УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо нар Оюу толгойн хэлэлцээр, зээлийн хүү, ногдол ашиг авах боломжит хугацаа зэрэг асуудлаар “Оюутолгойн хэлэлцээрээс “Рио Тинто“ юу хүсэж байна, бид юу авах вэ?“ сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Уг мэдээллийн үеэр монголчуудын анхаарах ёстой хэд хэдэн тоо баримт, асуудлыг хөндсөнийг хүргэж байна.
Нэг тонн зэсийн үнийн өнөөдрийн ханш ойролцоогоор 13 мянган ам.доллар байна гэж үзвэл Монгол Улс 2033 он гэхэд эхний ногдол ашгаа хүртэх урьдчилсан тооцоолол бий. Нөгөөтээгүүр, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Монголчууд энэ төслөөс 2035 оноос хойш ногдол ашиг авах боломж бүрдэнэ” гэж хэвлэлийнхэнд мэдээлж байв. Учир нь “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын тал 34 хувийн хувьцааг эзэмшиж, хөрөнгө оруулагч тал 66 хувийг эзэмшихээр тохиролцсон бөгөөд “Оюу толгой” компанийн бүх зээл, хуримтлагдсан хүүг төлж дуусгасны дараа ногдол ашгийг хуваарилна гэдэг заалттай. Тэгэхээр “Рио тинто” компанид хуримтлагдсан хүү, хүүгийн хүүг төлж дууссаны дараа буюу 2035 оноос хойш монголчуудад ногдол ашгийг тараана гэдэг тайлбар өгч байгаа хэрэг юм. Харин О.Батнайрамдал, Э.Баясгалан, Б.Солонгоо нар монголчууд ногдол ашиг хүртэх боломж өнөөдөр ч нээлттэй гэдгийг онцолж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээнд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай

“Оюу толгой” компанийн ашигтай үйл ажиллагаа 2025 оноос эхэлсэн. 2026, 2027 онд тус компани жилийн 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллах нөөц бололцоо бий. Иймд Засгийн газраас “Оюу толгой” компаниас Монгол Улсын хүртэх ногдол ашгийг дорвитой наашлуулах, аль болох 2026, 2027 онуудад ногдол ашиг авах боломжийг хөрөнгө оруулагч талтай ярилцах цаг үе нь ирсэн байна.
Сүүлд яригдсан менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулах асуудал нь жилд ердөө 70 сая ам.долларын зардал хэмнэж байгаа асуудал. Харин “Оюу толгой” компани жилийн 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байна.
Үүний 34 хувь нь буюу жилийн 1.5 тэрбум ам.долларын ногдол ашгийг Монгол Улсын Засгийн газар авч чадах уу, үгүй юу гэдэг асуудлыг ажлын хэсэг хэлэлцээрийн шатанд авч үзэх шаардлагатай байна.
Монгол Улсын Компанийн тухай хуулиар ногдол ашгийг ашигтай ажилласан жил тухайн компанийн ТУЗ-ийн гишүүд ногдол ашиг тараах эсвэл зээлээ төлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Харамсалтай нь 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээгээр “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийг байхгүй болгоод, тухайн компани бүх зээлээ төлсний дараа ногдол ашиг хуваарилах эрх зүйн зохицуулалт хийчихсэн. Ямар ч бизнесийн хувьд ийм зохицуулалт байх нь зохисгүй. Хувьцаа эзэмшигч хоёр тал харилцан ашигтайгаар ногдол ашиг хуваарилах ёстой. Нэг тал нь зээлүүлсэн мөнгөнийхөө хүүгээр өөрсдөө ашгаа нөхөөд, нөгөө талдаа ногдол ашиг тараах боломжийг хаах нь бизнесийн зарчмын хувьд ёс зүйгүй асуудал юм. Тийм болохоор манай Засгийн газар ашигтай ажиллаж байгаа жил бүрд ногдол ашиг авах боломж бололцоог нээхийн тулд 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээнд яаралтай өөрчлөлт оруулах эсвэл цуцлаад шинээр гэрээ байгуулж, “Оюу толгой” компанийн тогтвортой үйл ажиллагааг хангах шаардлагатай.
Цаашлаад бид ногдол ашиг хэзээ авах вэ, ногдол ашиг гэж хэр их хэмжээний мөнгө авах вэ, түүгээр Монгол Улсдаа хэрэгтэй, ашигтай юу хийж болох вэ гэдэг асуудал ярих ёстой болохоос “Оюу толгой” компаниас харилцаа хамаарал бүхий этгээд “Рио тинто” компанид менежментийн төлбөртөө 50-70 сая ам.долларыг хэмнэсний төлөө монголчууд бид баярлаад байх нь зохимжгүй. Бидний хувьд 1.5 тэрбум ам.долларын ногдол ашиг авах асуудлаа хэлэлцэх ёстой болохоос 70 сая ам.долларын менежментийн төлбөр хэмнэсэн нь тэмдэглүүштэй үйл явдал биш юм.
