Хүн хүний хувь заяа өөр. Энд гарах гурван эрхмийн хувьд хувь заяагаа Монгол оронтой үүрд холбосон хүмүүс. Тэдний манай улстай холбогдсон зам мөр, туулсан түүх өөр ч хэн хэн нь “Би Монголд амьдармаар байна” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байна Бүр заримынх нь мөрөөдөл манай нутагт том бизнес эхлүүлж, сэтгэлийн амар амгалангаа эндээс олох гэнэ. Харин манайд эсрэгээрээ нийгмийн асуудал, утаа, түгжрэлээр шалтаглан, гадаадад гарахыг хүссэн хүмүүсийн тоо нэмэгдсээр. Гэвч Монгол эх оронд минь сайн сайхан зүйл зөндөө байна. Тиймээс ч Монголыг зорих гадаадынхны цуваа тасрахгүй байна. Цаашдаа ч үргэлжилнэ. Бид “ТURNING POINTS 2026” сэтгүүл дээр гарсан нийтлэлийг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Нэг талын тасалбар
Манай эхний баатар Японы иргэн, жүдо бөхийн дасгалжуулагч Юүки Такахаши. Осака хотын уугуул, Яманаши Гакүин их сургуулийг жүдо бөхийн мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд нэг компанид ажиллаж, тэмцээн уралдаанд ордог байж. Нэг л болж өгдөггүй, гацаанд ороод байсан үе. Яавал сайжрах бол гэж бодоод, эргэлзээд л. Гэтэл нэг найз нь “Монголын жүдо одоо дэлхийд мундаг байгаа шүү, үзээрэй” гээд нэгэн бичлэг өгчээ. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийнхнаа тун хатуу ширүүн бэлтгэл хийлгэж байгаа бичлэгийг үзээд л шууд Монголд очихоор шийдсэн байна. 2014 оны намар анх ирэхэд бүгд үнэхээр жүдодоо хайртай, бэлтгэлийн уур амьсгал маш сайхан байгаад ихэд гайхжээ. Ингээд эргэлт буцалтгүй Монголд дурлажээ. Монголын жүдо академид хүүхдүүдэд хичээл зааж эхлэв. 2016 онд Монголын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 66 кг жинд мөнгөн медаль авч байжээ. Гэтэл тэр жилээ өвдөгний шөрмөс тасарч, хагалгаа хийлгэв. Хүнд гэмтэл аваад, тэмцээнд амжилт гаргахгүй байсан ч Японд харих талаар огт бодоогүй гэнэ. Ирээд хэл мэдэхгүй байх үед хүмүүс уурлаад яриад байгаа юм шиг санагддаг байсан. Харин хэл сураад иртэл эсрэгээрээ монголчууд их гоё, хөгжилтэй, дулаахан ярьдаг юм билээ гэж тэр дурссан.

Харин Бельги улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Пиетер Дикманс бол Монголын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажилладаг, мөн том хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүдийг удирдан зохион байгуулдаг эрхэм. Монгол, Европ тивийг холбосон ГҮҮР гэж түүнийг онцолж болохоор. Анх уулзахад л хэнэггүй гүдэсхэн, наргианч, ер нь жинхэнэ монгол “эр” байлаа. Түүний хувьд Бельгийн дунд сургуулийн түүхийн хичээл дээр Чингис хааны талаар анх сонсож байжээ. Есөн мянган хүнтэй Хален хэмээх жижигхэн хотын хүн ч 18 настайгаасаа Антверпен хотод амьдарсан. Антверпенд монголчууд олон. Пиетер 19 настайдаа Антверпен хотын хятад хороололд тайланд хоолны ресторан ажиллуулдаг байхдаа хоёр монгол эмэгтэйг ажилд авчээ. Тэд үнэхээр шударга, хариуцлагатай ажиллаж байсан гэнэ. Тэр хоёр бүсгүйгээс анх монгол соёл, хүмүүжлийг олж харсан байна. Хоёр бүсгүйн нэг нь одоо түүний гэргий Ж.Галмандахын найз байж. Ийнхүү Дикмансын Монголтой холбоотой түүх эхэлжээ. 2009 оны өвөл анх Монголд ганцаараа ирэхдээ Монголын хүйтнийг мэдэрсэн гэдэг. Дулаан хувцасгүй, малгайгүй, халзан толгойтой, костюмтай тэрээр хадмындаа очихоор Багануур явжээ. Хүмүүс энэ гадаад хүн хөхөө өвлийн хүйтэнд хаашаа явж байгаа юм бол гэсэн харцаар харж байсан гэнэ. Тэр үедээ хөлдөх шахаж, зовсон ч одоо бодоход хамгийн хөгжилтэй дурсамж нь энэ. Тухайн үед e-commerce бизнес эрхэлдэг, Монголд хурдан морины тэжээл зарж, Эрдэнэтийн хивс, ноосон хөнжлийг Европт гаргах ажил хийж байв. Гэхдээ Дикмансын дотор олон жилийн өмнө “Би Монголд амьдрах ёстой” гэсэн нэгэн бодол төрөөд байв. Энэ бол зүгээр нэг бодол биш, дотроос ирсэн маш хүчтэй мэдрэмж байсан гэж тэр өөрөө хэлж байлаа. 2022 онд Дикманс шинэ хөрөнгө оруулалтын компани байгуулж, Монголд амьдрах шийдвэр гаргалаа. Эхнэр нь анх сонсоод хэсэг эргэлзсэн ч тэр жилийнхээ зун гэр бүлээрээ нэг мөсөн нүүж ирсэн байна. Энэ шийдвэртээ тэр хэзээ ч харамсаж байгаагүй.

