АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайны улмаас Персийн буланд гацаад байгаа хөлөг онгоцнуудыг чөлөөлөх “Эрх чөлөө төсөл” ажиллагаагаа богино хугацаанд зогсоож байгаагаа зарлалаа. Өнгөрсөн Даваа гарагт эхэлсэн тус тусгай ажиллагааг Пакистаны хүсэлтээр түр зогсоож, Тегерантай энхийн гэрээ байгуулах боломж нэмэгдсэн эсэхийг харах гэнэ. Пакистан улс нь АНУ, Ираны хооронд энхийн гэрээ байгуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Дональд Трамп “Манай ажиллагаа маш амжилттай болсон. Ираны талтай гал зогсоох гэрээ хийхэд илүү дөхөм болж өглөө. Гэхдээ Ормузын хоолойг бүсэлсэн хэвээр байх болно” гэж мэдэгдлээ. Энэ мэдэгдлийн дараа Азийн орнуудад нефтийн үнэ буурсан байна.
Харин Ираны төрийн хэвлэлүүд “АНУ Ормузын хоолойд явуулсан ажиллагаа нь бүтэлгүйтсэний дараа зогсоох шийдвэр гаргасан” гэж хариу барилаа.
Одоогийн байдлаар тус бүс нутагт АНУ-ын 15 мянган цэрэг, олон тооны хөлөг онгоц төвлөрөөд байна. Дайн эхэлсэн цагаас хойш Персийн буланд 1500 гаруй хөлөг онгоц, 22500 далайчин гацаад байгаа юм.
