UBLife Logo
Дэлхий

Яагаад ихэнхдээ дунд сурлагатнууд бизнес эрхэлж, захирал болдог вэ?

Яагаад ихэнхдээ дунд сурлагатнууд бизнес эрхэлж, захирал болдог вэ?

“Алтан гурав” гэдэг хэллэгийг сонсож байгаагүй хүн гэж байхгүй биз ээ. Багш нар тэднийг дээшээ дэвждэггүй хөөрхий амьтад гэж хэлдэг байлаа. Харин онц, сайн сурлагатай хүүхдүүдээ багш нар магтан дуулсаар, өргөн дээдэлдэг байж билээ. Тэгвэл энэ жил Олон улсын банкны холбооноос явуулсан судалгаагаар сургуульд байхдаа дунд сурдаг байсан хүүхдүүд өөрийн бизнес эрхлэхийг илүү хүсдэг, хичээдэг нь гарсан байна. Дунд сурлагатнуудын 19 хувь нь өөрийн бизнестэй болохоор зүтгэж, 36 хувь нь хэзээ нэгэн цагт бизнестэй болно гэж бодож байдаг гэнэ. Харин онц сурдаг байсан хүүхдүүдийн дөнгөж 11 хувь нь бизнес эрхлэх хүсэлтэй, 34 хувь нь бизнестэй болох эсэхдээ эргэлзэж, 28 хувь нь хэзээ ч өөрийн бизнес нээхгүй бодолтой. Яагаад? Учир нь бизнес эрхэлнэ гэдэг математик, геометр ямар хэрэггүй овсгоо самбаа, уян хатан чанар шаардлагатай байдаг.

Онц сурлагатнууд хөлсний ажилчин болох 6 шалтгаан

Сургуулийн он жилүүдээ эргэн санацгаая. Онц сурдаг хүүхдүүд гэдэг хамгийн авьяаслаг нь биш харин системд зохицож чаддаг, бүр системд тал засаж чаддаг хүүхдүүд байсан. Цэвэрхэн, зөв охин эсвэл өдөржин, шөнөжин сурах бичиг шагайдаг хэнээтэй хүү. Дунд сурдаг хүүхдүүд хөлбөмбөг тоглож байхад хүү шалгалтдаа бэлтгэж сууна. Охин  зохион бичлэгийн гарчгаа яаж гоё, цэвэр бичихээ сайн мэддэг, дэвтэр болгоноо тус тусад нь нямбай хийнэ. Харин дунд сурлагатан хэрэгтэй сурах бичгээ бүгдийг нь авчирсан эсэхээ  мэдэхгүй, санахгүй. Онц сурлагатан багштай хэзээ ч маргахгүй, үүрэг даалгаврыг нь ёсчлон биелүүлнэ. Тэр янзаараа тэд насанд хүрч, том болно.

1. Төгс төгөлдөр байдал ба “За яах вэ”

Онц сурлагатан том болсон ч бүх юм нь төгс төгөлдөр байх ёстой. Өгүүлбэр бичихдээ авах зай, зурсан шулуун бүгд тэгшхэн, хийж байгаа юм нь стандартын дагуу. Хамаг зүйлээ төгс болсон хойно л энэ төслийг өгнө гэж байгаа мэт. Заримдаа ингэх нь сайн зүйл ч ихэнхдээ төсөл нь хугацаа хоцорсон байдаг. Тэрээр танилцуулга хийхээр нямбайлан бэлтгэж байх хооронд дунд сурдаг байсан залуу аль хэдийн төслөө гаргаад хэрэгцээтэй хүмүүстэй холбоо тогтоогоод, алдаж эндээд, уучлал гуйгаад, засаад, залруулаад зарж орхисон байдаг. Хамгийн гол нь хийх. Стартапын ертөнцөд хурд хамгийн чухал.

2. Бүтэлгүйтлээс айх айдас

Онц сурлагатай хүүхдүүдийг багаас нь алдаа гаргаж болохгүй, алдвал муу авна, баларна гэж сургасан байдаг. Харин дунд сурлагатнууд бөөн алдаа. Байнгын алдаа гаргалаа гээд тэр үхчхээгүй. Харин онц сурлагатны далд ухамсарт шингэсэн бүтэлгүйтлээс айх айдас нь хөдөлгөөнийг нь хорьж, тушдаг. Харин бизнест алдаа гэдэг байдаг зүйл. Гол нь алдаагаа хэрхэн засах вэ гэдэг чухал. Дунд сурлагатнууд бизнест алдсан ч сэтгэлээр уналгүй, дахин хийж, урагшилсаар байдаг.

