Казахстаны ДХЯ-ны дэд сайд Санжар Адилов Казахстанд бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийг эмэгтэй байцаагч нараар мөрдүүлж байх шийдвэр гаргаснаа Мажилист зарлалаа. Энэхүү арга хэмжээ нь хохирогчдод нэмэлт сэтгэл зүйн гэмтэл олгохоос сэргийлж, Цагдаагийн газарт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Мөн мөрдөх, дагах, дарамтлах гэмт хэрэгт оноох ялыг хүнд болгох санал гаргасан байна. Зарим хэрэгтэн ял эдлээд гарч ирсэн хойноо ч хохирогчийг дагаж мөрдөж, заналхийлдэг явдлыг зогсоох цаг болсныг тэр онцоллоо.
Казахстанд 2023 онд гарсан нэгэн гэмт хэрэг нийгмийг цочроосон. Салтанат Нукенова гэгч эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдсан. Түүнхй нөхөр Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев хардалтын улмаас зодсоор байгаад амийг нь хөнөөсөн билээ. Энэ хэргийн дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх зарлиг гаргасан юм.
