Зургаадугаар сарын 2-нд “Counter-Strike 2” төрлийн “IEM Cologne Major 2026” тэмцээн эхлэх гэж байна. Арван жилийн дараа дэлхийн хамгийн том тэмцээн Кёльнд буцан ирж, шилдэг 32 баг аваргын цом, 1,25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
Энэ үед дэлхийн CS2 хэвлэлийн дотор нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан нь манай “The MongolZ” багийг бүрэлдэхүүндээ шинэчлэл хийх гэж байна гэсэн шуугиан байлаа.
“The MongolZ” олон нийтийн сүлжээнд зураг оруулаад “Get ready, a new GOAT is about to take the spotlight” гэж бичсэн байсан нь ийм мэдээ гарах үндэс болжээ.

Шинжээчид манай багийг шинэ тоглогчтой болох, эсвэл шинэ дасгалжуулагч авах нь гэж “хардаж” эхэлжээ.
Манай багийн энэ мэдээлэлтэй зэрэгцэн, “BC.Game” багийн мэргэн буудагч Александр "s1mple" Костылев эможитой зэрэгцүүлэн, “Удахгүй” гэж бичсэн нь хоёр багийг холбох шалтгаан боллоо.

BC.Game” багийн удирдагч Али "akofocus" Муханнед өөрийн хуудсанд “Senzu, сүүлийн мөчид бидэнд тусалсанд баярлалаа. Өмнө нь хэлэхээ мартчихаж” гэж бичсэнээс харахад манай тамирчин Senzu-гийн зээл дууссан байна. Senzu өнгөрсөн дөрөвдүгээр сард тус багтай 3 тэмцээнд оролцох гэрээ байгуулсан билээ.