Манай дараагийн зочин бол Канад эмэгтэй Жүли Вэлүү. Канадын хамгийн баруун захын Британийн Колумби мужийн уугуул. Британийн Колумбийн их сургуулийг франц хэлний мэргэжлээр төгссөн. 1985 онд их сургуулиа төгсөөд 1988 он хүртэл Засгийн газарт нийгмийн ажилтнаар ажилласан. Вэлүүгийн нөхөр Челван Вэлүү уул уурхайн мэргэжилтэй. 1994 оноос Индонезид ажиллаж байгаад Монголд ажиллах санал хүлээн аваад 2010 онд ирсэн нь тэдний гэр бүлийн Монгол дахь аяллын эх байлаа. Түүний төрсөн нутагт жилдээ 7-8 метр цас ордог тул Монголын өвөл хүйтэн санагдаагүй гэнэ. Канад хүн тул мэдээж хоккей, тэшүүр, цанын спортод дуртай. Монголд тэшүүрээ авчраад голын мөсөн дээр гулгадаг байжээ. “Монголчууд бүгд морь унадаг бол канад хүн тэшүүр дээр зогсож чаддаг байх ёстой” гэж Вэлүү хэлсэн. Монголд ирээд морь унаж сурсан, анх морин дээр гарахад үлгэрийн ид шид мэт санагдсан ажээ. Одоо тэр хэзээний туршлагатай адуучин. Манай бараг бүх аймгаар морин аялал хийсэн. Ирэх жилээс Монголыг тойрох морин аялал хийхээр төлөвлөж байна.

Нүүж буусан газар
Дикманс одоо фермийн аж ахуйтай. Хэнтий аймгийн Цэнхэрмандалд үхэр, хоньтой. Түүний хобби бол газар тариалан. Хэдий хүйтэн ч манай хөрс маш сайн гэнэ. Ганц дутагдалтай тал нь хур тунадас бага ордог тул усжуулалтын систем тавьжээ. Байгалийн гамшгийн үед даатгалын систем байдаггүй нь гол хүндрэл. Гурван жилийн өмнө 10 га газарт тариалж байсан бол энэ жил 500 га газартай. Талбай нэмэгдээд, ургацаа авахдаа их баярлана. Дикманс өөрөө трактор барина, өдөр, шөнөгүй ажиллана. Хэцүү байдаг уу гэж асуухад “Цэвэр агаарт ажиллах гоё байдаг. Би энэ ажилдаа дуртай” гэж тэр хариулсан юм. Одоо тэр хөдөө аж ахуйн ид ажлын үед голын хажууд гэрт, харин улирлын бус үед Улаанбаатарт амьдарч ажилладаг. Гэхдээ түүний компанийн гол бизнес бол Монголын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, бүтцийг зөв байгуулж, эрсдэлийг бууруулан, мэргэжлийн түвшинд удирдаж өгөх явдал ажээ. Монголд зээлийн хүү маш өндөр, харин Европт хадгаламжийн хүү 0 хувь. Иймээс Европын хөрөнгө оруулагчдад Монгол маш сонирхолтой, Монголын бизнесүүдэд Европын капитал маш хэрэгтэй. Европчуудын ихэнх нь Монголыг зөвхөн морь, гэр гэж төсөөлдөг бол Дикманс Монгол бол өндөр өсөлттэй эдийн засаг гэдгийг харуулахыг хүсдэг, харуулж ч байгаа юм.

