Аргентинд энэ өдрүүдэд тун шуугиантай байна. Хөлбөмбөгийн ДАШТ-ээс гадна шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн аав Хорхе Мессигийн биеийн байдал олны санааг түгшээж байна. Тэр байтугай зарим хэвлэл аавыг нь нас барсан гэж худал мэдээлэл цацжээ.
Хорхегийн биеийн байдал муу байгаа мэдээлэл Алжиртай хийсэн тоглолтын дараа гарсан. Месси эхний гоолоо оруулаад нулимс унагаасан бөгөөд дараа нь “Хөлбөмбөгтэй холбоогүй зүйлээс болж уйлсан. Тун хүнд өдөр байлаа” гэж хэлсэн юм. Зарим нэгэн хэвлэл Хорхе Месси тоглолт үзэж суугаад зүрх нь зогсох шахаж, түргэн тусламжаар эмнэлэгт очсон гэж бичжээ. Харин “Luzu TV” суваг аав Мессигийн талаар бичихдээ хэтрүүлэн мэдээлж, ард түмний дургүйцлийг хүргэлээ.

Тус сувгийн хөтлөгч Флоренсия Пенья шууд нэвтрүүлгийн дундуур гэнэт “Та бүхэнд нэгэн мэдээ дуулгая. Дөнгөж сая Мессигийн аав нас барлаа. Яг ДАШТ-ий дундуур” гэж мэдэгдсэн юм. Улс орон даяар шуугиан үүссэн нь ойлгомжтой. Хэдийгээр өөр хэвлэл энэ мэдээллийг батлаагүй ч олон сэтгүүлч, спорт сонирхогч, иргэд итгэжээ.
Мессигийн гэр бүлийнхэн энэ бүхний дараа “Мессигийн гэр бүлээс одоо Хорхе Месси эрүүл мэндийн асуудалтай байгаа, эмнэлэгт хэвтэж байгааг мэдэгдэж байна. Түүний бие сайжирч байгаа. Манай гэр бүлээс гаргаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж байна. Хүний хувийн мэдээлэлд анхааралтай хандаж, хүнлэг байхыг хүсье. Хүний эрүүл мэнд, гэр бүлийнхний сэтгэлийн амар амгалан байдал хэвлэл мэдээллийн сенсац үүсгэх талбар болох ёсгүй” гэж мэдэгдсэн юм.
Месси энэ сувагтай тун дотно харилцаатай, өнгөрсөн өвөл бүтэн цаг ярилцлага өгч байсан юм. Месси хуурамч мэдээллийг сонсоод маш их уурласан гэж Аргентины сэтгүүлч Паула Варела бичжээ. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей хөтлөгч Флоренсия Пеньяг “Маш муухай хүн, бяцхан ховч амьтан” гэж тодорхойлсон байна.

“Luzu TV” телевизийн захирал Николас Оккиато худал мэдээлэл тараасандаа хүлцэл өчөөд буруутай бүх хүнийг ажлаас нь хална гэдгээ хэлсэн. Хэргийн эзэн Флоренсия Пенья асгартал уйлан, Мессигийн гэр бүлээс уучлал гуйгаад ажлаас халагдсанаа мөн мэдээлсэн юм.
“Luzu TV”-г дагадаг байсан 200 мянган хүн нэг өдрийн дотор сувгийг орхисон бол 10 брэнд компани зар сурталчилгааны гэрээгээ цуцалжээ.
