UBLife Logo
Спорт

Өмнөд Америкийн анхны алт буюу Өвлийн олимпын базаа

Өмнөд Америкийн анхны алт буюу Өвлийн олимпын базаа

"Милан Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадам дуулиан шуугиан дүүрэн үргэлжилж байна.

Өвлийн олимпын түүхэнд Өмнөд Америк тивийнхэн анхны медалиа хүртлээ. Хүртэх хүртэхдээ шууд алтан медаль авч, Олимпын аваргатай боллоо.

Уулын цанын G-slalom буюу том туг (улаан , цэнхэр өнгийн хаалга хэлбэртэй) сүлжих төрөлд Бразилын Лукас Пиньеро Бротен алтан медаль хүртэн энэ түүхийг бичлээ. Норвеги аав, бразил ээжтэй,  Ослод төрсөн Лукас уулын цанад шинэ хүн биш. Эдүгээ 25 настай Лукас 2023 он хүртэл Норвегийн өмнөөс уралдаж, Дэлхийн цомын гараанд хүртэл түрүүлж, бага "Болор бөмбөрцөг" хүртэл авч байв. Гэвч Шведийн нэгэн брэндийн сурталчилгаанд оролцсоны улмаас Норвегийн цанын холбоо шийтгэл оногдуулсанд ундууцан 23-хан настайдаа зодог тайлж буйгаа мэдэгдэж байлаа. Гэвч 9 настайгаасаа эхлэн хичээллэсэн цанын спортоо тийм ч амархан орхиж чадсангүй. Жилийн дараа Лукас их спортдоо эргэн ирлээ. Гэхдээ ээжийнхээ эх орон Бразилын нэрийн өмнөөс уралдах болов.

Лукасыг 3 настай байхад ээж, аав нь салж, хүү ээжтэйгээ Бразил руу буцжээ. Тэнд хөлбөмбөгт дурлаж, самбо бүжиглэж өссөн байна. Дараа нь Норвеги руу аав дээрээ ирсэн ч Бразил руу байнга ээж дээрээ очиж, нэг ёсондоо хоёр эх оронтой өссөн байна.

Хөлбөмбөгийн "Сан Паулу" багийн улаан фэн, Майкл Жексоныг бишрэгч Лукас загварын өндөр мэдрэмжтэй нэгэн. Ямар сайндаа л Австрид тогтмол амьдарч бэлтгэл сургуулилтаа хийдэг ч моодны томоохон төв Миланд байртай, тэндхийн загварын агентлагуудтай байнга хамтран ажилладаг гэнэ. Бразилын төдийгүй бүхэл бүтэн Өмнөд Америк тивийн Өвлийн олимпийн анхны медальтан, анхны Олимпын аварга Лукас Пиньеро Бротений тухай хамгийн товч өгүүлэхэд энэ буюу.

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн багийн 4х7.5 км-ийн уралдаанд баттай түрүүлнэ гэгдэж байсан Шведийн бүсгүйчүүд "фаакталсаан". Уг нь урдаа "улаан хөлтөн" гаргагахааргүй бүрэлдэхүүнтэй. Энэ олимпоос спринтэд алт, мөнгө авсан Йонна Сундлинг, Лин Сван, скиатлон, 10 км -т алт, мөнгө (хоёуланд нь) авсан Фрида Карлссон, Эбба Андерссон нар шүү дээ!!!

Нийлээд "Милан Кортина 2026" олимпоос 3 алт, 3 мөнгөн медаль аваад байсан дөрвөн цаначин буухиад "дөнгөж" мөнгө дээр буулаа. Тэд муу байгаагүй ээ. Хоёрдугаар ээлжинд уралдсан Эбба Андерссон уралдааны явцад хоёр ч удаа унаж, цана нь бэхэлгээнээс салж, бүтэлгүйтсээр багаа хөөдөж орхив. Үнэхээр харамсалтай.

Олимпын аварга болоход зөвхөн шилдэг байх хангалтгүй байдгийн бас нэгэн жишээ боллоо, Шведийн цаначин бүсгүйчүүд. Олимпод шилдгийн шилдгээс гадна азтай, одтой, бас хувьтай байх хэрэгтэй байдаг билээ.

Аз од нь гийсэн Норвегийн бүсгүйчүүд 4х7.5 км-ийн буухиад түрүүлж, алтан медаль зүүцгээсэн бол Шведийн баг тэднээс 50.9 секундын дараа барианд орсон. Эбба бүтэлгүйтэж, минут гаран хугацаа алдаагүй бол Шведүүд алт баараггүй хүртэх байсныг энэ хугацаа ч харуулж байгаа юм. Хүрэл медалийг Скандинавын гурав дахь орон Финланд цаначид хүртлээ.

АНУ-ын тэшүүрчин Жордан Штольц  өөрийн "дархан зай" болох эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд 33.77 хурдалж, Олимпын рекордыг шинэчлэн алтан медаль хүртлээ. Өмнө нь Штольц 1000 м-т алт авахдаа мөн л Олимпын рекордыг шинэчилсэн.

Америк залуу нутаг нэгт, домогт Эрик Хэйдений нэг олимпоос таван алтан медаль хүртсэн амжилтыг давтаж чадах болов уу? Хэцүү ч гэсэн боломж бол бий. Ингэхийн тулд Штольц 1500 м, багийн хөөх уралдаан, бөөн гараатай гараанд гурвууланд нь түрүүлэх хэрэгтэй юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна