ОХУ, Монголын хилийн Тува дахь боомт болох “Хандгайт” дээр онц байдал үүсжээ. Одоогийн байдлаар хилийн гарц дээр 200 гаруй машин дугаарлан зогсож байгаа бөгөөд жолооч нар хоёр дахь өдрөө хонож байгаа гэнэ. Ачаалал нэмэгдсэнээс хилийн гаалийн ажил илт удааширч, дараалал бараг хөдлөхгүй байна гэж Тувагийн хэвлэл мэдээлжээ.
Тэдний ихэнх нь Оросын жуулчид байгаа юм. Зуны амралт эхэлж, манай оронд амарч, зугаалах хүсэлтэй орос иргэдийн тоо нэмэгдэж байгаа. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны мэдээлснээр энэ оны эхний гурван сард Оросоос Монголд аялах жуулчдын тоо 62 хувь нэмэгдсэн байна. Визгүй, ОХУ-аас гарч одсон дэлхийн брэнд бараа авах боломж гээд Монголыг зорих олон шалтгаан бий. Мөн сонирхолтой нь манай оронд олон улсын банкны карт авах, хямд эмнэлэгт үзүүлэх төдийгүй машинаа засуулахаар ирдэг болжээ.
ОХУ-ын шинжээчид жуулчдыг Тувагаар биш Буриадын Хиагт боомтоор Монголд очихыг зөвлөж байна.
