болсоор байна. Сэтгүүлчээс гадна хувь хүнийхээ хувьд энэ бүхнийг хөндлөнгөөс харах танд ямар байдаг вэ? 

-Хэцүү. Өнөөдөр нийгмийн сүлжээнд хүн болгон дуртайгаа ярьж бичиж, хүн бүр автор болчихсон энэ үед би дунд нь ороод “Та нар баримт нотолгоотой юм яриач” гэж хэлээд байх хэцүү. Бид хүссэн хүсээгүй аль ч нийгмийн пропаганда дунд амьдардаг юм байна. Энийгээ савнаас нь халиулах уу, үгүй юу гэдгийг ёс суртахуун гээч нь шийддэг байх нь гэж бодох болсон. Худлаа гэдгийг нь мэдсээр байж, цааш нь баярлан түгээж байгаа хүний ёс суртахуунтай би юу ярих билээ дээ. Зүгээр л сэтгэл өвддөг. 

-Сошиалд байгаа хувь хүмүүсийн тухайд бол тийм байж. Ер нь С.Зоригийн талаарх сэтгүүлчдийн ном энэ тэр байдаг юм уу?

-Огт байхгүй гэж болохгүй юм билээ. Түүнийг нас барсны дараахан зохиолч Чойжилсүрэн гуайн бичсэн нимгэхээн ном байдаг. Тэр ер нь анхны ном байх. Чойжилсүрэн гуайтай ойр дотно байсан юм билээ. Фото альбом дотор нь “Чойжилсүрэн гуайн зуслан дээр” гэсэн бичигтэй зургууд байдаг. Гэхдээ чиний түрүүн хэлж байсан шиг, улс төрийн тоглоом, хэрэгсэл болгох зорилгоор бичсэн нь илүү. Улс төрч хүмүүс ч том зузаан ном гаргасан байх шиг. Нөгөө л гэмт хэрэгтэй холбоотой баахан баримт энэ тэрийг нь дурдаад. Бас л сонгуулийн үеэр л гаргасан юм шиг байгаа юм. Гэхдээ сүүлд Монсудар хэвлэлийн газраас Зоригийн тухай хүүхдэд зориулсан маш хөөрхөн зурагт ном гаргасан байна билээ. Ингээд цаашдаа ганцхан Зоригийн тухай биш, онцгой үйл явдал, хувь хүмүүсийн тухай үнэн бодитой чухал номууд гарна л даа. Гарч ч байна. 

-Одоогийн сэтгүүл зүй, сэтгүүлч сурвалжлагчдын ёс зүй энэ тэр бол та бид 2-ын энэ удаагийн ярианы сэдэв биш л дээ. Гэхдээ та түүхэн хүний тухай ойлголт мэдээллийг үнэн байгаасай гэж хүсээд “Үлдэх Зориг” гэдэг баримтат кино хийсэн болохоор… 

-Сэтгүүлч байхын утга учир бол болж буй үйл явдлыг байгаагаар нь, ямар ч хувийн үзэл бодол, эмоцигүйгээр дамжуулах. Энэ бол зарчим болоод үүрэг. Хэдхэн минутын ярилцлага ч түүхийн баримт болно. Мушгиж тайлбарлаад, буруу өнгө нэмсэн бүхэн түүхийг гажуудуулж байгаа хэрэг. Дараа нь харин түүхчид энэ баримт дээр үндэслэн түүхийн үйл явдалд өгөх анализ дүгнэлтээ хийгээд явдаг. Тэгэхээр үнэн байх үүрэг. 

Сэтгүүлч, улс төрч хоёр надад зарим талаар адилхан санагддаг. Тэдний хувьд бүдүүлэг байх, зоригтой байх хоёрын зааг их ойрхон. Гэтэл С.Зориг гэдэг хүн хорин хэдхэн наснаасаа улс төрд байхдаа зоригтой байхын тухай дандаа ярьдаг байсан. Улс төр, үзэл санааны  олон зөрчилдөөнд, хагарал тэмцэлдээний дунд явахдаа хэзээ ч хэн нэгэнд бүдүүлэг үг хэлж, хараал тавьж, хашхиран уурлаж (хүн цохиод авах тухай бүр ярих ч хэрэггүй) өөрөөр хэлбэл, ёс суртахууны хил хязгаарыг давж байгаагүй хүн байхгүй юу. Тэр үеийн сэтгүүлчид ч улс төрч рүү хашхирч загнаад, микрофон бариад араас нь элдэж хөөдөггүй л байсан. Аль аль нь тэр нүдэнд харагддаггүй  хил хязгаарыг давдаггүй байж. 

