Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дотор хүний үгс | Гунигтай ч гэсэн, КОВИД чамд баярлалаа


2020 оны гуравдугаар сарын 11. Энэ өдөр би 24 нас хүрч, найзуудтайгаа уулзаж, хүслээ шивнэж, тун удалгүй жил тойрон ирэх төрсөн өдрөө хүлээн "25 хүрэхээсээ өмнө хийх 25 зүйл"-ийн жагсаалтаа гаргахаар догдлон зэхэж байв. 

2020 оны гуравдугаар сарын 10. Зурагтын нэвтрүүлгээр манай улсад Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл цацагдах нь тэр! Төрсөн өдөр, шивнэх хүсэл минь ч яамай. Эрүүл энх байж, гол нь эргэн тойрны хүмүүстээ эрсдэл дагуулахгүйн тулд бүх найзууддаа "цуцалсан" тухай гунигт мэдээгээ дуулгаснаар залуу насны нэгэн төрсөн өдөр тэгсхийгээд өнгөрөв. 

2021 оны зургадугаар сарын 25. "25 хүрэхээсээ өмнө хийх 25 зүйл"-ийн жагсаалт маань 30 нас хүртэл хойшлогдож, өндрөөс үсрэх, сэлж сурах, зөндөө их аялах, бүтээх мөрөөдлүүд минь хөргөгчин дэх хүнсээ өдөртөө хүргэх эгэл боргил хүслээр солигдов. Сайн сайхан хүмүүсийг олж уулзан "нийгэмших", найзуудтайгаа мартагдашгүй дурсамж бүтээх оргилуун хүсэл минь гарын хуруунд багтах дотны хэн нэг найз руугаа хааяа буу халахаар утас цохих энгийн дадал болов. "Магистрт сурахаар" хадгалж байсан хадгаламжийн цөөн төгрөгөө айхтар хөл хорионы үеэр гурил будаанд зарцуулсаар үрэн таран хийв. Ажилгүй үедээ аргаа барахдаа шинэвтэр номуудаасаа зарж, дүүрэн хүнс цуглуулахдаа "Ахиад авчих юм чинь" гэх бодлоор номын тавиураа аргадав. 

Энэ бүх хугацаанд ойрын хүмүүс минь өвдөж, "хэцүү нэрт"-д хэвтэж, тусгаарлагдаж, хайртай хүнээ алдаж, халуурч, ганцаардаж, уйлж, эдгэж, бас дурлаж, хаягдаж, гэрлэж, шинэхэн үрээ өлгийдөн авч, тусдаа гарч, үсээ тайрч ... юм юм л болж өнгөрөв. "Баярлалаа" гэж хэлэхэд нулимс асгарам даанч хэцүү 493 хүний амь нас... Эмнэлгийн орон дээр "маш хүнд" байдалтай хэвтэж буй хайртай хүмүүс шиг минь л 239 хүн... Гомдол, цөхрөлөө түрхэн "далд" хийгээд талархах зүйлээ бодоод үзье. Ковид минь, чамаас би юу сурлаа? 

Зүгээр л зуны нэгэн үдэш маскгүй алхаж, салхийг мэдрэх; найзтайгаа уулзаад чанга тэврэн хэлхэлдэн сэлгүүцэх; дөнгөж төрсөн дүү дээрээ санаа амар очоод үнэрийг нь мэдрэн үнсэх; гэртээ орж ирэнгүүт гүйн ирдэг дүү нараа шууд тэврэх; хамт олноороо ширээ тойрон суугаад хооллох гээд өмнө нь бидний анзаардаггүй байсан зүйлс ямар үнэ цэнтэй байсныг энэ хугацаанд л ойлгож авлаа. Одоо ойлгосон болохоор цаашид нандигнан хайрлаж чадах байхаа!  

Бидний хэн нэг нь хөл хорионы үеэр цомхотголд орж, хэн нэг нь ажлаасаа гарч, хэн нэгнийх нь саяхан нээсэн газар "дампуурч", хэн нэг нь цалингүй шахам хэдэн сар явсан л байх вий. Хөл хорионы эхэн үед 3 сарын цалингаа авч чадалгүй явсаар, тэрхэн үедээ "Яаж мөнгө олох вэ?" гэдгээс өөр зүйл боддоггүй байв. Хөргөгчиндөө нэг ширхэг талхнаас өөр зүйлгүй болтлоо бид 500 төгрөгийн хүч чадлыг ойлгож, хэмнэдэггүй юм билээ... 

Хүргэлт гэдэг чинь сайхан "эд" юм байна! Анхны үрээ өлгийдсөн найз дээрээ шуудхан гүйж очихыг би ямар их хүссэн гээч? Гэвч ахиад л "эрсдэл дагуулах вий" гэх айдсаасаа болоод шинэ хүнээ хараагүй л яваа. Гэхдээ хүргэлтээр ч болов тэдэндээ "сэтгэл" илгээж чадаж байгаа нь баярлууштай. Хамт байж чадахгүй ч хайраа үгээр, зурвасаар, үйлдлээр, сайхан үйлээр илэрхийлж болдог юм байна!

Эмч, сувилагч, цагдаа, онцгой гээд бидний анзаардаггүй "баатрууд" хэчнээн их вэ? Тэднийг танихгүй хүн гэж бодохоос илүү хэн нэг найз, ойрын хүнээ гэж бодоход л бидний хандлага хэчнээн өөрчлөгдөнө гээч? Надтай үе тэнгийн залуу сувилагч ч дуртай киногоо үзэж, гэртээ аюулгүй суухыг хүсч л байгаа даа? Гэтэл биднийг хөл хорионд гэртээ сууж байхад тэд ажилласаар, "чимээгүй" гэхдээ тасралтгүй хөдөлмөрлөсөөр л байсанд баярлууштай. 

Тиймээс тэдний өмнөөс "чанга" дуугарах хэрэгтэй!

"Ганцаараа байхдаа чи өөртөө бусдыг орло" гэх утгатай латин үгийг "Монтений эсээ"-ний "Ганцаардлын тухай" хэсгээс уншаад бичиж авсан нь энэ. 4 хананы дунд өөрөөсөө өөр юу ч үгүй, хэн ч үгүй, хэдэн сарыг үдсэний дараа хүн ингэж боддог юм билээ. Гэхдээ өмнө нь хэзээ ч олж харж чадахгүй ч байж мэдэх байсан өөртэйгөө танилцаж, уучилж, хараан зүхэж, баярлан бүжиглэж, уйтгарлаж, энэ бүхний эцэст буй байгаагаар нь хайрлахад сурч чадлаа.

Гунигтай ч гэсэн, баярлалаа! Ковид чамд...

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.06.18
Дотор хүний үгс | Хэрвээ чи минийх болвол ...
2
2021.06.01
Дотор хүний үгс | Үүрд хүүхдээрээ үлдэхийн тулд...
3
2021.05.08
Дотор хүний үгс | Одонд шивнэсэн хүсэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
9 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
14 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Байнгын уншигч 2021.07.01 103.212.118.71

Ямар гоё нийтлэл вээ. Энийг бичсэн Г.Сүрэн маш ухаалаг юм. Амжилт.

0 Хариулах