Амралтаа аваад зуны өдрүүдэд туршиж үзэх сонирхолтой зүйлс хайж байгаа бол доорх жагсаалттай танилцаж, шинэ адал явдал өөртөө бүтээгээрэй.
Зураг авч үзэх

Дулааны улирал эхлэхээр байгалийн зургууд, хөгжмийн наадам дээрх залуусын поларойд зураг гээд л гоё үзэгдлүүд цахим орчинд трэнд болдог. Эдгээрээс санаа аваад өөрийнхөө хүссэн зураг авалтыг хийгээд үзвэл ямар вэ? Мэргэжлийн камергүй байсан ч гар утсаараа зургаа авч тохирох аппликэйшнээр өнгө, гэрлийг нь янзалж сурвал чаддаг зүйл нэгээр нэмэгдлээ л гэсэн үг.
Ургамал тарих

Таримал цэцгийг арчилж, ургуулах нь тийм амар ажил биш ч дэлбээгээ нээсэн цэцгийг хараад л танд нандин санагдана гэдэгт итгэлтэй байна ;)
Ууланд гарах

Өглөө эрт цаг товлож, найзуудтайгаа ууланд гарах нь дулааны улирлын хамгийн гоё зүйлүүдийн нэг. Бэлдэж ирсэн өглөөний цайгаа Handdrip кофе хамт ууж, дөнгөж мандсан нарны дулаахан илчинд хүсэж мөрөөддөг зүйлсээ хуваалцвал нандин дурсамж болж үлдэх нь гарцаагүй. Харин ууланд гарах үедээ цаг агаараа сайн шалгаж, аюулгүй байдлаа анхаарахаа мартуузай.
Өөртөө гоёл чимэглэл хийх

Туслах материалын дэлгүүр орж гоёл чимэглэл хийхэд бэлдсэн багцуудаас сонирхоод үзээрэй. Зүүлт, бугуйвч, үсний хавчаар гэх мэт олон төрлийн чимэглэлийг өөрөө хийж болно. Сайн хийгээд сурчихвал дараа нь найзууддаа хос бугуйвч хийж бэлэглэх, “side hustle” болгосон ч болно шүү дээ.
Хуучин хувцсандаа шинэ амь оруулах

Хаяж чадалгүй шүүгээндээ хадгалдаг ч гаргаад өмсье гэхээр болдоггүй хувцас бид бүгдэд л байдаг. Тэгвэл энэ зун тэр хувцаснууддаа амь оруулцгаая! Өмсдөггүй жийнсэн өмдөө тайрч шорт болгох, том алчуураа ороож хоёрхон оёдлоор тогтоон цамц хийх зэрэг оёдлын машин шаардлагагүй хялбар загваруудаас эхэлж болно. Мөн YouTube дээр ийм төрлийн DIY бичлэгүүд зөндөө байдаг, хүссэн загвараа хайгаад эсгүүрийг нь сураад аваарай.
Теннисээр хичээллэх

Сагс, волейбол тоглож чаддаггүйгээсээ болоод спортын авьяасгүй гэж нэрэлхэж суугаа юм биш биз? Агаарын теннис туршаад үзээрэй :) Бөмбөгөө тосож цохих гэж талбайн бүхий л хэсэг рүү гүйдэг тул эрчимтэй хөдөлгөөн болно. Мөн газрын теннисээр хичээллэх нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг тул үүнийг ч гэсэн туршиж үзэхэд гэмгүй.
Жич: Агаарын теннисийн цохиур, бөмбөг нь спорт барааны дэлгүүрт түгээмэл байдаг. Мөн зай бага шаарддаг тул гэрийнхээ хажуугийн тоглоомын талбайд тоглосон ч асуудалгүй.