Юүки Такахашигийн хувьд Монголын жүдо академид нийт таван жил хичээл заасан. Академийн багш Д.Баярмагнайтай хамт амьдарч байхдаа тарваганы мах идээд л жинхэнэ монгол амьдрал сурсан байна. Тэр үед Магнайгийн найзуудтай хоолонд орж байгаад эхнэртэйгээ танилцжээ. Хэдэн сарын дараа Монголын жүдо академид шинэ багш ирлээ гэхэд нөгөө танилцсан бүсгүй нь байсан гэдэг. А.Сарангуа бол жүдо бөхийн дасгалжуулагч. Үерхэж эхлээд аав, ээж дээр нь бэр гуйх санаатай очжээ. Ээж нь дэмжиж байсан ч харин аав нь тун их уурлаад “Охин оо өгөхгүй. Чи Японоос ирээд хүүхдээр тоглоод байгаа биз дээ” гээд зөвшөөрсөнгүй. Тухайн үед хэл сайн мэдэхгүй тул тайлбарлаж, ярьж чадахгүй.
Шөнийн хоёр цаг хүртэл аав “лекц” уншиж, Юүки “За, за” гээд л суугаад байжээ. Харин 2017 оны зун хадам аав нь хавдар тусаад, бие нь муудаж, “Найдваргүй” гэгдэхэд л Юүки Монголын амьдралын хатуу хүтүүг мэдэрчээ.
Японд бол эмчилнэ, даатгал бий, харин энд эдгэх боломж байхгүй. Их мөнгө, танил тал хэрэгтэй. Өвчин зовлонгоос өмнө Монголын дандаа сайхан талыг харж амьдарч байсан бол ёстой жинхэнэ бодит амьдралтай тулгараад их юм сурчээ. А.Сарангуатайгаа тэр гэрлэсэн. Хадам аав нь бие барахаасаа өмнө “Би чамд итгэж байна. Чи сайн залуу” гэж зөвшөөрсөн ажээ. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй.

Канад бүсгүй Жүли Вэлүү амьдарч байсан газар болгондоо хүнд туслах, амьдралд нь дэм болохыг хичээдэг. 2001 онд “Вэлүү Сан” Канадад үүсгэн байгуулагдаж, 2012 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ сан эхлээд монгол хүүхдүүдэд хувцас, сурах бичиг өгдөг байсан бол сүүлдээ хэд хэдэн том төсөл хэрэгжүүлсэн. Энэ сангийн оролцоотойгоор Монголд хоёр цэцэрлэг, шүдний эмнэлэг, хоёр номын сан, оёдлын цех, эмнэлэг, хүүхдийн зуслан байгуулсан гэж байгаа. Жулигийн анх ирж байсан 15 жилийн өмнөхтэй харьцуулахад сургууль, цэцэрлэг нэмэгдэж, сайжирсан тал бий. Гэхдээ утаа, нүхэн жорлон, гэр хороололд бохирдол ихтэй гээд шийдэгдээгүй асуудал байсаар. Бичиг баримтгүй болохоор эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй хүн олон болохоор “Вэлүү Сан” эмнэлэг байгуулсан гэнэ. Жүли энэ ажилдаа маш дуртай. Өөрийн төрсөн хүүхэд шиг болсон маш олон монгол хүүхэд түүнд бий. Өөрөөр хэлбэл “канад Өндөр ээж”.
Зүрхний уяа
Такахаши бол Монголд таалагдсан шалтгаанаа шууд л “Чөлөөтэй” гэж хариулсан. Мөн монголчууд дулаахан сэтгэлтэй, жижиг зүйлийг тоодоггүй гэж онцолсон юм. Японд стресс ихтэй, хүн хоорондын харилцаа хэцүү бол Монголд танихгүй хүмүүс ч хамаагүй ярилцаад, шууд найз болчихдог сайн талтай. Юүкигийн Монголд сурсан хамгийн чухал зүйл нь чөлөөтэй сэтгэж сурсан явдал гэнэ. Хамгийн дуртай баяр нь наадам, үндэсний бөх үзэх дуртай. Зун хөдөө аялах дэлхийн ямар ч оронд очсоноос илүү тансаг сайхан гэж ярьж байлаа. Мөн “Монголын соёл, уламжлал, байгальдаа ойрхон, хайртай байдаг нь таалагддаг. Манайх 32-ын тойрогт гэр хороололд байсан. Чимээгүй, машингүй ёстой сайхан байсан. Мод хагалаад усанд яваад бүх юмыг хийдэг, жинхэнэ сайхан монгол амьдрал” гэж байна лээ. Тэр амьдралаа одоо ч Юүки дурссаар. “Их юм сурсан. Болж өгвөл дахиад гэр хороололдоо амьдармаар байна” гэж хэлж байлаа.

