Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Үндэсний их байр наадам болох гэж буй тул шатахууны нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө.
Мэдээллийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өглөө.
Тэрбээр “Монгол Улсад өнөөдрийн байдлаар АИ-92 71552 тн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй, АИ-95 3965 тн буюу 44 хоногийн нөөцтэй, дизель түлш 106683 тн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. ОХУ-ын нөхцөл байдалтай холбоотойгоор нийгэмд гараад байгаа шатахууны хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх тухай ташаа мэдээлэлд залруулга өгч байна. Дээр хэлсэн бодит мэдээлэлд суурилахад шатахууны хомсдол үүсэхгүй. Мөн үнэ нэмэгдэх нөхцөл байдал одоогоор байхгүй. Ялангуяа дизель түлшний үнэ буурах нөхцөл байдалтай байна. АИ-92 шатахууны хувьд ОХУ-тай хийж, хэрэгжүүлсэн гэрээний хүрээнд 705 ам.доллароор тогтмол нийлүүлэх нөхцөл дээр 3 сар тогтмол үнэ 30 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд үнийг эргэж харах гэрээтэй. Үндсэндээ 4 сарын турш үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нэмэх нөхцөл байдал тогтоогдож магадгүй. Гэхдээ наадмын өмнө болон наадмын үеэр шатахууны үнэ нэмэх, хомсдол үүсэх байдал өнөөдрийн түвшинд байхгүй. Наадмын дараа энэ сарын 20-оор үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдана. Зөвлөлийн хурлаар зарим төрлийн шатахууны үнийг бууруулах, нэмэх талаар хэлэлцэнэ. Дахин тодруулж хэлэхэд, АИ-92 шатахуун, дизель түлшний хувьд тасалдал, хомсдол үүсэх нөхцөл байдал өнөөдрийн түвшинд байхгүй.
Бид ОХУ-тай гэрээтэй ажиллаж байгаа. Гэрээний нөхцөлөө ОХУ баримтлана. Хоёрт, бид нар БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой тул аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна. Мөн БНСУ-аас дизель түлш татаж авах гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлээд эхнээсээ бүтээгдэхүүн ачигдахад бэлэн болсон. Бид хоёр, гуравдагч хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх үндсэн бодлогын ажлаа хийж байгаа” гэлээ.