Гэтэл одоо цаг үе худал, хиймэл бүхэн толгой дээр гарчих гээд байна. Энэ киногоо хурдхан дуусгая гэсэн нэг шалтгаан бол тун удахгүй хэн нэгэн С.Зоригийг хиймэл оюун ухаанаар амилуулаад, яриагүй зүйлийг нь хэлүүлээд, худлаа юмс гарчих вий гэж би айх болсон. Түүний огт хэлж байгаагүй үгсийг ч зургийнх нь дор тавиад түгээж байна шүү дээ одоо.

-Хэлсэн үгс гэснээс “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх алдарт үгийг нь та дүүдээ бичсэн захидлаас нь онцлон олж, нэвтрүүлгээ анх нэрлэж байсан гэсэн үнэн үү? 

-Тийм ээ, дээр хэлсэнчлэн би нас барсных нь дараа дурсамж нэвтрүүлгүүд хийдэг байсан. Нэг удаа ээлжит нэвтрүүлгээ бэлтгэж байхдаа түүний захидлуудыг жинхэнэ эхээр нь уншиж байгаад энэ үгийг олж харсан. Тэр захидалдаа өөрийгөө регби тоглож байхдаа шүдээ цөмлөчихсөн байгаагаар зураад, 22 настай залуу өөрөөс нь хоёр насаар дүү Оюундаа “...Махны үнэ ахиад л өссөн гэнэ. Жилийн жилд л ийм байх юм. Улсаа ядаж Японоо больё гэхэд Унгар шиг хөгжилд дэвшилд хүргэх юм сан. Чи англи хэлээ сайн сураарай, би ч гэсэн суралцъя гэж бодож байна…” гэснээ үргэлжлүүлээд “...Гэхдээ” гэж байгаад “Гэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн бичсэн байсан. Би тухайн үед энэ үгээр нь нэвтрүүлгээ анх нэрлэж байлаа. Энэ үг хүмүүст их сайн хүрч, түгсэнд дотроо баярлаж явдаг. 

-Кино бүтээх багаа сонгохдоо та яаж хандсан бэ. Кино бүтээх үйл явцын талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна? 

-Яг үнэндээ олон баг байгаад тэндээс сонголт энэ тэр хийгээгүй. Олон жилийг телевизийн дэнж дээрээ хамт өнгөрөөсөн, хамтдаа олон ажлын ард гарч байсан гурван эмэгтэйтэйгээ л ярьж байгаад эхэлсэн. Найруулагч Л.Ариунжаргал, сэтгүүлч, редактор Д.Туул, Н.Байгалмаа гурав маань. Зураглаач маань бол миний анхны баримтат кинонд хамт ажилласан Г.Булгантамир. Анхны санаа нь нэг хүнээс гардаг ч хийх болохоороо, баримтат кино гэдэг маш олон хүнээс шалтгаалдаг. Тэр дунд хувийн үзэл бодлууд зөрчилдөнө. Заримдаа хэрэлдэнэ. Ганц үгийг оруулах, оруулахгүй дээр хэдэн цагийн ажил болно. Би тэдэндээ маш их баярлаж байгаа. Хатуу үг, заримдаа тэнэг шаардлагыг маань ойлгож, ойлгуулж байсанд нь, цаг заваа, хамаг сэтгэл зүрхээ зориулсанд нь... Үйл явц гэхээр юу гэж хэлмээр юм бэ дээ. Их удаан ажиллалаа. Сэдэв нь эмзэг байснаас тэр юм уу даа.  

