Алс тэртээ 1910 оны гуравдугаар сарын 23-нд дэлхийн кино урлагийн жинхэнэ самурай болох найруулагч Акира Күросава Токио хотноо мэндэлсэн юм. Тэрээр 50 жилийн замналдаа 30 кино бүтээсэн нь одоо ч дэлхийн найруулагч нарын сурах бичиг болсоор байна. Спилберг, Скорсезе, Коппола, Кубрик нарын алдартнууд түүнийг багш хэмээн хүндэлдэг байв. Ингээд мэндэлсэн өдрийг нь тохиолдуулан, алдарт найруулагчийн хамгийн шилдэг 5 киног танилцуулж байна.
“Рашомон”, 1950

1950 он болтол Баруунд Күросаваг мэддэг хүн байсангүй. Харин “Рашомон” кино гарсны дараа дэлхий түүнийг, япон киног мэддэг болсон юм. “Оскар”, “Алтан арслан” гээд маш олон шагнал хүртсэн кино. Харин хачирхалтай нь Японы шинжээч, шүүмжлэгчдэд энэ кино огт таалагдаагүй. Тэд гадаадынханд япон амьдрал, байдал сонирхолтой санагдсан болохоор “Рашомон” шагнал авлаа гэж үзэж байв. Киноны гол үйл явдал нь нэгэн самурайгийн үхлийн түүх. Хэд хэдэн гэрч болсон үйл явдлыг өөрийнхөөрөө тайлбарлан өгүүлнэ. Акира энэ бүх, өөр өөр тайлбарыг зангидан үзүүлэхдээ хүний дотоод чанар гэж юу болохыг харуулсан юм. Үзэгчид кино дуустал хэн нь үнэн хэлж байгааг мэдэхгүй.
“Икирү”, 1952

Гол баатар бүх насаараа төрийн албанд үнэнчээр зүтгэж, хэзээ ч наргиж цэнгэж явсангүй. Харин тэтгвэртээ гарахынхаа өмнө хорт хавдар туссанаа мэднэ. Лев Толстойн “Иван Ильчийн үхэл” туужаас сэдэвлэсэн бүтээл. Хүнд өвчнийг дийлэхгүйгээ мэдсэн тэрээр бусдад сайн үйл бүтээхийг хүснэ. Ингээд түүний хамгийн сүүлийн ажил нь Токиогийн ядуу дүүрэгт хүүхдийн талбай барих байлаа. “Амьдрах” буюу “Икирү” кино үзэгчдэд амьдрал маш богинохон тул утга учиртай амьдрахыг сануулна.
“Шичинин-но самүрай”, 1954

“7 самүрай” бол он цагийн шалгуурыг давж, одоо ч үнэлэгдсээр байгаа агуу бүтээл. Японы төдийгүй Холливудын кинонд ч нөлөө үзүүлсэн, одоо ч нөлөөлсөөр байна. Киноны үйл явдал XVI зууны сүүл хэсгийн Японд өрнөнө. Дээрэмчдээс хамгаалахын тулд тосгоны тариачид самүрай хөлслөх болно. Цэрэг дайчин хүний нэр төрийг магтан дуулсан кино. Энэ кино тэр үеийнхээ Японы хамгийн үнэтэй кино болж байв.
“Дерсу Узала”, 1975

1960-аад оны эхээр телевиз хурдтай хөгжсөнөөс япончууд кино бараг үзэхээ болиод байв. Кино театрууд хаагдаж, студи дампуурч байсан тул Күросавагийн цаашдын уран бүтээл ч аюулд ороод байлаа. 1966 онд Күросавагийн "Toho” компанитай байгуулсан гэрээ дуусаж, тэрээр гадаадад ажиллах талаар бодож эхэлсэн юм. Акира эхлээд банкны дээрэмчдийн тухай төсөлд орсон ч санхүүгийн бэрхшээлээр зогсжээ. Хоёр жил хоосон ажилласан тэрээр дараа нь Холливудын “Тора! Тора! Тора!” кинонд ажиллахаар болжээ. Сувдан эргийн дайны тухай энэ киноны өөрт оногдсон хэсгийг хийсэн ч Холливудын дарга нартай хэл амаа олж чадсангүй. Нөгөө хэд нь харин түүний арга барилыг хачирхан гайхаж, галзуу солиотой хэмээн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлээд ажлаас нь халж орхижээ. Нэр төр нь унах тун дөхсөнийг анзаарсан Акира шинэ кино хийсэн ч үзэгчид огт тоосонгүй. 1971 онд ажилгүй, мөнгөгүй болсон тэрээр амиа хорлох гэж оролдлоо. Үүний дараа Күросава ЗХУ-ын "Мосфильм” компанитай хамтран, "Дерсу Узала”-г хийсэн юм. ЗХУ төдийгүй Европт ч амжилт олж, анчин өвгөн Дерсу Узала түүнд “Оскар” авч өгөн, замналыг нь сэргээсэн түүхтэй.
“Маада да ёо”, 1993

Күросавагийн сүүлчийн кино. Японы зохиолч, герман хэлний профессор Хяккэн Үчидагийн дэлхийн дайны өмнөх амьдралыг өгүүлнэ. Жил болгон Үчида төрсөн өдрөөрөө хуучин шавь нартайгаа уулзах бөгөөд тэд байнга “Үхэхэд бэлэн байна уу” гэж асууна. Дайн дөхөж, байшингаа алдсан, депресст орсон байсан ч багш “Үгүй” гэж хариулсаар.
