Бид эсрэг тэсрэг цаг үед амьдарч байна. Нэг талаас “hustle” соёл биднийг үр бүтээлтэй байхыг шаардав ч нөгөө талаас хүмүүс амрах эрхтэй гэдгээ баталж, заргалдаж эхэллээ. Залхуу гэдэг үг хүн муулсан үг биш болсон. Харин ч юу ч хийхгүй байх урлаг нь тренд болон хувирч, сэтгэл зүйчид судлан хэлэлцэж, блогчид магтан дуулж, олон сая хүн хэрэгжүүлдэг зүйл болжээ. Тэгвэл энэ залхуурах урлаг хаанаас бий болов, ямар түүхтэй юм бэ гэдгийг авч үзье.

Залхуурах нь сайн үйл гэж үздэг байсан эртний сайхан үе
Залхуурлын түүх нь XXI зууны залхуу хүүхдүүдээс эхэлсэн юм биш. Харин эртний гүн ухаантнуудаас эхтэй. Эртний Ромд “otium” гэдэг ойлголт байсан нь “эрхэмсэг чөлөөт цаг, эргэцүүлэл, бүтээлч байдал, эргэцүүлэн бодох цаг” гэсэн утгатай байлаа. Үүний эсрэг утгатай үг нь “negotium” буюу “ажил хэрэг, үүрэг хариуцлага, үйл хөдөлгөөн” юм. Ромын яруу найрагчид, гүн ухаантнууд “otium”-ийг сэтгэл санаа, эрдэм мэдлэгээ дээшлүүлэхэд орхиж болохгүй нөхцөл гэж үздэг байлаа.

Марк Туллий Цицерон ухаан санаагаа амраах талаар маш олон туурвил бичсэн. Тэрээр эрхэмсэг залхуурал дунд л агуу санаа төрдөг гэж баталж байлаа. Плиний эрхэмсгээр залхуурахын тулд харшдаа очоод ном уншиж, зугаалан, найзуудтайгаа уулздаг байв.
Эртний грекүүд ч чанартай сайхан амралтын талаар сайн мэддэг байлаа. Тэдний schole (сургууль) гэдэг үг нь өөрийгөө хөгжүүлэх, гүн ухаанчаар сэтгэхэд зориулагдсан чөлөөт цаг гэсэн утгатай байв. Яг л ийм цаг мөчид Аристотель, Платон нар шилдэг бүтээлүүдээ туурвижээ.
Dolce far niente: Амтат залхуурлын итали урлаг
Хэдэн зуун жилийн өмнө очиж үзье. Италийн таашаал авах онол нь “dolce far niente” гэсэн нэртэй байв. Үгчлэн орчуулбаас “юу ч хийхгүй байхын амт” болно. Энэ бол бидний ахуйн хүрээнд төсөөлдөг залхуурал биш харин тухайн цаг мөчөөсөө таашаал авч чадах нь ажилсаг байхаас илүү чухал гэж баталсан амьдралын бүхэл бүтэн гүн ухаан байлаа.

Италийн соёлд энэ байдлыг маш чухал, мэдээжийн байдал гэж үздэг. Өдрийн хамгийн халуун цагт амрах нь залхуурсан хэрэг биш цаг ууртай ухаалгаар зохицох чадвар, бие махбодио хүндэтгэн хүлээн авч байгааг харуулж байна. Гэр бүлтэйгээ удаан, тухтай хооллох, үдшийн гудамжаар яаралгүй зугаалах, ганц аяга эспрессо бариад кафед хэдэн цагаар суух нь бүгд dolce far niente юм.
Италичууд амьдрал хэт богинохон тул бүгдийг нь ажилд зарцуулж болохгүй гэж итгэдэг. Тэд ажлын хэмнэлээс гарч, юу ч хийлгүй оршин байж чаддаг. Нар жаргахыг харах, талбайд байгаа хүмүүүсийг ажиглах, усан оргилуурын чимээ чагнах жирийн таашаал нь тэдний хувьд албан тушаал ахисан мэт л чухал зүйл.
Скандинав хюгге: Тав тух бол амьдралын гүн ухаан
Өмнөд Европын иргэд нар, цэлмэг тэнгэр доор яаралгүй сайхан оршиж байгаа бол Хойд Европын хүйтэн сэрүүн газрынхан ч бас өөрийн гэсэн залхуурлын урлагтай. Данийн хюгге гэдэг ойлголт нь “тав тух, дулаахан, таатай байдал” гэсэн утгатай. Амьдрал дээр хюггег авч үзвэл зөөлөн хөнжил, лаа, халуун шоколад, хүйтэн үдшийн сайхан ном гэж хэлэхэд болно.