Хоёр долоо хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хэлэлцээ хийсэн. Энэ үеэр “Оюу толгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрснийг мэдээлсэн билээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан, хуульч Б.Солонгоо “Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын өгч байгаа мэдээлэлд тодорхойгүй, зөрүүтэй зүйлс их байна. “Менежментийн зардлыг хоёр дахин бууруулж, 2 тэрбум ам.долларын хэмнэлт хийснээр манай улсад ирэх үр өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ” гэсэн мэдэгдэл хийсэн. Судлаад үзэхээр харамсалтай нь менежментийн зардлыг 2 дахин бууруулна гэдэг нь жилд 50-70 сая ам.долларын хэмнэлт л хийж байгаа юм. 2025 онд “Оюу толгой” компаниас “Рио Тинто” компанид менежментийн төлбөрт 100 сая гаруй ам.доллар төлсөн. Тэгэхээр 2026 онд ч ойролцоо дүнтэй төлбөр төлнө. Ингэхээр хоёр дахин буурна гэсэн үзүүлэлт бол 50 сая ам.долларын хэмнэлт гарч байна гэсэн үг. Тэгэхээр яагаад, хаанаас 2 тэрбум ам.доллар гарч ирж байна вэ? Бидэнд 1.5 тэрбум ам.долларын бодит өгөөж хэзээ, яаж ирэх вэ гэдэг мэдээллийг Г.Дамдинням сайд өгөх хэрэгтэй. Нөгөө талаас, менежментийн төлбөрийг бууруулснаар манай улс “Оюу толгой” компаниас ногдол ашиг авах хугацаа дорвитой наашлахгүй. Ийм нөхцөл байдалтай байхад иргэдэд ногдол ашгаа удахгүй авах гэж байгаа мэтээр хэвлэлд мэдээлэл өгсөн нь төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Үүнд Г.Дамдинням сайд маш хариуцлагатай байх хэрэгтэй, илүү тодорхой мэдээллийг олон нийтэд өгөх хэрэгтэй.
Засгийн газрын ажлын хэсгийн хувьд “Рио тинто” компанитай яриа хэлэлцээ үргэлжлэх байх. Энэ цаг үед монголчууд бид хамтдаа шаардлага, хяналтаа сайн тавьбал илүү үр дүнтэй хэлэлцээ болох боломжтой. Менежментийн төлбөрийг бууруулсан гээд сэтгэл ханаад сууж болохгүй. Хамгийн чухал нь 2026 оноос эхлээд “Оюу толгой” компани ашигтай ажиллаж байна. Зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн дээд түвшинд хүрч байна. Анхны тооцооллоос 2-3 дахин өндөр үнээр зэс, алтаа зарж байна шүү дээ. Үнэ их хэмжээгээр өссөнөөс болоод олж байгаа гэнэтийн буюу тооцоолоогүй байсан ашгийг яагаад “Рио тинто” компанитай хамт монголчууд ногдол ашиг авч болохгүй юм бэ?
“Рио тинто” компани менежментийн төлбөр, баталгааны шимтгэл, зээлийн хүү, зээлийн хүүгийн хүү гээд авч болох бүхий л хэлбэрээр орлого олоод байдаг. Харин монголчууд ногдол ашиг авч чадахгүй, татварын орлого ч авч чадахгүй хэвээр нөхцөл байдал үргэлэлэх үү? Ийм эрсдэл байгаа учраас иргэд, олон нийт анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Олон улсын зарчим бол зээлээ ч төлдөг, ногдол ашгаа ч тараадаг

Монгол Улсын эдийн засаг 25 тэрбум ам.доллар, нэгдсэн төсөв маань 9.3 тэрбум ам.долларын дүнтэй. Харин Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны гаргасан мэдээллээр Оюу толгой төслийн өнөөгийн үнэлгээ нь 36 тэрбум ам.доллар юм. Энэ бол Монгол Улсын эдийн засгаас 40 хувиар илүү тоо. Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, Оюу толгой компани өндөр ашигтай ажиллаж байхад бид эндээс 5 хувийн АМНАТ-аас өөр юм авахгүй байна гэдэг дэндүү харамсалтай.
Ногдол ашиг наашлуулж авах боломж байна уу гэвэл байна. Хувь нийлүүлэгчийн гэрээ гээд анх нууцын тамга дарж байгаад авсан гэрээ бий. Тэр гэрээнд бүх зээлээ төлсний дараа ногдол ашиг авна гэдэг заалт байгаа. Үүнийг л бид нар өөрчлөх ёстой.