Бизнес эрхлэгч хүний хувьд Дикманс манай сайн талыг юуны түрүүнд бизнесийн боломж гэж онцолсон. Европт зах зээл ханасан бол Монголын хөдөө аж ахуй, үйлдвэр, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, боловсрол, хүнс гээд бүх салбарт маш өргөн боломж бий. Монгол бол дараагийн олон арван жилд ч эдийн засгийн өндөр өсөлттэй хэвээр байх орон гэлээ. Мөн эрх чөлөө, нээлттэй орчин, хүмүүсийн сайхан сэтгэл, байгалийн үзэсгэлэн түүнд таалагддаг. Монголын хөх тэнгэр, шөнийн одод бол түүний харсан хамгийн сайхан зүйл, хөдөөгийн агаар, үнэр бол амссан хамгийн амттай зүйл нь. Монгол мах эрүүл, хуушуур, шарсан мах түүний дуртай хоол.

Мэдээж Жули Вэлүү Монголын байгалийг онцолсон. Тэрээр “Та нар аймаар азтай” гэж шууд хэлсэн. Яагаад гэвэл Монголын байгаль үзэсгэлэнтэй сайхан, хүмүүс нь найрсаг, халуун дотно. Элдэв хашаа хязгаарлалт байхгүй, эрх чөлөөтэй. Хаана ч явж болно, хаана ч хонож чадна. “Би дэлхийн маш олон оронд очиж үзсэн. Монгол хамгийн гоё нь. Дэлхийн хамгийн азтай улсууд бол та нар шүү” гэж байн байн сануулж байлаа. Жүли Велүү одоо Налайх дүүргийн Бумбатад амьдардаг. Адуу, үхэртэй бөгөөд Цонжинболдогт байдаг найзындаа маллуулдаг гэнэ. Анхны морь нь Томуулан нэртэй морь байсан ч малын хулгайч нар хулгайлаад нядалж орхижээ. Ингээд төлбөрт нь өөр нэг морь авснаа Буруугүй гэж нэрлэсэн. Анх энэ морио унахгүй зарна гэж бодож байсан ч хүмүүс сайн морь гээд магтаад байж. Морины оронд ирсэн нь түүний буруу биш болохоор Буруугүй гэдэг нэр хайрлажээ. Тэднийх өөр Тайвшрал, Мөнх тэнгэр гэдэг хоёр морьтой. Ээжийгээ өнгөрсний дараа маш гунигтай байх үедээ шинэ морь авч, Тайвширал нэр өгчээ. Харин нохой нь Бүүвэй нэртэй.
Хэцүүхэн даваа
Такахаши ч, Дикманс ч монголчуудыг цаг барих тал дээр сул гэж хэлсэн. Юүки машины түгжрэл маш хэцүү гэсэн бол бельги залуу “Ажилдаа ирэх гэж бараг 2.5 цаг, Яармагт гэртээ харихтайгаа нийлээд бараг 5-6 цаг зарцуулдаг. Хажуугаар машин бараг ганцхан сантиметр зайтай зөрөөд л, ор ор, дайр дайр гэцгээгээд жинхэнэ шок” гэж байлаа.
Юүки утаа муу тал гэж хэлсэн ч “32-ын тойрогт манай гэрээс ч утаа гарч байгаа юм чинь яах билээ дээ” гэж байлаа. Бас нэг засмаар байгаа зүйл нь архи. Баяр ёслол болохоор нэгийгээ шахдаг. Арай гэж нэг уутал гурав уу гээд, гурван хундага уухаар тав тогтоо гээд нэмэгдээд байдагт нь их дургүй. Харин сүүлдээ тасарсан дүр үзүүлээд архинаас мултарч сурсан сэргэлэн залуу.