Скандинавчууд өдөр тутмын амьдралдаа амгалан тайван байдлын арал үүсгэж чаддаг ард түмэн. Өвөл нь хагас жил үргэлжилж, өдрийн нартай цаг нь богинохон орны иргэд жижигхэн зүйлээс ч таашаал авч чаддаг байж, амьд үлддэг байлаа. Дэлхийн хамгийн аз жаргалтай орны жагсаалтад Скандинавын орнууд тэргүүн байрт дандаа ордгийг та анзаарсан уу?
Хюгге бол оймс нэхэж, хоол идэж зургаа тавидаг Instagram биш энэ бол гадна амжилтын төлөө хөөцөлдөлгүй дотроо амгалан байж, тухайн цаг мөчөө үнэлж чаддаг байх гүн ухаан юм. Даничууд орой үдэш нь гар утсаа унтраагаад гэр бүлтэйгээ хамт зүгээр л байж байх орон зай үүсгэдэг.
Хэт ажиллаж, сөхөрсөн XX зууны үр бүтээмжийг шүтэх үзэл
Ажил хийхгүй байхыг бараг гэмт хэрэг гэж үздэг байсан XX зууныг дурсахгүй бол залхуурлын түүх дутмаг болно. Аж үйлдвэржилтийн хувьсгал, капитализм нь хүний үнэ цэнийг гаргасан бүтээмжээр нь үнэлдэг болсон. Ажил хийхгүй бол ам тосдохгүй. Гар хумхилгүй ажилласан хүн амжилтад хүрнэ гэж Америкийн мөрөөдөл уриалж байлаа.

Гэвч энэ зууны сүүлийн жилүүдэд “ажлаас халшрах, дургүйцэх”, “хэт ядарлын синдром” гэсэн нэр томъёо гарч ирлээ. Олон сая хүн ажиллаж, албан тушаал ахих гэж эрүүл мэнд, аз жаргал, амьдралаа золиосонд гаргаж байлаа. Нийгэм тэр чигээрээ амралт бол сайн ажилласны төлөөх шагнал, урамшуулал биш угаасаа байх ёстой зүйл гэдгийг мартсан байлаа. Харин 2020 оны цар тахал энэ ойлголтыг өөрчилсөн юм. Гэнэт хүмүүс маш олон ажлыг гэрээсээ хийж болдог юм байна, оффист заавал очих шаардлагагүй юм байна гэдгийг ойлгов. Ингээд хүмүүс ажил, амьдралын талаар дахин эргэцүүлж эхэлсэн билээ.
Quiet Quitting: Орчин үеийн залхуурах урлаг
“Ажлаасаа чимээгүй гарах” гэдэг ойлголт 2022 онд дэлхийг эзэлсэн. Quiet Quitting гэдэг нь шууд утгаараа ажлаас гарах биш харин хэт ажиллах, хичээнгүйлэн хөдөлмөрлөхөөс татгалзах гэсэн утгатай үг. Хүмүүс одоо ажил хийж байгаа, гэхдээ тэд өгсөн цалинд нь тааруулж ажилладаг болсон. Шүүмжлэгчид үүнийг залхуурал, хариуцлагагүй явдал гэж үзэж байна. Харин дэмжигчид нь энэ бол өөрийгөө хүндэлж байгаа хэлбэр гэж тайлбарлана. Залуу үе компанийн төлөө хувийн амьдралаа золиослох ёстой гэсэн дүрмийг хүлээн авахгүй. Тэд “ажиллахын төлөө амьдрах” биш “Амьдрахын төлөө ажиллах”-ыг хүсэж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө маш өндөр цалинтай ажлаас гарсан хүмүүсийн түүх олон нийтийн сүлжээг дүүргэж, эрт тэтгэвэртээ гарахын тулд санхүүгийн эрх чөлөөнд шалавхан хүрэх FIRE (Financial Independence, Retire Early) хөдөлгөөнүүд үүслээ. Залхуурал гэдэг нь гэм зэм биш өнөөгийн системийн эсрэг үйлдэл болж хувирлаа.
Netflix ба ухамсартайгаар залхуурах эрин
Орчин үеийн стриминг үйлчилгээнүүд орчин үеийн амрах соёлын төгс бэлгэ тэмдэг боллоо. Netflix платформоос гаргасан “Netflix and chill” гэдэг нь гэртээ сайхан цаг өнгөрүүлэх гэсэн утгатай. Хүмүүс гэрийн хувцастайгаа дуртай цувралаа үзээд буйдан дээр хэвтэж байгаагаараа бахархдаг болсон. Энэ бол зарим хүний хэлж байгаа шиг дампуурал биш харин бүрэн бүтэн амрах эрхтэй гэдгээ харуулж байгаа хэрэг. Долоо хоног ажил дээр стресстсэний дараа дэлгэц ширтээд суух нь шилдэг амралт мөн. Хүн юу хийж байгаа нь чухал биш тэр юу мэдэрч байгаа нь чухал.