-Энэ кино монголчуудад, тэр дундаа залууст С.Зориг гэдэг хүнийг илүү үнэн, ойр дотно, бодитоор танилцуулна гэж итгэж байна. Энэ киноноос залуус юуг илүү ойлгож, анзаарч, анхаарч хараасай гэж та хүсэж байна вэ? 

-Зориг чинь улс төрд удаагүй. 1989 онд ороод, 1998 онд хорвоогоос хальсан. 36-хан настай байж. Өнөөдрийн залуус эндээс өөрсдийгөө олж хараасай гэж хүссэн. Тэр супер баатар, ер бишийн онцгой нэгэн ерөөсөө ч биш. Надтай, чамтай, киног маань үзэж суугаа залуутай яг л адилхан хүн. Зөвөөр харж чадвал түүний байнга хэлдэг байсан “зориг” дотор нь сэргэх болов уу. 

Би киногоо хийх явцдаа тэр олон дүрс бичлэг, зургуудыг харж суухдаа өөрийн үеийнхнээрээ бас их бахархаж байлаа. Сэгсгэр малгайгаа өмсөөд өвлийн хүйтэнд талбай дээр зориг, итгэлээ нэгтгэн зогсож байсан тэр нэг залуугийн ард ардчиллын түүх бий. Гэтэл нийгмийн өөрчлөлтийн төлөөх тэр хөдөлгөөнд хэдэн зуун мянгаараа оролцож байлаа. Тэр үеийн зургуудыг сайн харвал одоогийн залуусын аав, ээж, эмээ өвөө нь тэнд байгаа. 

С.Зоригийн хөшөөн дээр жилд хоёр удаа цэцэг өргөдөг. Энэ үеэр хамгийн гоё хувцсаа өмсөөд ирдэг ахмадуудыг би одоо бүр таньдаг болсон. Хамт жагсаалд оролцож байсан хэдээрээ цуглаад нэг бужигнаж аваад, тараад 100 грамм татаад салдаг тэр л хөгшчүүл…Хүндэтгэж хайрламаар өнөөдрийн настайчууд. Бид өөрсдийн мэддэг түүхээ, сайн сайхнаа үнэнээр нь хуваалцаж, түгээж байхгүй бол бүдгэрээд алга болчих гээд байх шиг. 

-С.Зориг таныхаар underrated хүн үү, overrated хүн үү? 

-Чи намайг баримттай ажилладаг хүн гээд дөнгөж сая хэлсэн шүү дээ. Тэгэхээр шууд дүгнэхэд хэцүү. Харин өөрийн цуглуулсан эх сурвалжууд, баримтууд дээрээ тулгуурлаад хариулаадах гэвэл, тухайн үеийн түүхэн нөхцөл байдал, үзэл санааны өнцгөөс нь харвал дутуу үнэлэгдсэн нь үнэн. Одоо л энэ киногоор философич бас үзэл санааны удирдагч гэдгээр нь харж чадах нь уу л гэхээс. Хэрэв улс төрийн албан тушаалд дуртай хүн бол сонгууль болох гэж байхад ардчиллын замыг сонгосон манайх шиг улсуудын алдаа оноог харж, судалгаа хийх гээд гадагшаа явах уу? Нийгмийн ёс зүй гэж энэ. Бас хувь хүний хэм хэмжээ гээд аваад үзвэл маш энгийн амьдралтай байсныг найзынх нь “...Өнгөрснөөс нь хойш үлдсэн юм гэвэл хэдэн костюм, хэдэн зангиа л бий” гэдэг үг баталчхаж байгаа юм. Бас хэрэв Зориг байсан бол гэж бүх хүн ярьсан. Тэр өнцгөөр нь тайлбарлавал, талцаж, дотроо зодолдож байгаа энэ цаг үед саруул ухаантай байхыг, бас нөгөө зөвшилцлийн онол хамгийн их дутагдаж байгааг бид ойлгож байна. Тэгэхээр танай уншигчид “Үлдэх Зориг”-ийг маань үзээд underrated хүн үү, overrated үү гэдэг асуултад чинь миний өмнөөс хариулт өгөх байх…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна