UBLife Logo
Newsfeed

TikTok-ийн трэндүүд хүний аминд хүрсэн эмгэнэлт 10 тохиолдол

TikTok-ийн трэндүүд хүний аминд хүрсэн эмгэнэлт 10 тохиолдол

Сошиал сүлжээнд трэнд болж эхэлсэн бичлэгүүд ихэнхдээ энгийн л сорилт мэт харагдаж, дуурайж үзэх нь их байдаг.

Өсвөр насныхан, хүүхдүүд ийм бичлэгүүдийг дуурайхдаа аюулыг бүрэн ойлголгүйгээр оролдож, өрөө, гадаа гудамж талбай, олон нийтийн газар гээд хаа сайгүй туршиж үздэг. Харамсалтай нь энэ үйлдлүүд маш аюултай байдалд хүрч, бодит байдал дээр зарим нь амь насаа алдсан эмгэнэлт үр дагаварт хүргэж байна.

Та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс дараах 10 бодит түүхийг орчуулан хүргэж байна.


1. “Door-Kick Challenge” нохойны аминд хүрэв

“Door-kick challenge” буюу “хаалга өшиглөх сорилт” нь TikTok зэрэг олон нийтийн сүлжээний платформ дээр сүүлийн үед ихээхэн тархсан бөгөөд оролцогчид танихгүй хүмүүсийн гэрийн хаалгыг өшиглөж бичлэг хийдэг байна.

Энэ нь анх “ding-dong ditch” буюу хаалга тогшиж, хонх дараад зугтдаг тоглоомоос үүсэлтэй боловч илүү хүчирхийллийн хэлбэрт шилжжээ. Оролцогчид хаалга тогшиж эсвэл хонх дараад, дараа нь хүчтэй өшиглөж эвдээд зугтдаг байна. Гаднаас нь харахад зүгээр л “пранк” мэт боловч бодит байдал дээр эд хөрөнгө сүйтгэх, хүмүүс болон амьтдад аюул учруулах, гэнэтийн нөхцөл үүсгэх эрсдэлтэй байна.

Флорида мужийн Делтона хотод гарсан нэг хэрэг үүнийг тод харуулсан юм. 2025 оны 12-р сард 14 настай Жеральд “Трей” Лукас нэгэн айлын хаалгыг өшиглөсөн бөгөөд гэрийн эзэн тухайн үед байхгүй байсан ч ноход нь дотор байжээ. Хаалга эвдэрснээр Yorkshire Terrier үүлдрийн Спүүки хэмээх нохой тэр даруй гадагш үсрэн гарч, улмаар машинд мөргүүлж амиа алджээ.

Гэрийн эзэн, “Хэрвээ хаалга минь эвдрээд л дуусан бол би тоохгүй. Гэхдээ миний нохой тэгж үхэх ёсгүй байсан юм” хэмээн яриа өгсөн байна.

Эхэндээ хангалттай нотлох баримтгүй гэж үзсэн ч хэргийг дахин шалгасны дараа 2026 оны 1-р сарын 27-нд хүүг баривчилжээ.

Одоо тэрээр орон байрны хулгай, эд хөрөнгө сүйтгэсэн зэрэг гэмт хэрэгт холбогдоод байна.


2. “Galaxy Gas” хэмээх хий сорох трэндээс болж нэгэн эмэгтэй амиа алджээ

“Galaxy Gas” трэнд 2024 оноос эхлэн сошиалд тархаж, хүмүүс нитрус оксид (nнээлгэдэг газ) сорж буй бичлэгээ нийтэлж эхэлсэн байна.

Энэ хий нь хоол үйлдвэрлэл, эмнэлэгт ашиглагддаг боловч буруу хэрэглээ нь ноцтой аюултай үр дагаварт хүргэдэг байна. Хэдийгээр савлагаан дээр “Сорж болохгүй” гэж анхааруулсан байдаг ч өргөн тархсан, өнгөлөг савлагаатай, нэмээд сошиал нөлөөнөөс үүдэн алдартай болж залуус ихээр сонирхож эхэлжээ.

Энэ газыг хэрэглэснээр мэдрэлийн гэмтэл, хүчилтөрөгчийн дутагдал, донтолт, үхэлд хүргэх аюултай юм.

Нэшвилл хотын оршин суугч Келли Розенталь өөрийн донтох асуудлын талаар өмнө нь илэн далангүй ярьж байжээ. “Би буруу гэдгийг мэдэж байсан ч зогсоож чадаагүй” хэмээн ярьж байсан ч үргэлжлүүлэн хэрэглэж байв. Удалгүй тэр тархины хагалгаанд орсон ч хэрэглэсээр байсан бөгөөд хагалгаанаас 4 сарын дараа гэртээ нас барсан байдалтай олджээ.

Цагдаагийн мэдээллээр өрөөнд нь олон тооны хийний сав байсан байна. Гэр бүл, ойр дотнын хүмүүс нь энэ бодисыг хэт амархан авах боломжтой, тархсан байдлыг гол асуудал гэж үзэж байна.


3. “Korean Love Game” | Сэтгэлзүйн манипуляци болон гурван охины эмгэнэлт үхэл

“Korean Love Game” зүгээр нэг трэнд биш, онлайн манипуляци, хуурамч харилцаа, сэтгэлзүйн дарамт болон хувирсан бүхэл бүтэн схем гэж үзэгддэг.

Энэ тоглоомонд өөрсдийгөө солонгос залуу эсвэл K-pop фэн мэт дүр эсгэсэн хүмүүс өсвөр насныхантай чатлаж ойртдог байна. Онлайн орчинд 50 хоногийн турш хуурамчаар романс харилцаа үүсгэх бөгөөд тэр хүмүүс хүүхдүүдэд “даалгавар” өгдөг. Эхэндээ энгийн пранк, K-драм дуурайх зэрэг хөнгөн, хөгжилтэй даалгавар байдаг бол сүүлдээ бусдаас тусгаарлах, сэтгэлзүйн дарамт үзүүлэх, өөрийгөө гэмтээх, ццэст нь амиа хорлох даалгавар болтлоо даамжирдаг аймшигтай аюултай зүйл билээ. Энэ нь өмнө нь тархсан “Цэнхэр халим”-тай төстэй.

2026 оны 2-р сарын 4-нд Энэтхэгийн Газиабад хотод 16, 14, 12 настай гурван эгч дүүс 9 давхараас үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг болсон юм. Цагдаа нар шөнө 2:15-д дуудлага авч, хүүхдүүдийг хүнд гэмтэлтэй байхад нь яаралтай эмнэлэгт хүргэсэн ч гэмтлээ даалгүй бүгд өнгөрчээ. Тэд энэхүү тоглоомоос үүдэлтэйгээр амиа алдсан гэх таамаглал их байсан юм. Хөл хорионы үеэс эхлэн охид К-поп болон драмуудад ихээр автаж, цагийг хамт өнгөрүүлдэг байжээ.


4. NeeDoh тоглоомыг халааж болохгүй

“NeeDoh cube challenge” нь TikTok, YouTube дээр тархсан бөгөөд зөөлөн гелэн тоглоомыг хөлдөөж, дараа нь богино долгионы зууханд халаах туршилт хийдэг аж. Гэвч бодит байдал дээр доторх гелэнд жигд бус халалт үүсэж, даралт үүсгэн гэнэт дэлбэрдэг байна. Ингэснээр халуун, наалдамхай бодис арьсанд наалдаж гүн түлэгдэлт үүсгэдэг.

2025 оны 10-р сард 7 настай Скарлет Селби охин нүүр, цээжиндээ хүнд түлэгдэж комад орсон байна.

