UBLife Logo
Спорт

Senzu “Passion UA” багт зээлээр очсон нь шуугиан дагуулав

Senzu “Passion UA” багт зээлээр очсон нь шуугиан дагуулав

Монголын цахим спортын нэгэн тод од, 19 настай Азбаяр Senzu Мөнхболд “Passion UA” багт зээлээр очсон мэдээ цахим спортын сүүлийн үеийн нэгэн онцлох мэдээ болоод байна. Тэрээр өнгөрсөн аравдугаар сараас хойш “The Mongolz” багийнхаа сэлгээнд сууж байсан билээ. Түүнийг хагас жилийн хугацаатай, дараа нь бүр мөсөн худалдан авах боломжтой нөхцөлөөр  зээлсэн байна. Манай тамирчин өнгөрсөн 2025 оны HLTV-ийн шилдэг 13 дахь тамирчнаар шалгарсан.

“Passion UA” баг мөн Аргентины мэргэн бууч Сантино “try” Ригалыг авсан бөгөөд шинэ бүрэлдэхүүнээр анхны тоглолтоо энэ сарын 19-нд хийх юм.

“Passion UA” баг: Kvem, Senzu, Try, Grim, Hallzerk, Nicx, Jt, T.c (дасгалжуулагч).

Цахим спортын шижээч OverDrive энэ талаар “Дээд түвшний ийм сайн тоглогч хачирхалтай шийдвэр гаргажээ. Senzu сандарч тэвдэлгүй, сайн урилга хүлээх ёстой байлаа. Passion UA бол шилдэг тоглогчгүй, тэмцээн уралдаанд түрүүлэх боломжгүй баг” гэж бичжээ.

“Passion UA” багийн Ерөнхий захирал Артемий Рябов “Хэлэлцээр их хүнд болсон. MongolZ баг анх удаа тамирчнаа зарж байгаа болохоор тэр. Хажуугаар нь NAVI баг гарч ирээд Senzu-д мөнгө амлаад л. Гэвч бид тэднийхээс илүү мөнгө The MongolZ-д өгөөд түүнийг авч чадлаа. Senzu аль эртнээс The Mongolz багаас гарах төлөвлөгөөтэй байсан. Тэр Европын багт шилжиж, англи хэлээ сайжруулахаар төлөвлөсөн байсан. “IEM Cologne Major 2026” тэмцээний дараа талууд зөвшилцвөл бүр мөсөн худалдан авах болно” гэж мэдэгдлээ.

Энэ мэдээг NAVI багийн эзэн Амиран “ami” Рехвиашвили эрс үгүйсгэлээ. Тэрээр “Жинхэнэ худал мэдээ гэдэг энэ байна. Бид түүнд ямар ч санал тавиагүй. Эргүүтсэн захирал байна” гэж бичсэн байв.

Ямар ч гэсэн цахим спортын ертөнц сулхан баг сонгосон Азбаяр Senzu Мөнхболдын сонголтод тун эргэлзэж байгаа нь харагдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна