Өчигдөр буюу зургаадугаар сарын 1-нд дуучин Дуа Липа болон Каллум Тёрнерын хуримын ёслолын зургууд цацагдаж интернэтийг доргиолоо. Хосууд Лондон хотын ”Old Marylebone Town Hall” гэх газар нууцлаг, цомхон хуримын ёслол хийжээ.
Тэд 2024 оны нэгдүгээр сард Лондон хотын “River” хэмээх кафед анх танилцаж, харилцаагаа эхлүүлсэн байна. Дуа Липа өнгөрсөн жил British Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа сүй тавьснаа анх удаа олон нийтэд зарласан юм. Тэрээр хэлэхдээ:
“Тийм ээ, бид сүй тавьсан. Хамтдаа хөгширч, ирээдүйгээ төсөөлнө гэдэг үнэхээр догдлом. Насан туршийн хамгийн сайн найзтайгаа ийм шийдвэр гаргана гэдэг маш онцгой мэдрэмж” хэмээн ярьжээ.
Тэдний ойрын эх сурвалжийн мэдээлснээр хосууд Италийн Сицилид гурван өдрийн турш үргэлжлэх томоохон хуримын ёслол хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ёслолын өдөр, зочдын нэрс одоогийн байдлаар нууц хэвээр байна.

