UBLife Logo
Сэтгэл судлал

"Хортой дэмжлэг" буюу бусдын сэтгэлийг өргөх гэж хэт хичээхийн 9 сул тал

"Хортой дэмжлэг" буюу бусдын сэтгэлийг өргөх гэж хэт хичээхийн 9 сул тал

Бид хортой харилцааны тухай нэлээдгүй сонссон. Харин хортой дэмжлэг (Toxic Support) бол тэр болгон танигдаагүй ч бидний дунд байдаг бас л нэгэн хэцүү асуудлуудын нэг юм. Эдгээр зургийг уран бүтээлч Yuliya Osyka зуржээ.

1. Наадах чинь тийм ноцтой биш ээ, чи зүгээр л анхаарал халамж хүсээд байгаа юм.

Сэтгэл гутрал, хүнд хэцүү мэдрэмжтэйгээ тэмцэлдэж байгаа хүмүүсийг бусад хүн сэтгэлээр дэмжиж, өргөх гэх үедээ жинхэнэ асуудлыг нь "Наадах чинь тийм хэцүү, ноцтой юм биш ээ. Хэсэг хугацааных" гэх мэтээр зөөллөж, тэр хүний анхаарлыг сулруулж, асуудал улам чимээгүй томрох шалтгаан болдог. Асуудлыг анхаарахгүй өнгөрөх шалтгаан болгодог энэ мэт "дэмжлэг" тухайн хүндээ хортой байдаг.

2. Чи ямар байлаа даа! Алив ээ, ийм байх аа болиод хуучин шигээ л бай л даа.

Энэ мэт үгээр асуудалд байгаа хүмүүс хуурамч зан байдал гаргаж, багны ард нуугдаж эхэлдэг. Тэд зүгээр биш байгаа ч өмнөх шигээ байх гэж хичээж, тэр үеийн өөрийгөө л "Энэ би байсан юм байна" хэмээн итгэж, асуудлаа нууж, үл тоож эхэлдэг.

3. "Бүр долоон дор байж болох л байсан шүү дээ!"

Илүү муу байж болох байсан гэх үгээр одоогийн хүнд хэцүү байдлаа зөөллөн бодох нь өөрчлөлт хийх эрчийг ч бууруулдаг байна. Ингэснээр таагүй, онцгүй байдалдаа дасаж, байж болох зүйл мэт бодох ч эрсдэлтэй юм.

4. Чи олон хүнийг бодвол сайхан амьдардаг шүү! Юу дутсан гэж...

"Юугаар ч дутаахгүй өсгөсөн, яачхаад байгаа юм" гэдэг үгээр маш олон эцэг эх хүүхдээ мухардалд оруулж, хэцүү байдалд үлдээдэг. Илүү хэцүү байгаа хүмүүсийн жишээг татаж, өөрийг нь "жаргалтай" байгаа хэмээн итгүүлэх гэж оролдох нь тулгараад буй асуудлыг тэр чигт нь үлдээх, асуудлаа үл тоон дордуулах эрсдэлтэй. Ямар ч сайхан амьдралтай, "дутах зүйлгүй" гэж харагддаг хүнд асуудал тохиож болдог.

5. Өөдрөг бай!

Заавал өөдрөг, цоглог, бүх зүйлд эрч хүчтэй байх ёстой гэж хүмүүсийг шахдаг нийгэм хортой байдаг. Ямар ч хүнд зүйл тохиолдсон инээх ёстой, мартах ёстой хэмээн хүмүүсийг шахаж, хүчээр худал инээмсэглүүлэх нь бүх асуудлыг засчихлаа гэсэн үг огт биш. Энэ бол харин ч анзаарах ёстой бүхнийг нууж буй хэлбэр юм.

6. Чи арай хэтрүүлээд байгаа юм биш үү. Арай дэвэргээд байна!

Тэр хүнд яаж тусаж байгааг, юу мэдрэгдэж байгааг мэдэхгүй байж хэтрүүлэн аашилж байна, нээх сүртэй асуудал биш байна шүү дээ гэх нь буруу. Тэр хүний дотор юу болж байгааг мэдэхгүй байж хүмүүсийг хэтрүүлэн аашиллаа, жүжиглэлээ, дэвэргэж байна гэх нь тухайн хүнийг улам л хэцүү байдалд оруулдаг.

7. Байгаа зүйлдээ баярлаж, сэтгэл хангалуун байж сур!

Мэдээж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь чухал ч гэлээ сэтгэлзүйн хүнд хэцүү байдалд орсон хүн тийм байх нь хүндрэлтэй. Яг тэр мөчид бүх зүйл хэрэггүй, дургүй хүргэм, аймшигтай, бачимдмаар санагдаж, бусад бүх зүйлийг сайхнаар харахад бэрх байдаг. Гэтэл хэн нэгэн хүн үргэлж ийн хэлээд байвал яаж ч хичээгээд чадахгүй байгаа тэр хүний хувьд дарамт болох болно.

8. Өөрийгөө л бодоод байгаа юм биш үү?

Бусдыг бодсонгүй, тэр хүмүүст хэцүү байна, чамаас болоод... Хэцүү байдалд байгаа хүн өөрийгөө яаж анагаах вэ, асуудлаа яаж шийдэх вэ гэж биш бусдад санаа зовсоор, бусдын ая талыг харсаар асуудалдаа улам живэх болно. Бидэнд заримдаа зөвхөн өөрийгөө л бодох ёстой үе байдаг.

9. Гомдоллохоо боль.

Өөрт нь ямар асуудал байгааг мэдэх хэдий ч, бусадтай ярилцаж онгойлгомоор байвч энэ үгнээс болоод чадахгүй тохиолдол их. Хэрэв асуудлаа дэлгэвэл чи гонгиносон, ядаргаатай нэгэн мэт харагдаж, "Энэ сүртэй зүйл биш" гэх үгийг их сонсоно. "Наадах чинь юу ч биш!" гэх хандлага гаргадаг хүмүүсээс болоод асуудаа дэлгэн ярих хүмүүс багасдаг.

Энэ мэт маш олон жишээг дурдаж болох юм. Мэдээж хүнд хэцүү байгаа нэгнээ дэмжиж, өргөх нь чухал, хэрэгтэй зүйл мөн боловч та тэр хүнд ямар асуудал тулгараад буйг бүрэн ойлгоогүй цагтаа зөвлөгөө өгөх гэж битгий яараарай! Тэр хүнийг сонсох нь хамгийн том дэмжлэг болох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна