Амьдралын тодорхой үе шатанд бид “өөрийгөө алдсан” мэт мэдрэмжтэй тулгардаг. Энэ нь ихэнхдээ хэт их ажиллах, бусдад таалагдах гэж өөрийгөө золиослох, харилцаанд уусах эсвэл томоохон алдагдал, өөрчлөлтийн дараа үүсдэг. Гэхдээ өөрийгөө алдах нь харин ч өөрийгөө шинээр таних эхлэл байж болно.
1. Түр зогсож, өөрийгөө сонс
Бид ихэнхдээ гадаад дуу чимээнд анхаарч, дотоод дуу хоолойгоо мартдаг.
Өөрөөсөө та ингэж асууж болно.
Би яг юу мэдэрч байна вэ?
Юу намайг ядрааж байна вэ?
Юу намайг баярлуулдаг вэ?
Яг одоо би яагаад гацчихсан юм шиг санагдаад байна?
Гэмшил мэдэрч байгаа бол түүндээ уусах биш;
Яавал би энэ мэдрэмжээ багасгаж, алдаагаа засаж болох вэ?
Яг үнэндээ би юунаас зугтаад байна?
Өөрчлөх гэж хичээхийн оронд би зөрүүдэлсээр байна уу?
Өөрийгөө дахин олох эхний алхам бол өөрийгөө сонсох гэдгийг ойлгох хэрэгтэй.

2. Өөрийгөө буруутгахаа боль
“Яагаад би ийм болчихсон юм бол?” гэж өөрийгөө зэмлэх нь байдлыг дордуулдаг.
Үнэндээ ийм мэдрэмж авах нь амьдралын хэвийн зүйл, бидний туулаад гарах ёстой зам юм шүү. Өөртөө зөөлөн хандах нь сэргэхэд хамгийн чухал.

3. Өмнөх “би”-гээ санах
Хүүхэд байхдаа юу хийх дуртай байсан бэ? Юу таныг жинхэнэ баярлуулдаг байсан бэ?
Таны жинхэнэ “би” ихэвчлэн тэнд байдаг. Эсвэл магадгүй хаана, хэний дэргэд заримдаа тайвширч чадаж байна? Эргээд бодоход үнэхээр ямар үед хичээх хүсэл ихээр төрж байсан бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Гэхэдэ тэр нь хоосон, шатаад алга болох хүсэл бус, энэ удаад бодитоор өөрийн болгож чадах зүйл байх ёстой.

4. Хил хязгаараа тогтоо
Өөрийгөө гээх хамгийн түгээмэл шалтгаан бол “үгүй” гэж хэлж чаддаггүй байх. Татгалзах, өөрийгөө хамгаалахад суралцах нь чухал. Бас мэдээж хайртай, үнэхээр өөрийг чинь ямар ч үед хайрлаж чадах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь чухал. Хуурамч, хоёрын хооронд харилцаанууд харин ч цаг хугацаа, зүрх сэтгэлийн ядралт, ачаалал болж хувирдаг.

5. Ганцаараа байх цаг гарга
Өөрийгөө ойлгохын тулд бусдаас бага зэрэг холдох хэрэгтэй мөчүүд байдаг. Ганцаараа алхах, тэмдэглэл бичих, чимээгүй суух гээд энэ бүхэн дотоод ертөнцтэй холбодог. Гол нь өөртэйгөө холбогдохын тулд л ганцаар байх хэрэгтэйг санаарай. Түүнээс биш зүгээр л бүхнээс зугтаж, өөрийгөө сатааруулах гэж л ганцаар байвал энэ ямар ч үр дүнгүй байх магадлалтай.

6. Биеэ хөдөлгө
Сэтгэлзүй ба бие махбодь хоорондоо нягт холбоотой шүү дээ. Алхах, дасгал хийх, йог хийх, гүйх нь бодлыг цэгцэлнэ, нэмээд стрессийг багасгана. Заримдаа зөв хариулт биеэ эрч хүчтэй байлгах мөчид ирдэг.

7. Шинэ зүйл турш
Өөрийгөө гээсэн үед амьдрал “нэг хэвийн” санагддаг. Шинэ хобби, шинэ газар таныг өөр өнцгөөс харахад тусална. Магадгүй нэг л сонирхдог зүйлээсээ өөр зүйл сонирхож, туршиж болно. Огт хийж үзээгүй зүйлээ хийх ч бас үүнд орно.

8. Сэтгэлээ илэрхийл
Дотроо хадгалах тусам төөрөгдөл улам нэмэгддэг. Бичих, ярилцах, урлагаар илэрхийлэх зэрэг нь өөрийгөө ойлгох хүчтэй арга байдаг. Зөвхөн өөртэйгөө ч биш, бусадтай ойлголцох гээд үзээрэй. Хүнд ярианаас ухрах тусам зай холдож, өөрчлөгдөх мөч хойшилдог.

9. Төгс байх шаардлагагүй
Өөрийгөө олох зам шулуун биш. Та алдаж болно, эргэлзэж болно, дахин эхэлж ч болно. Энэ бүхэн хэвийн гэдгийг ойлгоорой. Гол нь л юу ч хийхгүй байж л болохгүй.

10. Тэвчээртэй бай
Өөрийгөө дахин олох нь нэг өдрийн ажил биш. Гэхдээ алхам бүр утгатай. Өдөр бүр бага багаар өөртөө ойртож байдаг гэдгийг санаж, өчүүхэн жижиг байсан ч хамаагүй үйлдлүүдээр бага бага алхам хийгээрэй.