Орчин үеийн залхуурах урлаг нь юу ч хийлгүй амрахыг аливаа зүйлийг хойшлуулахаас ялгаж сурсан. Хойшлуулах гэдэг нь чухал зүйлээс зайлсхийсэн, түгшсэн мэдрэмж төрүүлдэг бол ухамсартайгаар залхуурах нь ямар ч гэм буруугийн мэдрэмжгүй амрахыг хэлнэ. Мөн өнөөдөр би юу ч хийхгүй байх эрхтэй гэж өөртөө хэлж чадаж байгааг харуулж байна.
Яагаад залхуурах нь ичгэвтэр зүйл биш вэ?
Эрдэмтэд хүний тархинд амралтын дэглэм хэрэгтэй байдгийг тогтоожээ. Ийм үед толгойд ой санамжийг бэхжүүлэх, шинэ санаа боловсруулах үйл ажиллагаа явагддаг байна. Хүн төрөлхтний олон агуу санаа ажлын ширээний ард биш амарч байхад нь төрсөн түүхтэй.

Байнга ажилтай, завгүй явах нь биеийн нөөцийг барагдуулж, стресст оруулдаг. Тэгэхээр амарч байх ёстой. Өмнө нь шүүмжлээд байсан залхуурал хүнд хэрэгтэй зүйл байх нь. Ажилдаа хайнга ханддаг орны ажлын бүтээмж харин ч өндөр гардаг судалгаа бий. Долоо хоногт 29 цаг ажилладаг Нидерландын ажлын бүтээмж дэлхийн эхний аравт багтаж байна. Гол нь ажлын цагтаа биш амьдралын чанартаа байгаа юм.
Эртний Ромоос одоо хүртэл юу өөрчлөгдөв?
Хүн төрөлхтний залхуурлын урт түүхийг эргэн харваас хүн гэдэг амьтан ажил хийх шаардлага, амрах хүсэл хоёрын дунд тэнцвэрийг нь олон ядан аж төрдөг байсан нь харагдана. Ажил хиймээргүй үедээ эртний ромчууд гүн ухаан ярьж, италичууд шөнийн гудмаар хэсэн, орчин үеийн хүмүүс буйдан дээрээ цуврал үзэн хэвтэнэ. Хэлбэр нь өөр болсон ч дотоод утга учир нь ижилхэн, бид тайван амгалан оршмоор байна.

Ялгаа нь одоо бид залхуурах эрхтэйгээ эрх чөлөөтэй хэлж чаддаг болжээ. Амралт гэдэг тансаг байдал биш зүгээр л шаардлагатай зүйл. Өөртөө анхаарал тавих нь хувиа хичээсэн зүйл биш эрүүл ухаан. Амьдрал гэдэг амжилт гаргахын төлөөх арга хэрэгсэл биш харин таашаал авах зам. Орчин үеийн нийгэм залхуурах нь ичгүүртэй зүйл биш эрх юм гэдгийг ойлгодог болжээ.
Хотын талбай дээр нийтийн том усан сан барьж, иргэдээ баяраар амраадаг байсан эртний ромчууд биднээс ухаалаг байжээ. Тэд соёл иргэншил асар том барилгаар биш аз жаргалаар хэмжигддэг гэдгийг мэддэг байсан байна. Энэ утгаараа ухамсартайгаар залхуурах нь ухралт биш харин мартагдсан зүйлээ эргүүлэн авах явдал юм.
