UBLife Logo
Дотор хүн

Хүүхэд нас, хагацал, дулааныг мэдрүүлэх 100 үгт "дулаан" түүхүүд

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүүхэд нас, хагацал, дулааныг мэдрүүлэх 100 үгт "дулаан" түүхүүд

"Том хүн болох нь биш хүүхэд байснаа мартах нь л аймар" хэмээн "Бяцхан хунтайж" зохиолд өгүүлдэг. Завгүй өнөөдрүүд, улам завгүй маргаашуудыг угтсаар бид өчигдөрт хувиран хоцрох хүүхэд нас, дулаахан дурсамж, эргэн харахыг хүлээн хуучин гэрэл зургийн цомогт уйдчихсан сууж буй өнөөх дүрсгүй жаалыг мартчихдаг. Тэр жаалыг эргэн нэг санаж, хүүхэд насныхаа нэгэн гэрэлтэй дулаахан, сэрүүхэн салхитай өдөр рүү эргэн очоод өнөөх жаалын өгүүлэх бяцхан түүхийг хамтдаа тэвчээртэй гэгч нь сонсох уу? 

Магадгүй таныг хайр, дулаан, хөнгөхөн гуниг, зүрх зүсэм өвдөлт тэврэн авах болно. Гэхдээ хамгийн хэцүү дурсамжаа ч бид уучлал, зөөлөн тэврэлтээр эдгээн, өөрийгөө болон тэднийг хайрлан чөлөөлж болдгийг бүү мартаарай... 

Аав минь гадаадад байдаг, их хатуу зарчимч, ухаалаг боловч хүйтэн хөндий, хүүхдүүдийнхээ боловсролд хамгийн их анхаардаг нэгэн байлаа. Аав ээж нь гадаадад байдаг хүүхдүүдэд амттан, тоглоом, хувцас ирдэг бол надад англи хэл дээрх олон зузаан ном ирдэг байв. Жаахан учраас чихэр, тоглоом явуулахгүйд нь гомдоно. Дэргэд байхгүйд нь гомдоно. Гомдол талархал үргэлжилсээр арван жил өнгөрөв. Аав ирэв. Бие нь хүндээр өвдөөд их удаан тэвчиж явснаас ирээд аравхан хоногийн дараа аав минь нас барсан юм. 49 дэх хоног дээр нь түүний ирж амжаагүй байсан газрын ачаа ирлээ. Тэр хайрцаг дотор багадаа авахыг мөн ч их хүсэж мөрөөддөг байсан хөөрхөн хүүхэлдэй, зөндөө чихэр, дэргэд нь "Охиндоо" гэж бичсэн захидал байсан юм... 

Хамгийн анхны амьд цэцгийг хүргэн ах минь өгч билээ. Эгч минь хүргэн ахыг ирэх дөхөх бүрт дуу аялаад л их хөөрхөн болчихно. Ах ирэх бүртээ зайрмаг, "гоё юм" авчирна. Эгч, хүргэн ах, "манай" ах, бүгдээрээ уртаас урт хөнжил нөмрөөд зурагт үзнэ. Нүүр дүүрэн инээмсэглэхэд нь өөдөөс нь харж байгаа хэний ч сэтгэл дүүрмээр тийм дулаахан инээмсэглэлтэй ах минь. Эгч тоо боддог гараараа ахад ноосон цамц нэхэн өгч, ах зураг зурдаг гоё гараараа түлээ мод зөөнө. Тэр дунд би хайрыг мэдэрдэг байлаа. Намайг анх удаа эрэгтэй хүүхдээс зурвас авсан өдөр гоё инээмсэглэлтэй ах минь нас барсан юм. "Эмнэлэгт ирээрэй" гэх ээжийнхээ зурвасыг авмагц л танил хөвгүүний тухайх догдлол тэр дороо арчигдан, бидний амьдралд хэн ч хэзээ ч нөхмөөргүй томоос том хав харанхуй нүх бий болсон юм.

