Олон улсын шинжилгээний ITA агентлагийн мэдээлснээр чөлөөт бөхийн 2024 оны ДАШТ-д түрүүлсэн гүрж бөх Автандил Кенчадзегийн сорьцоос хориотой бодис кломифен илэрчээ. Автандил гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд 20 сар барилдахгүй байх шийтгэл хүлээлээ. Түүний шийтгэлийн хугацаа 2025 оны тавдугаар сарын 25-наас эхэлж, 2027 оны нэгдүгээр сарын 24-нд дуусна. Мөн түүний 2024 оны аравдугаар сарын 31-нээс 2025 оны есдүгээр сарын 4 хүртэлх амжилтыг хүчингүйд тооцжээ.

Кенчадзе 2024 оны Албанид болсон ДАШТ-ий чөлөөт бөхийн 79 кг жинд барилдаж, финалд ОХУ-ын Магомед Магомаевыг 13:4 ялж, дэлхийн аварга болсон. Тиймээс ДБНХ-ноос 2024 оны дэлхийн аваргын алтан медалийг Магомед Магомаевт олгохоор шийдвэрлэлээ. Мөн Ираны Мохаммад Ноходид мөнгөн медаль, Японы Кота Такахаши, Словакийн Ахсарбек Гулаев нар хүрэл медаль хүртэж байгаа юм.
