UBLife Logo
Спорт

КОБИ-гийн өв, "КЛИППЕРС"-ийн өргөө

КОБИ-гийн өв, "КЛИППЕРС"-ийн өргөө

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн лиг буюу  НБА-гийн хоёр багтай хот Америкт хоёрхон байдгийн нэг нь "Эл Эй" хэмээх Лос Анжелес болой. Хоёр өдрийн дотор энэ хотын хоёр баг болох "Лос Анжелес лэйкерс", "Лос Анжелес клипперс" багуудын тоглолтыг үзлээ.

Эхлээд "Лос Анжелес клипперс" -ийг өөрийн шинэхэн өргөө "Intuit Dome" ордондоо "Чикаго буллз" багийг хүлээн авсан тоглолтыг сонирхов. Энэ сайхан өргөөнд өмнө нь нэг бус удаа "Клипперс"-ийн тоглолтыг үзэж байсан юм. Сар гаруйн өмнө НБА-ийн "Бүх оддын" тоглолтыг ч энд үзэж, сурвалжилсан.

Миний бие НБА-ийн 10 гаруй багийн ордонд орж үзсэн. Одоогийн байдлаар "ЛА клипперс"-ийн өргөө "Intuit Dome" миний хувьд хамгийн шилдэг ордон. Арга ч үгүй биз. 2024 оны наймдугаар сард л үүдээ нээж, өрхөө нээсэн шинэхэн өргөө болохоор "Intuit Dome" хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник технологиор өвч тоноглогдсон. Адраас нь 360 градус буюу эргэн тойрондоо хаанаас ч харагдах , 4К нягтралтай дэлгэц бүхий , 1 сая паунд жинтэй, 3500 м.кв талбай бүхий LED дэлгэц зоолттой, 18000 хүний суудал нь хөл тавих зай хамгийн том, 1100 гаруй "морь харах, сур харвах" газартай гээд л үзэгчдийн тохь тухыг дээд зэргээр хангажээ.

Бас "шийдний" ард "The Wall" хэмээх 4500 хүний суудалтай хэсэг нь талбайн эзэн багийн давуу талыг мэдрүүлэх зорилготой гэнэ. Хамгийн гол нь сэтгүүлчдийн ажиллах орчин ихэд таалагдсан. Ажлын өрөө, хоолны танхим, хэвлэлийн бага хурлын өрөө, мөн ордон доторхи сэтгүүлчдийн суудал нь мини ТВ байрлуулсан, тоглолтыг олон өнцгөөс харах боломжтой, мөн өөр болж буй тоглолтын зэрэг үзэх, тоглолтын статистик мэдээлэл бүгд нэг дэлгэц дээр харагдах зэрэг нь үнэхээр сэтгэгдэл төрүүлэм.

Мөн энэ ордон "100 хувь "paperless, cashless" буюу цаасгүй, бэлэн мөнгө хэрэглэхгүй зарчимтай. Сэтгүүлчдэд өгөх бүх мэдээлэл, үзэгчдийн тасалбар, орох гарах, үйлчилгээ зэрэг бүгд дижитал.

Ордны гадаах тохижилт нь мөн гайхалтай. Сагсны талбайтай, мөн олон орны, янз бүрийн сагсанбөмбөгийн самбар, цагариг байрлуулсан нь сонирхолтой. Бидний хүүхэд ахуйн тоглодог байсан, шонгийн модонд  "75"-ын дугуйны хүрээ төмрийг хадаасаар тогтоон хийсэн цагаригийг энд байршуулбал бас л олны харааг "булаана даа" гэсэн бодол төрж байв.

За нэг ийм нэг "ганган" ордонд "Лос Анжелес 2028" зуны олимпын сагсанбөмбөгийн тэмцээн болох юм.

Маргааш нь "Crypto.com Arena"-д "Лос Анжелес лэйкерс"-"Денвер наггетс" багуудын тоглолтыг үзэв. Тоглолт бол  үнэхээр супер болсон. Леброн Жэймс, Лука Дончич , Остин Рийвз нэг талаас Никола Йокич, Аарон Гордон, Жамаль Мюррэй нарын супер оддын өрсөлдөөн үндсэн цагт тэнцэж (118:118), нэмэлт цагт талбайн эздийн ялалтаар (127:125) өндөрлөв.

Гэхдээ энэ тоглолтын туршид толгойд минь "Хар мамба" Коби Брайант "түрээсгүй амьдарлаа". 2020 онд сагсанбөмбөгийн нэгэн домог Коби Брайант цэл залуухан 41-хэн насандаа нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амиа алдсанаас хойш түүний төрөлх багийн ордонд дахин ирж буй болохоор ч тэр үү бүү мэд.

80 жилийн түүхтэй, НБА-ийн 17 удаагийн аварга энэ багийн өмсгөлийг үе үеийн супер одууд болох Элжин Бэйлор, Жерри Уэст, Уилт Чемберлэн, Карим Абдул Жаббар, Ирвин "Мэжик" Жонсон , Шакил О'Нил, Леброн Жэймс нар өмсөж явсан, өмсөж байна.

Гэхдээ л Коби Брайант  "нил ягаан, алтлаг шар, цагаан" өнгөтэй энэ багийн хөгжөөн дэмжигчид, энэ хотынхонд үнэхээр өвөө үлдээж чаджээ. Тоглолт болохоос өмнө гадуур зарагдаж буй гудамжны худалдаачин, багийн албан ёсны дэлгүүрт Кобигийн "8", "24" дугаартай өмсгөлүүд хамгийн эрэлт хэрэгцээтэй өмсгөлийн нэг хэвээр. Тоглолт үзэхээр ирж буй фанатууд дунд ч "Хар мамба"-ийн өмсгөлтэй нь олон.

Ордны гадаа  дээр дурьдсан сагсанбөмбөгийн супер одуудаас гадна Уэйн Гретцки( хоккей), Оскар де ла Ойя ( бокс) нарын домгуудын хөшөө бий. Гэхдээ хоёр жилийн өмнө байрлуулсан "8" дугаариай Коби Брайантын хөшөөний өмнө  л хамгийн олон хүн " патиараа" татуулж, "өөрөгдөж" байх юм. Мөн энд Кобигийн Жианни "Жижи"охинтойгоо цуг суугаа хөшөө бас бий.  Тэнгэрийн орон руу цугтаа дэвшсэн аав, охин хоёрын хөшөө хамгийн их хүндэтгэл хүлээж, хамгийн их цэцэг тавигддаг юм билээ.

Хоёрын хоёр хөшөөг "Лэйкерс" Кобигийн дурсгалд зориулж, ордныхоо гадна байрлуулсан нь түүний үлдээсэн үнэ цэнэ гэлтэй.

"Хар Мамба"-гийн өвийг хэмжээлшгүй. Тиймээс ч түүний "24" дугаартай дахиад нэг хөшөөг ( гурав дахь) тун удахгүй сүндэрлүүлэх ажээ. За тэгээд "Сахиусан тэнгэрийн" хотын гудамж талбай, байшин барилга дээрхи граффит дээр хамгийн олон дүрслэгдсэн хүн бол Коби байхаа, энд тэндгүй харж болохоор.

Тамирчны замналынхаа турш ганцхан "Лэйкерс"-т зүтгэсэн, олон олон амжилтын эзэн, гол нь сагсанбөмбөгийн спортод маш олон хүүхэд, залуусыг "уруу татсан нь" Коби Брайантын үнэлж болшгүй өв, хэмжиж боломгүй гавьяа юм даа.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...