Алдарт жүжигчин Сэм Нилл бараг таван жилийн турш тэмцсэн гуравдугаар шатны цусны хорт хавдраас бүрэн эдгэрснээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Австралийн 7News телевизэд өгсөн ярилцлагадаа сүүлийн үеийн шинжилгээний хариу “Биед нь ямар ч хавдар үлдээгүй” гэж гарсныг дуулгажээ.
Жүжигчин өмнө нь лимфомын нэг төрөл болох Т эсийн лимфоматай гэж оношлогдож, олон жилийн турш хими эмчилгээ хийлгэж байсан байна. Гэвч эмчилгээ үр дүнгээ өгөхөө болин, байдал хүндэрч эхэлжээ.

Энэ үед тэрээр CAR T-cell therapy хэмээх шинэ төрлийн дархлааны эмчилгээний туршилтад хамрагдсан байна. Энэ эмчилгээ нь хүний дархлааны эсийг өөрчилж, хавдрын эсүүдийг устгахад чиглэдэг орчин үеийн дэвшилтэт арга юм.
Шинжилгээний хариу гарсны дараа Нилл “Одоо миний биед ямар ч хавдар алга. Ийм зүйл тохиолдож болдогт үнэхээр баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Jurassic Park цувралд доктор Алан Грантын дүрээр алдаршсан тэрээр эрүүл мэнд нь сайжирсантай холбоотойгоор дахин уран бүтээлдээ эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “Одоо дахин нэг кино хийх цаг болсон байх” хэмээн хэлжээ.

Жүжигчин мөн CAR T-cell therapy-г Австрали даяар илүү өргөн хүрээнд нэвтрүүлэхийг уриалав. Одоогоор энэ эмчилгээ нь зөвхөн тодорхой эмнэлгүүдэд, тодорхой төрлийн хавдартай өвчтөнүүдэд л хийгддэг бөгөөд хувийн эмнэлэгт нэг өвчтөнд хийхэд 600,000 австрали доллароос дээш өртөгтэй байдаг аж.
Нилл 2023 онд анх өөрийн оношийг олон нийтэд зарласан бөгөөд түүнд 2022 онд, “Jurassic World Dominion” киноны сурталчилгааны үеэр анхны шинж тэмдэг илэрч, хүзүүний булчирхай хавдаж эхэлсэн байна.
