Алжирын боксчин, Парисын олимпын аварга Иман Хелиф мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сарын 23-нд Парист хийхээр болжээ. Иман 2 минутаар 6 үе тоглохоор гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар өрсөлдөгчийн нэр тодроогүй байна.
Түүний промоутер Браим Аслум “Бид Францын шигшээ багийн дасгалжуулагч асан Жон Довигийн удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Тэрээр Францын боксын холбооны лиценз авсан байгаа. Иман олимпоос хойш тэмцээнд оролцоогүй тул юуны өмнө мэдрэмжийг нь сэргээх дасгал хийж байна. Бэлтгэлээс харахад тэр тун удахгүй эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын бүсийн төлөө өрсөлдөх боломжтой. Мэргэжлийн боксын эхний өрсөлдөгчөөр нь бид жижигхэн тамирчин биш өндөр, том тамирчин сонгохоор хайж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
