Монгол Улсын Их Сургуулийн санаачилгаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон төрийн өмчийн зургаан их сургууль болох ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС хамтран “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр-Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форумыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь техник технологийн хурдацтай хөгжлийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг хэлэлцэн, оюутан залуусыг боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцыг дэмжих бодит боломж, шийдлүүдийг танилцуулах зорилготой байлаа.
Өдөрлөгийн үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Тилеуханы Аубакиртай уулзаж, тодруулга авсан юм.

Т.Аубакир “Оюутан залуучуудтайгаа өнөөдөр СТӨ-нд уулзалт хийж байна. Манай яамнаас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгож зарласан. Хөдөлмөрийн насны болон хөдөлмөрийн чадвартай бүх иргэнийг хөдөлмөр эрхлэхэд уриалж байгаа юм. Одоогийн байдлаар 109 мянган иргэн огт хөдөлмөрийн харилцаанд оролцдоггүй гэсэн судалгаа байна. Бид энэ иргэдээс 30 мянгыг нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэхэд уриалан дуудаж, шаардлагатай санхүүгийн тусламж, мэргэшүүлэх, дадлагажуулах дэмжлэг үзүүлнэ.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” бол гаднын ажилчдын төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүдийн шимтгэлээс бүрддэг сан. Энд төвлөрсөн хөрөнгийг дотоодын хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрүүдэд зориулдаг. Оюутан залуучууд бол бидний хойч үе. Орчин үед тэдний боловсрол, мэргэжил эзэмших, ажлын байранд гарах зэрэг нь маш онцлогтой болсон байна. Цалингаас гадна ажлын байрны нөхцөл, уян хатан байдал, ажил амьдралын тэнцвэртэй байдал, сэтгэл зүйн хувьд эрүүл ажлын соёл, тасралтгүй хөгжих боломжийг нэн тэргүүнд хардаг болжээ. Энэ өөрчлөлтийг бид “Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эрин” гэж нэрлэж байна. Энэ өөрчлөлтөд залуус бэлэн үү гэдгээс гадна төр засаг дэмжихэд бэлэн үү гэдгийг анхаарч байна. Технологи, хиймэл оюун ухаантай өрсөлдөх биш харин ашиглаж, хамтран ажиллахыг залуучууддаа хэлье.
Одоо манай хөдөлмөр эрхлэгчдийн 50-иас илүү хувь нь эзэмшсэн мэргэжил, авсан дипломоосоо өөр төрлийн ажил хийж байна. Энэ нь манай боловсролын систем цаг үедээ тохирсон, эрэлттэй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхгүй, уялдаа холбоо байхгүй байгаа юм биш үү гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. Өнөөдөр зургаан их сургуулийн 1000 гаруй оюутан оролцож байна. Тэд ямар ажил хийх хүсэлтэй байгаа, ямар мэргэжил эзэмших мөрөөдөлтэй байгаагаа ярьж байна. Цахимжиж байгаа ертөнцтэй хэрхэн хөл нийж алхах вэ? Судалгаагаар цахим шилжилттэй холбоотой маш олон ажлын байр алга болжээ. Гэхдээ нөгөө талаас шинэ ажлын байр гарч ирж байна. Дэлхийн энэ өөрчлөлтөөс манай улс хоцрох ёсгүй”