Олон улсын зарчмаараа зээлээ ч төлөөд үлдсэнээр нь ногдол ашгаа ч тараадаг зарчимтай. Ямар ч компани бүх зээлээ төлчихөөд ногдол ашиг гэж ярьдаггүй юм шүү дээ. Олон улсын энэ зарчим руу орох хэрэгтэй.
Энэ жил буюу 2026 онд “Оюу толгой” компани 18 их наяд төгрөгийн ашигтай ажиллана. Түүний 34 хувь бол 6 их наяд төгрөг. Энэ мөнгөн дүнг ногдол ашиг гээд энэ жил авбал юу хийж болох вэ? Эрүүл мэнд, боловсрол, ахмадын тэтгэвэр гээд маш олон асуудлыг шийдэх боломж нөхцөл нь энд байна. Үүнийг л бид хийх ёстой.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо: Монгол Улсын эзэмшлийн 34 хувийн хуримтлагдсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсний дүнд өнөөдөр ногдол ашиг ярих боломж бүрдсэн

2025 оны тавдугаар сард болсон үйл явдалд иргэдийг анхаарахыг хүсэж байна. Тодруулбал, “Оюу толгой” төсөлтэй холбогдуулаад 2020 оноос хойш арбитрын маргаан үргэлжилж байгаа. Лондонгийн арбитрын шүүх дээр үргэлжилж буй татварын маргаан дээр өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэх гаргасан. Нэг нь, авилга, албан тушаалын асуудал буюу “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын “Дубайн гэрээ”-г байгуулахдаа “Рио Тинто” компани Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтанд авилга өгсөн үү?
Хоёрт нь, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 2 тэрбум ам.доллароор хэтрүүлж, ашиглалтад орох хугацааг 30 сараар хойшлуулсан нь “Рио Тинто” компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргасан.
Харамсалтай нь, “Рио Тинто” компани “Бид хөрөнгө оруулалтын гэрээний тал биш. Бидэнд энэ асуудал хамаагүй” гээд арбитрын шүүхийн маргаанд нотлох баримт гаргаж өгөөгүй. Манай улсын Засгийн газрын хуулийн зөвлөх Лондонгийн буюу Английн шүүхэд нэхэмжлэл гаргаад “Рио Тинто” компанийн менежментийг нь хэрэгжүүлдэг төсөл дээр бид нар бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахгүй байна. Арбитрын шүүхэд маргаан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг “Рио тинто” компани өгөхгүй, өгөхөөс татгалзаад байна. Өгөхгүй байгаа учраас мэдээллийг гаргаж авахуулъя гэж хандсан. Гэсэн ч тус компани мэдээлэл өгөхөөс татгалзсан. Энэ асуудал Английн хуулиар шийдэгдээд “Рио тинто” компани арбитрын маргааны нэг тал биш учраас нотлох баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээхгүй гэсэн шийдвэр 2025 оны есдүгээр сард гаргасан.
Хэлэлцээний үед мэдээллээ өгөхгүй байсан тухайгаа “Энэ бол манай бизнес, арилжааны нууц” гэж байсан.
Тэгэхээр “Оюу толгой” төсөл Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж байна. Манай улс төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа хамтарсан компанийнхаа мэдээллийг “Рио тинто” компаниас авч чадахгүй байгаад зайлшгүй анхаарах ёстой.
Бид өмнө нь Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн тухайн үед хуримтлагдсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэх хэмжээнд үр дүн гаргасан. Энэ ажлыг илүү сайн үргэлжлүүлж, бүрэн дүүрэн мэдээлэл, нотлох баримт авах хэрэгтэй байна. Ялангуяа санхүүгийн аудит оруулах гэхээр тус компани алга болчихдог, мэдээллээ өгдөггүй.
Монголын Засгийн газар нь Английн шүүхэд хандахад ч мэдээллээ өгөхгүй байгаа нь олон улсын бизнесийн эрх зүй, арбитрын маргааны судлаачдад сонирхолтой кейс болсон шүү. Учир нь, тусгаар тогтносон улс өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төслийнхөө талаарх мэдээллийг хамтрагч компани, хувьцаа эзэмшигчээсээ гаргуулах гээд шүүхэд хандаж байгаа нь их сонирхолтой үйл явдал болоод байна. Бизнес, эрх зүйн зарим судлаачийн хувьд өмнө нь болж байгаагүй сонирхолтой маргаан болж байгаа юм. Тиймээс Засгийн газар шаардлагаа маш сайн тавьж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгахад онцгой анхаарах хэрэгтэй.
Татварын маргаан дээр байгаа сөрөг нэхэмжлэлүүдийн асуудалд анхаармаар байна. Сүүлийн үед эдгээр асуудал бүдэг бадаг болж, замхраад байгаа учраас бид мэдээлэл хийж буй нь энэ.