Даян дэлхийд тархан хөгжиж буй Халлю буюу солонгос соёл, урлаг. БНСУ-ын Засгийн газраас Халлюг улс оронд орж ирэх асар их хөрөнгө оруулалт гэж үзэн, бүхий талаар дэмждэг билээ.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Солонгосын соёлын мэдээллийн агентлагтай хамтран өнгөрсөн 2025 оны тайлангаа гаргалаа. “Халлю 2025” нэртэй тус тайланг гадаадын хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний мэдээлэлд тулгуурлан гаргажээ.

Судалгаагаар гадаадад хамгийн их үнэлэгддэг солонгос тренд нь к-поп хөгжим хэвээр байгаа нь гарчээ. Солонгосын тухай нийт мэдээлэлд к-поп төрлийн эзлэх хувь нь Азид 31,8%, Европ тивд — 24,5%, Хойд Америкт 32,3%, Төв, Өмнөд Америкт 38,1% байжээ. К-поп уран бүтээлчдээс хамгийн их гарсан нь BLACKPINK — 14,2%. Дараа нь BTS (7,3%), NewJeans (3,0%) орсон байна.


Солонгосын талаар нийт 4507 нийтлэл, мэдээлэл гарсны Азид (1982 нийтлэл, 44,0%), Европ тивд (939, 20,8%), Хойд Америкт (760, 16,9%) хамрагджээ.
АНУ-д гарсан халлю мэдээллийн хувийг авч үзвэл K-pop (33,8%), солонгос кино (21,8%), драм (12,7%), солонгос хоол (K-food) (11,6%) байлаа. Харин Японд солонгос утга зохиол хамгийн их нийтлэгджээ.

Тодорхой контент, төслийн хувьд Netflix-ийн “KPop Demon Hunters” кино 300 сая үзэлттэй, киноны дуу "Golden” Billboard Hot 100 чартад нэгдүгээр байр эзэлсэн. Энэ киноны ачаар Солонгосын үндэсний музей үзэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.

"Амьдрал чамд жүрж өгөхөд" киноны зураг авалт явагдсан Чэжү арал мөн гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагдаж, хуримын зураг авсан Хойд Кёнсан аймгийн Вэгван хотын Касиль сүм алдартай төв болжээ. “Squid Game 3” кино олон улсын уралдаанд шагнал хүртсэнээр солонгос соёл дэлгэрэхэд хувь нэмрээ оруулсан.

2025 онд Халлюд солонгос хоолны эзлэх хувь эрс нэмэгдсэн. K-food соёлын кимчи, сөжү, рамён, пибимпаб зэрэг үгс гадаад хэлэнд нэвтрэн орсон нь ажиглагдлаа. Үүнд Netflix-ийн “Culinary Class Wars” шоу нөлөөлсөн байна.

Солонгос зохиолч Хан Ган Нобелийн утга зохиолын шагнал хүртсэний ачаар гадаадад солонгос уран зохиолын талаарх мэдээлэл 30 хувь нэмэгдсэн. Хан Ганы “The Vegetarian”, “Human Acts” романууд олон хувь зарагджээ.

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгч И Ын Бок “Халлю соёлын тренд байхаа больж, үндэсний брэнд, амьдралын хэв маяг болон хувирчээ. Бид цаашдаа ч солонгос заншил, соёлоо дэлхийд сурталчилна” гэж мэдэгдсэн байна.