Хүүхэд насны найзтайгаа уулзалгүй таван жил болсон ч бид инээлдээд л уулзав. 5-р ангиасаа хойш найзалсан эргэн уулзаад, хэн хэн нь ямар их өөрчлөгдсөн, гэхдээ өөрчлөгдсөн хувилбарууд маань ч сайхан найзууд хэвээрээ байгааг мэдээд сэтгэл дүүрээд л явчихсан. Хүүхэд насны найз гэдэг насан туршдаа "хүүхдээрээ" байж болохоор цөөн хүний нэг байх. Хамтдаа хүүхэд үеийнх шигээ "тэнэг" зүйл хийж, хацраа өвдтөл инээж, нэгнээ шоглоод л. Өөрийгөө хүүхэд үеэсээ хэчнээн холдсоныг ухааран, уйлмаар ч юм шиг өвдөлт... Гэхдээ баяртайгаар, дотор мөн чанараа алдаагүйгээ олзуурхан инээмсэглэмээр тийм өвдөлт. Хүүхэд насыг минь эргүүлэн авчирч өгдөг найз минь чамдаа баярлалаа. 

Багадаа зуны амралт, хичээлийн амралт болов уу үгүй юу л өвөө эмээгийндээ очих учиргүй дуртай хүүхэд байв. Өвөө эмээгийнх Баянхошууны гэр хорооллын захад бий. Эмээ боорцог чанаж, өвөө үнсэн тамхи татаж, гурвуулаа хөзөр тоглож инээлдэнэ. Хөзөр нь өөр хаана ч байхгүй, гар зурагтай, бүрмэл цаастай учиргүй өвөрмөц эд. Өвөө хожигдохдоо хэлээ гаргаад тоглоомоор нэг их инээдтэй царай гаргадаг байж билээ. Нэг л зун өвөө эмээгийндээ иртэл өвөөгийн зураг авдар дээр, асаалттай зулын цаана намайг угтсан юм. Хэлэлгүй орхиод явсанд нь би гомдохдоо өнөөх бүх хөзрийг нь гал руу хийчихсэн ч нэг л ширхэг, яг өвөөгийн гаргадаг царай шиг гилийн хааны хөзрийг гал руу хийж зүрхлээгүй...  

"Олооон" жилийн дараа насанд хүрсэн, гэр бүл, хүүхдүүдтэй эгч дүү бид хоёр нэгнээ гижигдэн тоглохдоо сэтгэл сэмрээд уйлчхаж билээ. Ингэж хамтдаа инээлдээгүй ямар их удаа вэ? 

Тэр миний хүүхэд насны хайр байлаа. Зөөлхөн, тэврээд л баймаар, хамгийн дулаахан. Бид хөтлөлцөөд гүйгээд л, алхаад л, заримдаа суугаад л байдаг байлаа. Хамтдаа дунд анги, ахлах ангиа ч төгсөв. Удахгүй их сургууль. Тэр явж, би үлдэнэ. Явах хэцүү. Хүлээх бүр ч хэцүү. Бүх зүйлийг түүнийг сануулна. Тэр жилийн дараа ирэхдээ өөр нэг залууг хөтлөөд ирэв. Тэд хамтдаа гүйгээд л, алхаад л, заримдаа суугаад л. Харин би хүлээгээд л, хүлээгээд л, хүлээж залхахдаа босоод явахаар шийдсэн. Тийм л хайрын түүх. 

Багадаа зуны амралт бүрээ эмээтэйгээ хөдөө өнгөрүүлдэг байв. Эмээ минь их залуухан байж дээ гэж одоо боддог юм. Өөрөө үнээ малаа саагаад, хөдөө айлын завгүй ажлуудыг хормын дотор гялалзуулчихна. Бид хоёр өдөржин завгүй өнгөрүүлсээр үдэш хэвийхийн завсарт нар шингэж, эмээ минь сүү хөөрүүлэн, миний омголтсон уруулан дээр тос түрхэж өгнө. "Бурхандаа залбирвал аав ээж нь хурдан ирнэ" гэхээр нь учиргүй нүцгэн гүйж очоод л бурхандаа мөргөөд эмээгийнхээ өвөрт шурган ордогсон. Одоо хотын завгүй амьдрал дунд хөвөрсөөр эмээ дээрээ очих минь багасаж буйд их гэмшингүй байдаг юм. Гэсэн ч нэг л дуудлагын цаана эмээ минь инээгээд л "Миний охин" гээд ярих нь зүрхийг минь дулаацуулдаг. Хүүхэд насаа бодмогц л эмээ, монгол гэр, хөөрүүлсэн сүү бодогддог юм. 

Та ч бас өөрийн сэтгэлд хоногшсон ДУЛААН түүхээ бусадтай хуваалцахыг хүсвэл ЭНД  үлдээгээрэй. 

Illustrations: _dotorhun_

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
9
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.