UBLife Logo
Спорт

ОУОХ трансжендер тамирчдыг олимпод оруулахгүй

ОУОХ трансжендер тамирчдыг олимпод оруулахгүй

ОУОХ-ноос эмэгтэйчүүдийн спортыг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд трансжендер тамирчдыг эмэгтэй спортын тэмцээнд оруулахгүй байх шийдвэр гаргалаа. Тамирчдын хүйс тогтоох шинжилгээг нэг удаагийн SRY (Sex-determining Region Y) аргаар хийх юм. Шинэ дүрэм 2028 оны Лос-Анжелесийн олимпоос үйлчилж эхлэх юм. ОУОХ-ноос шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тухайн тамирчны эрэгтэй бэлгийн бойжилттой байсан эсэхийг тогтооно. Хэрэв эмэгтэй гэдэг нь тогтоогдвол дахин шинжилгээ хийхгүй, тэмцээнд оролцох зөвшөөрөл гаргана. Харин шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд тухайн тамирчныг эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахаар шийджээ. Ирэх олимпын наадам явагдах АНУ-д трансжендер тамирчдыг эмэгтэй тэмцээнд орохыг 2025 оны хоёрдугаар сараас хориглосон байгаа.

Ерөнхийлөгч Дональд Трамп тэр үед “Одооноос эхлэн эмэгтэйчүүдийн спорт зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилнэ. Энэ тушаалаар эмэгтэйчүүдийн спортод гараад байсан дайн төгслөө. Сүүлийн жилүүдэд маш олон спорт холбоод эрчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулдаг болсон. Энэ бол маш шударга бус зүйл, доромжлол юм. Эмэгтэйчүүд, охидыг уралдаан тэмцээнд оролцож, үнэн хүчээр өрсөлдөх боломжийг нь хаасан, тэдний эрүүл мэндэд аюул учруулсан зүйл байлаа. Эрэгтэй боксчин эмэгтэйчүүдээс алтан медалийг нь булаан авсан өнгөрсөн жилийн Парисын олимпыг хэн ч мартахгүй. Аваргын төлөө тулаанд эмэгтэй боксчин эр хүний хатуу ширүүн тулаанд ялагдаад 48 секундэд бууж өгөхөөс өөр аргагүй болж байлаа” гэж хэлж байлаа.

Парисын 2024 оны олимпын өмнө хөнгөн атлетик, дугуй, усанд сэлэлтийн холбоод трансжендер тамирчдыг эмэгтэй тэмцээнд оролцохыг хориглож байсан. Гэхдээ албан ёсоор Парист трансжендер тамирчин нэг ч бүртгэгдээгүй. Харин 2021 оны Токио олимпод хүйсээ солиулсан нэг тамирчин байсан нь хүндийг өргөлтийн тамирчин Шинэ Зеландын Лорел Хаббард байсан ч медаль авч чадаагүй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...