2026 онд 9 настай Калеб Чаболла нүүр, гарандаа 2-р зэргийн түлэгдэлт авчээ.

Эмнэлгүүдийн зүгээс үүнтэй ижил төрлийн олон тохиолдол хэд хэд бүртгэгдсэн тухай мөн мэдэгдсэн юм.

Тус тоглоомыг үйлдвэрлэгч компани халаах, хөлдөөхийг хориглож, TikTok-той хамтран бичлэгүүдийг устгуулах арга хэмжээ авчээ.

5. “Car Surfing” буюу үхлийн аюултай трэнд

“Car surfing” сорилт нь явж байгаа машины дээр зогсох, чирэгдэх, обьект дээр зогсож явах зэрэг маш аюултай үйлдлүүдийг багтаадаг.

Эдгээрийг “зоригтой үйлдэл”, “адал явдал” гэж харуулдаг ч бодит байдал дээр маш өндөр эрсдэлтэй.

2025 оны 6-р сарын 1-нд нэгэнд 17 настай хүү машины араас чирэгдэж байсан ширээн дээр зогсож байгаад, хүчтэй хөдөлгөөний улмаас шидэгдэн зогсоолын машин мөргөж амиа алджээ. Машиныг ангийнх нь найз жолоодож байсан бөгөөд үүний улмаас ял үүрэхээр болсон юм.

Прокурор “Жолооч машиныг хэт хурдтай жолоодож, зорчигчийг амиа алдахад хүргэсэн” гэх дүгнэлт гаргажээ.

Өөр нэгэн ослын улмаас 20 настай эмэгтэй машины тээшнээс унаж тархины гэмтэл авчээ.


6. “Chroming” — Биеийн үнэртнээс болж амиа алджээ

“Chroming” гэх нэршилтэй трэнд нь аэрозол бүтээгдэхүүн (үнэртэн, будаг гэх мэт)-ийг үнэрлэж богино хугацааны “мансуурал” мэдрэх оролдлого юм. Энэ нь маш өндөр эрсдэлтэй бөгөөд зүрхний хэм алдагдах, гэнэтийн зүрх зогсолтод хүргэж болзошгүй.

2026 оны 1-р сард Лондон хотын зүүн хэсэгт орших Харолд Хиллд 11 настай Фредди Дэвис сургуульдаа явах цаг болсон байхад гарч ирэхгүй байсан нь ээжийнх нь санааг зовоожээ. Ээж Роузанн нь өрөөний хаалгыг нээж хүүгээ дуудахад ямар ч хариу өгөөгүй бөгөөд мөрөнд нь хүрэхэд “ердийнхөөс илүү хүйтэн” байсан гэж мэдүүлжээ. Эмэгтэй тэр даруй яаралтай тусламжид дуудлага өгч, цагдаа нар ирэхэд Фредди Ted Baker брэндийн биеийн үнэртэн барьсан чигтээ унасан байгааг олж харжээ. Мөн өрөөнөөс химийн үнэр гарч байсан гэв. Шинжилгээгээр пропан, бутан, изобутан илэрсэн нь аэрозол бүтээгдэхүүний найрлагатай таарч байв. Хүүхдүүд аливаа зүйлд автаж, сониуч байдлаар турших явдал их байдаг тул бусад эцэг эхчүүдийг анхааралтай байхыг анхааруулжээ.

7. “Subway Surfing” сорилт хоёр охины аминд хүрэв

“Subway surfing” буюу хөдөлж буй галт тэрэгний дээр гарч явах сорилт TikTok дээр дахин тархаж эхэлжээ. Галт тэрэгний дээвэр дээр ямар ч хамгаалалтгүй гарч явах энэхүү маш аюултай үйлдэл нь эцэстээ хүмүүсийг унах, барилга, байгууламж мөргөх, цахилгаанд цохиулах зэрэг эрсдэлүүдэд хөтөлдөг аж.

