Иорданы хөлбөмбөгийн холбоо 1949 онд үүсэн байгуулагдсан ч 2000 он хүртэл Ази тивдээ ч амжилт тааруухан, сулхан баг байлаа. Тэд хэзээ ч ДАШТ-д оролцох гэж байсангүй. Харин 2013 онд анхны боломж гарсан ч халз тулаанд Уругвайд 0:5 ялагдаад чадаагүй түүхтэй. Гэвч 2026 онд гайхамшиг тохиолоо. Иорданы шигшээ урьдчилсан шатны В хэсэгт хоёрдугаар байр эзэлж, Оманыг 3:0 ялаад анх удаагаа ДАШТ-д оролцох эрх авсан юм. Тэд энэ ДАШТ-д Аргентин, Австри, Алжиртай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтоо Австритай хийж, 1:3 ялагдсан ч анх удаагаа ДАШТ-д гоол хийж чадсан билээ. Багийн ахлагч Хаддад тэмцээний өмнө “Энд Итали байхгүй, харин бид ирсэн” гэж омог бардам хэлж байсан юм.

Иордан улсыг ойлгоход туслах 15 баримт
1, Иордан гол Библид гардгаасаа тун өөр болсныг хэлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрт ашиглах гэж усыг нь шавхсаар зарим газартаа горхи мэт жижигхэн болжээ.
2, Аялал жуулчлал улсын гол орлого. Хөршүүдэсээ ялгаатай нь Иордан улс нефтээр ашиг тун бага олдог. Харин эртний соёл, түүх, барилгын ачаар (бараг 100 мянга бий) Арабын орнуудад жуулчдын тоогоороо дээгүүр давхидаг. Жилд найман сая жуулчин хүлээн авдаг.
3, Эмнэлгийн жуулчлал их хөгжсөн. Жил бүр Европоос 200 мянга гаруй хүн рашаан сувиллын нөхөн сэргээлтээс эхлээд нарийн төвөгтэй мэс засал, голчлон зүрх судасны болон хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр Йорданд ирдэг. Баян тансаг хөршүүдтэйгээ харьцуулахад эдийн засгийн байдал нь муу ч Иордан нь эмчилгээний экспортын чанараараа тэргүүлэгч юм.
4, Петра хотыг бариагүй, хадан дээр сийлсэн гэж ярьдаг. Энэ бол Иорданы аялал жуулчлалын бэлгэ тэмдэг. Хамгийн алдартай барилга нь Аль-Хазне. 2006 онд уран барилгачдын нэгэн баг Петрагийн загварыг сэргээн босгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтай амжилтанд хүрч, Иорданд ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлсэн гэдэг. Гэхдээ хотын гол нууц нь усан хангамжийн систем.

5, Иордан цэвэр усны нөөц тун багатай. Гэхдээ орчин үеийн технологийн ачаар ард түмний 99 хувь нь цэвэр устай. Дундаж наслалт 74 нас.
6, Мансаф – хамгийн гол үндэсний хоол. Хонь, ямааны махаар хийдэг. Хурим, баяр, оршуулга гээд бүх үйл явдлаар бэлтгэнэ. Нэг том тавагнаас бүгдээрээ иддэг уламжлалтай.

7, Дэлхийн бүх дүрвэгчдийн 15 хувийг дангаараа хүлээн авдаг. Хүн ам нь 12 сая. Богино хугацаагаар оршин суугчдын тоо 3 сая. Ихэнх дүрвэгч нь Сири, Палестинаас ирдэг.
8, Нийслэл Амман нийгмийн ялгаатай хот. Баруун хэсэгт нь баячууд амьдарна. Үнэтэй буудал, ресторан тэнд бий. Харин зүүн талд нь ядуучууд ядуу хороололдоо амьдардаг.
9, Ихэнх иорданчууд сүннит. Иордан шашны хэт хатуу бодлого баримталдаггүй.
10, Бараг бүх айл байгалийн хийгээр гэрээ халааж, хоол ундаа хийдэг. Тун эрсдэлтэй.
11, Хатан хаан нь улсын гол супер баатар. Абдулла II хааны хатан Рания хижаб өмсдөггүй, олон нийтийн сүлжээтэй. Ордноос гарч, олон төрлийн төсөлд оролцдог хүн. Иорданы Дианна гүнж л гэсэн үг.

12, Хамгийн тулгамдсан асуудал нь золбин нохой. Амманд гэхэд л 200 мянган золбин нохойтой гэж байгаа.
13, Иорданчууд инээмсэглэх дургүй. Ихэнхдээ хөмсөг зангидан, зарим газарт хэзээ ч зодолдоход бэлэн мэт. Гэхдээ дотроо дорнын зочломтгой зан мэдээж байгаа.
14, Иорданд өвөл нь их хүйтэн. Хэдий +13 хэм ч төвийн халаалт байхгүй тул байшин дотор зэврүүн байдаг.
15, Ажилгүйдэл их. Таван эрэгтэй хүний нэг нь ажилгүй. 25 хүртэлх насны залуучуудын 50 хувь нь ажил олж чадаагүй. Харин дунд сургуулийн боловсролыг бүгд эзэмшдэг.