Дикманс сул талыг дурдаад зогсохгүй засах аргыг нь ч зааж өгсөн. Юуны өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яаралтай шийдэж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах. Хотын түгжрэл асар их тул дэд бүтцээ өргөжүүлж, “Ritsen” шиг Европын зарим замын зохион байгуулалтыг нэвтрүүлбэл түгжрэл багасна. Хөдөө аж ахуйд усны нөөц хамгийн том эрсдэл тул ирригацийн системд хөрөнгө оруулж, ургац алдсан үед тариаланчдад хамгаалалт болох даатгалын систем нэвтрүүлэх хэрэгтэй гэж тэр зөвлөсөн. Европт цалин өндөр, хүнс хямдхан, харин Монголд цалин бага мөртөө хүнс нь илүү үнэтэй. Европт 1 кг алим 3000 төгрөг, харин Монголд европ алим 15 мянга байдаг гэж тодорхой жишээ ч хэлсэн юм.

Тэднээс ялгаатай нь Вэлүү утаа, түгжрэлийг ойлгомжтой гээд орхисон. Вэлүүгийн эмзэглэж явдаг хамгийн гол зүйл бол монголчууд монгол соёл, ахуйгаа алдаад байгаа явдал. Түүнийг 15 жилийн өмнө ирж байхад малчид үргэлж морио унадаг байсан бол одоо малдаа мотоцикл, приус машинтай явдаг болсон нь эмгэнэл. Канадад 1845-1960 он хүртэл нутгийн уугуул иргэдийн хүүхдүүдийг хотод сургуульд аваачиж, канаджуулах бодлого их явагдсан гэнэ. Энэ асуудлын ул мөр одоо ч үргэлжилсээр. Энэ бүхнийг харж байсан хүний хувьд Вэлүү монголчуудыг энэ алдааг бүү давтаасай гэж боддог, сэтгэл нь өвддөг ажээ. Бас нэг сонин сэдэв хөндсөн нь бэлчээрийн даац. Баячууд эд хөрөнгөө гайхуулах гээд хэдэн мянган мал аваад байдаг ч хөлсөөр хэдэн малчин ажиллуулчхаад, ямар ч сэтгэл байдаггүй. Тиймээс зарим нутагт бэлчээргүй болж, төрсөн нутгаасаа нүүхэд хүрч байгаа гэнэ. “Улаанбаатар хотынхон хөдөөгийн амьдралыг хүндэлдэггүй, тоодоггүй. Ингэхээр Монголын соёл, амьдралын хэв маяг алдагдана. Монгол Улс морины соёлоо анхнаас нь авч явж байгаа ганц үндэстэн. Морины соёлоо алдвал монгол ахуй алдагдана. Дэлхий тэр чигээрээ морины соёлоо алдана” гэж анхаарууллаа. Хөдөөгийн соёлоо хадгалж, цаашдаа уламжлуулан үлдээх ёстой гэж сануулав.
Хүслийн жигүүр
Юүки Такахаши гурван жилийн өмнө Осака хотод Монголын жүдо бөхийн академийн салбарыг нээсэн. Одоо тэндээ эхнэртэйгээ хамт багшилж байна. Уг нь Монголд амьдрахыг бодож байсан ч олон хүчин зүйл нөлөөлжээ. Цар тахал гарсан тэр үед эхнэрийнх нь бие муудаж, эмнэлэгт үзүүлтэл хавдар гэж оношилжээ. Хадам аав хавдраар өөд болсныг хэлэх үү, ихэд сандарч. Ингээд 2020 оны долоодугаар сард Японд очиж үзүүлтэл хавдар биш сүрьеэ болж таарчээ. Сүрьеэ удаан эмчилгээтэй, 6-9 сар хэртэй эм уух хэрэгтэй. Ингээд Монгол буцаж чадалгүй, хүүхдүүдээ ч япон сургуульд оруулжээ. Эмчилгээгээ дуусгаад Монгол харих гэтэл хүүхдүүд нь Японд дасчихсан байдаг. Охин нь Монголын утаанаас болоод багтраатай болсон. Ингээд Японд үлдэж амьдрахаар шийджээ. Гэхдээ Юүки Монголтой холбоотой хэвээр. “25 настайдаа зоригтой шийдвэр гаргаад Монгол явснаа зөв гэж боддог. Жүдо сурсан, амьдрал ч сурсан, хүн ямар байх хэрэгтэйг ойлгосон. Хэрэв Монголд очоогүй бол би чөлөөтэй байж чадахгүй байсан. Японд ямар нэг компанид тэтгэвэрт гартлаа зүтгээд сууж байх байсан” гэж тэр хэлсэн. А.Сарангуа тэр хоёр хувь заяагаар учирсан хос. Монголын “MJ CUP” тэмцээнд түрүүлсэн тамирчин Япон явдаг уламжлалтай. А.Сарангуа түрүүлээд Японд очсон газар нь Юүки Такахашигийн жүдо бөх анх сурч эхэлсэн газар байсан гэнэ.

