2000 оны олимпын аварга Сагид Муртазалиевт ОХУ-ын Өмнөд тойргийн цэргийн шүүхээс бүх насаар нь хорих ял эчнээ оноолоо. Түүнийг захиалгатай аллага зохион байгуулсан, алан хядагчдыг санхүүжүүлсэн хэрэгт буруутгажээ. Муртазалиев гадаадад оргон гарсан бөгөөд 2015 оноос хойш олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм.
Шүүхээс мэдэгдсэнээр Муртазалиев 2009 оноос алан хядагч бүлэглэлүүдтэй харилцаж эхэлсэн байна. Тэрээр бүлэглэлийн хэрэгцээнд зориулан, хэдэн сая рубль өгч байжээ. 2010 онд Дагестаны Тэтгэврийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Сагид хоёр хүнийг алах захиалга өгсөн байна. Дагестаны ДХЯ-ны Экстремизмтэй тэмцэх хэлтсийн орлогч дарга Шевкет Куджаев, Кизлярын хотын дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Василий Наумочкин нарыг хөнөөлгөхөөр гэмт хэрэгтнүүдэд 6 сая рубль төлжээ.

Муртазалиев 1974 онд Махачкалад төр, 12 настайгаасаа чөлөөт бөх барилдсан. 1996 оны олимпод 7-р байр эзэлж, 2000 оны олимпод 97 кг жинд түрүүлсэн. 1999 оны дэлхийн аварга. ОХУ-ын Гавьяат тамирчин. 2002 онд зүрхэндээ хутгалуулаад зодог тайлсан. Гэхдээ хутгалсан хоёр этгээдийг буудан хороож амжсан байдаг. Шүүхээс түүнийг аргагүй хамгаалалт гэж үзэн, ял оноогоогүй юм. Зодог тайлаад улстөрд шилжиж, төрийн албанд ажиллах болсон. 2003 онд Дагестаны Ардын хурлын депутатаар сонгогдсон. 2015 онд гадаадад гарсан бөгөөд АНЭУ-д амьдарч байгаа гэсэн таамаглал байна.
