Америкийн инди рок хамтлаг The Strokes энэ жилийн Коачелла фестивалийн хоёр дахь долоо хоногийн тоглолтоо гэнэтийн, бас маш хүчтэй улс төрийн мессежээр өндөрлүүлж, олон нийтийн анхаарлын төвд орлоо.
Хамтлаг тоглолтын төгсгөлд том LED дэлгэцээр АНУ-ын гадаад бодлого, CIA-тай холбоотой гэх засгийн газрын нууц ажиллагаанууд, Ойрх Дорнод дахь сүүлийн үеийн цэргийн ажиллагаанууд зэрэгт шүүмжлэлтэй хандсан видео үзүүлсэн байна.
Энэхүү бичлэгийг 2016 оноос хойш амьд тоглолтод дуулаагүй байсан “Oblivius” дууны үеэр гаргасан бөгөөд хамтлагийн дуучин Жулиан Касабланкас, “Чи аль талд нь байна вэ?“ хэмээн давтан дуулж, үзэгчдэд шууд асуулт тавьж байсан нь тоглолтын онцгой мөч байлаа.
Видео төгсгөл хэсэгт Иранд болсон бөмбөгдөлтийн бичлэг дээр “30 гаруй их сургууль устсан” гэсэн тайлбартайгаар, Газад барилга дэлбэрч буй дүрс дээр “Сүүлчийн их сургууль” хэмээх тайлбартайгаар гарч, улс төрийн сэдвийг хөндсөн нь үзэгчдийн дунд хүчтэй маргаан үүсгэв.

Сошиал сүлжээнд хүлээн авагчдын хариу үйлдэл хоёр хэсэг хуваагдсан байгаа бөгөөд дэмжсэн хэсэг нь “Тайзан дээрээс бодит байдлыг харууллаа”, “Газа, Ираны талаар дуугарсанд баярлалаа” гэсэн бол шүүмжилсэн хэсэг нь, “Улс төрийг хөгжмийн фестивальд оруулж ирэх нь буруу”, “Нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн” гэж үзэж байна.
Шуугиант тоглолтын дараа The Strokes хамтлаг зуны эхээр дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд наймдугаар сард Калифорнид болох “Just Like Heaven” фестиваль дээр тоглох хуваарьтай байна.
