Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв буюу тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг ЦУОШГ-аас мэдээлснийг танилцуулж байна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх аж.
Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур 14:00 цагийн байдлаар 25 градус дулаан байх нь ээ.

Нийслэлд маргааш буюу бямба гарагт дуу цахилгаантай аадар бороо, 31-нд бага зэргийн бороо, зургаадугаар сарын 01-нд бороо орно. Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Маргаашнаас сэрүүсэж, шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 01-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн хойд хэсгээр, 03-05-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 2 градусын хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7, өдөртөө 14-19 градус дулаан байна.