Сүүлийн жилүүдэд нэгэн цагт алдартай явсан уран бүтээлчдийн намтраар олон олон кино гарах болжээ. Энэ л ёсоор попын хаан гэгдэх алдарт дуучин Майкл Жексоны намтарчилсан кино “Michael” дөрөвдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн билээ. Уг кинонд алдарт дуучны бага наснаас карьерын идэр үе хүртэлх өгүүлэх аж.
Нээлтээ хийсэн эхний гурван хоногтоо дэлхий даяар 217 сая ам.доллар олов.
Энэхүү кино нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан билээ. Нээлтээ хийсэн эхний гурван өдөртөө л гэхэд дотоодын зах зээлээс 97 сая ам.доллар, дэлхий даяар 217 сая ам.доллар олжээ. Ижил төстэй хөгжмийн намтарчилсан “Bohemian Rhapsody”, “Straight Outta Compton” кинонуудтай харьцуулахад маш өндөр нээлтийн амжилтыг үзүүлээд байгаа аж. Мөн уг орлого нь хөгжмийн намтарчилсан киноны түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр нээлтийн орлого болж байна.
“Michael” кино нээлтээ хийхээс нэг сарын өмнө “box office”-ийн урьдчилсан таамгаар нээлтээ хийсэн эхний гурван өдөртөө 50-60 сая ам.долларын орлого олох төлөвтэй байжээ. Гэхдээ үзэгчдийн хүлээлт үүнээс өндөр байлаа. Тасалбар авч байгаа үзэгчдийн 61% нь эмэгтэйчүүд байсан бол 66% нь 25 ба түүнээс дээш насныхан байжээ.
Нээлтээ хийсэн даруйдаа шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авав.

“Michael” кино нь Майкл Жексоны хөгжмийн амжилт болон эцэг хүүгийн хүндхэн харилцаан дээр илүүтэйгээр төвлөрчээ. Тиймээс ч Майкл Жексоны амьдралын маргаантай асуудлуудыг харуулж чадсангүй хэмээн шүүмжлэл дагуулж байна. Ихэнх кино шүүмжлэгчид уг киног муугаар үнэлжээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд “Rotten Tomatoes” платформ дээр 38%-ийн үнэлгээтэй байна. Киноны утга агуулга сул, хөгжмийн клип болон тоглолтыг маш сайн сэргээн бүтээсэн ч өөр онц зүйлгүй хэмээн шүүмжлүүлжээ.
“The Travers Take”-ийн шүүмжлэгч Peter Travers бичихдээ “Jaafar Jackson“ авга ахынхаа тайзны дүрийг гайхалттайгаар илэрхийлжээ. Гэхдээ энэ кино Майкл Жейксон гэх хүнийг, дүрийг дэлгэцнээ бүрэн илэрхийлж чадсангүй” хэмээсэн байна.
Мөн Sara Michelle Fetters гэх кино кино шүүмжлэгч “Michael киноны хөгжмийн хэсгүүд маргаангүй гайхалтай. Гэхдээ энэ кинонд ямар ч утга агуулга алга. Үнэхээр юу ч алга“ хэмээн шүүмжилсэн.
Харин үзэгчид…
Шүүмжлэгчид хэдийгээр “Michael” киног муугаар үнэлсэн ч үзэгчид эсрэг байр суурьтай байна. “CinemaScore” гэх үзэгчид кинонд үнэлгээ өгдөг платформ дээр тус кино “А” үнэлгээг, “Rotten Tomatoes” дээр 97%-ийн үнэлгээг авчээ.
Rotten Tomatoes дээр нэг үзэгч “Мэргэжлийн шүүмжлэгчдийн үнэлгээ хамаагүй, надад энэ кино таалагдсан. Тэгээд ч шүүмжлэгчдээс өндөр оноо авсан ихэнх кино удалгүй мартагддаг. Үзэгчид өөрсдөө үзэж байж л киноны сайн мууг шийднэ шүү дээ. Цаашдаа ч олон кино шүүмжлэгчдийг гайхшируулах гэж оролдохгүй байгаасай гэж хүсэж байна“ хэмээжээ. Ихэнх үзэгчид “Michael” кино яагаад шүүмжлэгчдээс муу үнэлгээ авсныг гайхаж бас бухимдаж байна.
Кино театрууд бараг л тоглолтын тайз болсон гэлтэй бичлэгүүд цахим орчинд ч их тархаж байна.
1. Кино биш тоглолт гэлтэй
2. Кино дууссан ч гэсэн дуулж бүжиглэсээр л
3. Кино дуусаад л танхимаас шууд гарахгүй шүү
4. Кино үзэж байгаа манай эмээ
5. Дуутай шуутай, бүжигтэй хууртай л үзмээр байна
6. Тэд үнэхээр л адилхан