2025 оны 10-р сарын 8-нд Нью-Йорк хотод 12 болон 13 настай хоёр охин Бруклин чиглэлийн галт тэрэгний дээр явж байгаад Marcy Avenue буудал дээр ухаангүй байдалтай олдсон байна. Аврагчид тэднийг газар дээр нь нас барсан гэж зарласан. Тэдний нэг болох 12 настай Земфира Мухтаров 13 нас хүрэхэд хэдхэн долоо хоног дутуу байжээ. Энэхүү явдлаас үүдэн Нью-Йорк хотын Нийтийн тээврийн байгууллагын тэргүүн Деметриус Крихлоу, “Галт тэрэгний дээр гарахыг ‘серфинг’ гэж нэрлэхгүй, энэ бол амиа хорлолт” хэмээн анхааруулжээ.

Албаныхан ижил шалтгаанаар олон хүн нас барсан ч трэнд үргэлжилсээр байгааг анхааруулжээ.

8. Blackout Challenge - 9 настай охины амийг авч одов

“Blackout challenge” буюу амьсгалаа боож ухаан алдах сорилт TikTok дээр өргөн тархсан. Энэ нь амьсгалаа барих, хүзүү болон цээжиндээ даралт үзүүлж, ухаан алдах хүртлээ хийдэг аюултай үйлдэл юм.

Үүний улмаас тархины гэмтэл, зүрх зогсох гээд хэдхэн минутын дотор үхэх өндөр эрсдэлтэй. Аюулыг нь мэдэхгүйгээс болж хүүхдүүд янз бүрийн эд хэрэгсэл ашиглан өөрсдийгөө боомилдог аж.

2026 оны 2-р сарын 3-нд Техас мужид 9 настай Жаклин Блаквелл гэртээ энэ сорилтыг туршиж байгаад амиа алдсан байна. Аав нь түүнийг тэр даруй аврахыг оролдсон ч харамсалтай нь охин амьд гарч чадаагүй аж. “Энэ бол тоглоом биш, энэ бол амьдрал бас үхлийг шийдэх зүйл“ гэж аав нь дараа нь өгсөн ярилцлагадаа дурджээ.

9. “Devil Trend”

“Devil trend” нь TikTok дээр тархсан бөгөөд AI ашиглан өөрийгөө шүүмжилсэн, хүнд үгсийг хэлүүлж, сэтгэлзүйн дарамт үүсгэдэг формат юм. Зарим нь үүнийг өөрийгөө таних, бараан хошигнол гэж үздэг ч мэргэжилтнүүд сөрөг бодлыг гүнзгийрүүлдэг, сэтгэлзүйн эрсдэлтэй гэж анхааруулж байна.

2025 оны 12-р сард 19 настай Клэйр Трэйси хийгээр амьсгадан амиа алдсан байдалтай олджээ. Үүнээс өмнөх өдөр тэр “devil trend”-д оролцсон бичлэг нийтэлж, өөрийгөө хатуу шүүмжилсэн үгс ашиглаж, ихээхэн уншсан байжээ. Түүнийг “авьяастай тамирчин”, “гэрэл гэгээтэй оюутан” гэж тодорхойлсон ч шинжээчдийн дүгнэлтээр амиа хороосон болохыг тогтоосон байна.

Энэ хэрэг нь сошиал контент, сэтгэлзүйн нөлөө хоорондын холбоог ихээхэн анхаарч, чухалчлан авч үзэх ёстойг хүмүүст ойлгуулсан юм.

Энэ мэтээр тоглоом шоглоом, трэнд, челленж гэх зүйлс хэрхэн бидний үр хүүхдүүд, залууст эрсдэл дагуулж болохыг харуулсан харамсалтай хэргүүд олон байдаг. Тиймээс сошиал медиа болон интернэт хэрэглээндээ бодолтой, анхааралтай хандахыг та бүхэнд уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...