Өнгөрсөн Пүрэв гарагт буюу 19-ний өдөр Иранд гурван залууг цаазаар авлаа. Тэднийг өнгөрсөн онд болсон олон нийтийн үймээнд оролцсон, цагдаагийн амь насыг хөнөөсөн хэргээр баривчлаад байсан юм. Хүний эрхийг хамгаалагч байгууллагуудаас дээрх гурван залууг шударгаар шүүгээгүй, яргалан тамалж, мэдүүлэг авсан гэж үзэж байгаа.

Мохаммади, Мехди Гасеми, Саид Давуди нарыг Кум хотод дүүжлэн хороосон байна. Тэдний нэг Салех Мохаммади нь хэдхэн хоногийн өмнө 19 нас хүрсэн, Ираны чөлөөт бөхийн залуучуудын шигшээд дуудагдаж байсан бөх гэнэ. Салех 2024 онд ОХУ-ын Красноярскт болсон олимпын аварга Бувайсар Сайтиевын нэрэмжит тэмцээнд 71 кг жинд хүрэл медаль хүртэж байсан ирээдүйтэй залуу бөх байжээ.
