Дотроо бодож тунгаалгүй автоматаар хийчихдэг зүйл хүн болгонд байдаг. Энэ зүйлүүдийн ихэнх нь дараа нь танд зуршил болон үлдэж, амьдралд чинь байнга таарч байх болно. Гэхдээ энэ зуршлуудын зарим нь маш токсик байдаг. Энэ удаад бид аль болох даруйхан салвал зохистой эрч хүчийг сорж, амьдралыг сүйтгэдэг 4 хорт муу зуршлыг танилцуулж байна.
Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах
Батааг хараач, Дорж ч гэсэн. Тэдний сүлжээ, хуудас нь ямар сонирхолтой юм бэ? Ямар ч олон улс оронд аялсан юм бэ? Таны толгойд ингэж бодохоос гадна хөнгөн атаархал төрнө. Тархи дотор өөрийн эрхгүй “Яагаад миний амьдрал ийм гуриа юм бэ” гэсэн бодол цухалзаж эхэлнэ. Бид хувилгаан гэгээнтэн биш жирийн хүн юм хойно атаархал төрж л таарна. Энд гол асуудал нь бид өөрсдийгөө ямар нэг хиймэл дүр төрхтэй харьцуулаад байгаад оршино. Маш амжилттай яваа хэн нэгэнтэй бид танил байлаа гэхэд энд хүртлээ хэчнээн их хөдөлмөрлөж, хөлсөө урсгасныг хэн ч мэдэхгүй. Дээр нь ийм амжилттай байлаа гээд тэр хүн үнэхээр аз жаргалтай байгаа юу гэдэг асуудал байна. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцууллаа гээд юу ч олж долоохгүй. Харин тархинд суусан хорт зуршилтай л болж байгаа юм. Заавал сайхан амьдрах гэж хэн нэгэнтэй харьцуулах алба байхгүй.

Өөрөөсөө хэт ихийг шаардах
Та биднийг сургуульд суралцаж байх үед аав ээж нар “Яагаад дунд авав? Түрүүлж чадаагүй юм уу” гэсэн асуултаар дардаг байсныг санаж байгаа биз дээ? Энэ бүхэн насанд хүрсэн хойно ч дагаж явах болно. Би яагаад хотын захад байртай байдаг билээ, хотын төвд чадахгүй гэж үү? Яагаад би ийм жижиг машин унаж байна, том жийп авья. Энэ удаад эцэг эх маань биш бид өөрсдөө ярьж байна. Яагаад илүү амжилт гаргаж чадаагүй вэ гэж хүүрнэж байгаа нь тэр. Уг нь бол бид хүч чадалдаа тааруулаад гайгүй зүйл хийчихсэн байдаг. Харин та өөрөөсөө үргэлж ихийг шаардаад байвал энэ чинь хэзээ ч дуусахгүй цуврал болно гэсэн үг. Харин хийсэндээ баяртай байх юм бол амьдрал чинь өөр өнгөөр гэрэлтэнэ.

Өөрийгөө амраахгүй байх
Дахиад хэсэгхэн зүтгэх юм бол маш том аз дайрах мэтээр заримдаа санагддаг. Энэ төслийг дуусгаад л болно, машин аваад зогсоё, одоо байр авчихаад гэх эцэс төгсгөлгүй аялал. Яг үнэндээ энэ зүйл өөрт нь хэрэгтэй эсэхийг ч эрэгцүүлж бодолгүй, зүтгэнэ. Бараг л уралдаан гэсэн үг тул хамаг хүч сорж, ядраадаг. Хариуд нь ямар нэг баталгаа өгөхгүй. Капитализмын гол дүрэм бол “Хүний хэрэглээ хязгааргүй, дэлхийн нөөц хязгаартай”. Энэ уралдаанд бид өөрийгөө мартаж, үхэн хатан зүтгэсээр. Үнэндээ хүн гэдэг заавал өөртөө амралт өгч, хүч чадлаа цэнэглэж байх ёстой. Үгүй бол нэг мэдэхэд гэнэт унах, эсвэл сэтгэл зүйгээр шатаад өнгөрөх осолтой.
Сэтгэл хөдлөлөө барих
Та сэтгэлийн ямар ч хөдөлгөөнгүй хад хэрэм. Ямар ч уйлмаар кино үзсэн нүд чинь чийгшдэггүй. Гэхдээ та робот биш хүн шүү дээ. Манай нийгэмд эрчүүдийг “Эр хүн уйлдаггүй” гэсэн үгээр хүмүүжүүлдэг. Ингээд Статистикийн газраас гаргасан зүрхний шигдээсээр нас барсан, цус харвасан эрчүүдийн жагсаалдыг үзье. Тэд хэдэн настайдаа цус харваад байна вэ? Хүний биед гормон ялгаруулдаг булчирхай бий. Бидний эргэн тойронд юу болж байгаагаас хамааран өөр өөр булчирхайнууд идэвхждэг. Гунигтай эсвэл эмгэнэлтэй зүйл тохиолдоход нулимс цийлэгнүүлэх булчирхай ажиллах жишээтэй. Бие махбодь тэгэж өөрийгөө зохицуулж байдаг. Та сэтгэлийн хөдлөлөө дотроо дарж чадаж байж болох ч биед тань тэр хөдлөлийн гаргах ёстой байсан импульс үлдчихдэг. Ингээд л гарах гарц олтлоо тантай хамт байгаад байна гэсэн үг. Ийнхүү сэтгэцийн өвчин үүсдэг түүхтэй.
Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнөө илчилж чадах газар, ярьж чадах хамтрагчтай болох нь чухал. Сэтгэлийн ямар ч хөдөлгөөнөө нуух нь биед маш муу.
