ОХУ-ын алдарт дуучин Алла Пугачёва 77 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Алла 2022 онд Украины дайныг эсэргүүцээд нөхөр, хүүхдийн хамт ОХУ-аас гарч явсан. Урьд өмнө нь түүний төрсөн өдрөөр Төрийн тэргүүд хүртэл баяр хүргэн, хүлээн авалт, үдэшлэг болдог байсан бол энэ удаад эх нутагтаа ад үзэгдсэн байдалтай тэмдэглэлээ.
Алла одоо Кипрт амьдарч байгаа бөгөөд төрсөн өдрөөр нь гэр бүлийнхэн нь иржээ. Аллагийн нөхөр Галкин инстаграмд зураг оруулж, “Гэр бүл цугларлаа” гэж бичсэн байв.

Аллагийн ууган охин Кристина Орбакайте нөхөр Михаил Земцов болон хүү 34 настай Никитагийн (аав нь дуучин Владимир Пресняков) хамт ирсэн бол Галкин 12 настай ихэр хүүхдүүдтэй хамт зураг авхуулжээ.
Орос оронд тэрс үзэлтэн гэгдээд байгаа Алла Пугачевад өмнө нь Оросын бүхий л уран бүтээлчид баяр хүргэдэг байсан бол энэ жил үнэнч хэд нь л үлдсэн байна. Дима Билан, Игорь Николаев, Земфира, Литвинова нар шүүмжлэлээс айлгүй олон нийтийн сүлжээнд баярын захидал илгээжээ.

Аллагийн хуучин нөхөр Филипп Киркоров хамтдаа байгаа зургаа оруулаад “Хамтдаа байсан үеэрээ би бахахдаг. Агуу дуучин, агуу эмэгтэй. Дахин уулзана гэдэгт итгэж байна. Алла, төрсөн мэнд хүргэе” гэж бичсэн байлаа.