Вэлүү ч бас мэдээж монгол хүүхдүүдийн төлөө ажлаа үргэлжлүүлнэ. Гэхдээ гол нь монголчууд өөрсдөө энэ ажлыг хийх хэрэгтэй гэж хэлсэн. Одоо эхлүүлээд байгаа нэг төсөл нь хотын хүүхдүүдийг хөдөө амьдруулах, хөдөөгийн хүүхдүүдийг хотод аялуулдаг хөтөлбөр. Насанд хүрээд ямар ч хүн болсон гэсэн хотын хүүхдүүд ядаж хөдөөгийн амьдралаа мэддэг болох ач тустай ажил. Түүний хэлснээр хотын хүүхдүүд мал дээр хэсэг байхад хайрлах энэрэх сэтгэлтэй болж хүмүүжих юм. Вэлүү 2027 онд морины тухай кино наадам Монголд хийх гэж байгаа. Ер нь түүний хэлж, ярьж байгаа бүхэн Монголд хайртай хүний үг байлаа. Ямар сайндаа “Би өөрийгөө урьд насандаа, 200 жилийн өмнө Монголд амьдарч байсан байх гэж боддог” гэж хэлж байлаа. Тэр Монголд амьдрахыг хүсдэг, гэхдээ нас ахихаар Монголд амьдрахад хэцүү гэж байв. Ийм нэгэн эгэл канад эмэгтэй бидний дунд амьдарч байна.

Пиетер Дикманс “Би олон жилийн өмнөөс Монгол бол миний ирээдүй гэж мэдэрсэн. Энэ бол миний зүрх сэтгэлийн дуудлага болсон газар” гэлээ.
Тиймээс бүгдийг өөрөө, монгол хэлийг ч өдөр бүр монгол хүмүүстэй ярилцаж сурсан. Амжилт олохын тулд хэлээс гадна соёл, уламжлалыг ч сурах ёстой гэж үздэг. Тогооч мэргэжилтэй тул Монголд яагаад ресторан нээхгүй байна вэ гэж сонирхсон юм. Монголд ресторан нээнэ гэж тэр олон жил мөрөөдөж байжээ. Гэхдээ бүтэн 17 жил ресторанд ажилласан тул ямар ачаалалтайг сайн мэднэ. Амралтгүй ажиллах тул гэр бүлтэйгээ хамт байх, хүүхдүүдтэйгээ тоглох цаг гаргахын тулд ресторан нээсэнгүй. “Амьдралын гол зүйл нь мөнгө биш. Гэр бүлтэй, баяр баясгалантай амьдрал хамгийн чухал” гэж Пиетер хэлсэн юм. Монгол бол маш баян орон. Бизнес эрхлэх нээлттэй боломж гэдгийг хараад Европоос ирж байгаа бизнес эрхлэгчид хаана хөрөнгө оруулах талаар түүнээс зөвлөгөө авдаг. Монголд мөнгө хэрэгтэй, Европт зах зээл хэрэгтэй. Энэ бүхнийг холбосон гүүр Пиетер ажилдаа дуртай. Цаашдаа ч Монголдоо амьдрах болно.
Гэрэл зургийг: Г.Ананд