3. Системийг дагах

Сайн сурагч гэдэг нь “Багш үргэлж зөв” гэдэг зарчмыг баримталдаг хүүхдийг хэлнэ. Тэд “Яагаад”, “Хэрэв ингэвэл” гэж юм асуухгүй. Нийгэмд хөлсний ажил хийхэд ч яг ийм системтэй. Хэлсэн юмыг нь л хий, тэгээд магтуул. Харин бизнест системийг өөрөө тэгээс нь эхлэн боловсруулах шаардлагатай. Дунд сурдаг байсан хүүхдүүд багаасаа хэн нэгнээс хуулах, зальдах, эсвэл багштайгаа тохиролцоод хичээл таслахдаа гарамгай улсууд. Энэ бол төрөлхийн бизнес эрхлэгчийн сэтгэлгээ юм.

4. Магтаалд дасах

Онц сурлагатан медаль, баярын бичигт дассан байдаг. Магтлаа “Би сайн” гэж бодно, харин магтахгүй бол эсрэгээр депресст ордог. Харин бизнесийн ертөнц хэнийг ч магтахгүй, харгис хатуу, цохиж унагаад, сургаад заана. Хэрэв та даргаасаа үргэлж “Сайн байна” гэсэн үг сонсохыг хүсэж байгаа бол хэзээ ч бизнес эрхлэгч болж чадахгүй. Харин дунд сурлагатнууд хэнд ч магтуулахгүйгээр ажиллаад, хичээгээд сурчихсан байдаг.

5. Бүх цагаа сурахад зориулах

Оны сурлагатан тун завгүй: хичээл, давтлага, нэмэлт сургалт, секц дугуйлан, курс. Илүү дутуу юм хийх зав түүнд үгүй. Харин дунд сурлагатан эсрэгээр. Эцэг эхдээ загнуулахгүйн тулд хичээлд сууна. Хичээлийн дараа зугаална, тэнэнэ, подкаст сонсох, үгүй бол завсарлагаагаар хэн нэгэнд гар утасны гэр, чихэвч зараад зогсож байна. Онц сурлагатан Булгаков уншиж байхад манай “Алтан гурав” онлайн кассын заавар судалж байх жишээтэй. Сургуулиа төгсөхдөө дундчууд дипломоос гадна маш их туршлага хуримтлуулсан байдаг. Тэд хичээлээ ангилан ялгаж чадна. Тооны хичээлд дуртай, сайн багштай болохоор тэнд сайн үнэлгээ авах хэрэгтэй, харин утга зохиолд хэд ч авсан болно гэх зэргээр шийднэ. Энэ нь бодит амьдралд тун хэрэгтэй чанар юм.

6. Зөөлөн чадвар, супер хүч

Сургуульд хамгийн гол нь шалгалтаа өгөх бол амьдрал дээр ярилцах, тохиролцох. Онц сурлагатнууд үүнийг сайн ойлгодоггүй, үнэлдэггүй. Тэд томьёо мэдэх ч амьдрал дээр хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй. Технологийн бүтээгдэхүүн ойлгох ч зарж чадахгүй. Харин дундчууд ROI гэж юу болохыг мэдэхгүй байж болох ч худалдан авагч, үйлчлүүлэгч яаж олохоо мэднэ. Учраа ололцох, засан зохицох, ятган сэнхрүүлэх, тухгүй үед сэдэв солих, гэнэтийн шинэлэг санаа гаргах гэдэг нь бизнесийн хамгийн чухал чадвар. Дунд сурлагатнууд гуравдугаар ангиасаа л багшдаа “Гэрийн даалгавар хийсэн дэвтрийг минь нохой идчихлээ” гэж хэлж сурсан гарууд.

Олон улсын банкны холбооны судалгаагаар компанийн захирлуудын 57 хувь нь дунд сурдаг хүүхдүүд байсан бол муу сурлагатнууд 19 хувь, харин онц_ сайн сурдаг байсан хүүхдүүд наймхан хувь байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...