Тэйлор Свифтийн олон хит дууны продюсер, Bleachers хамтлагийн ахлагч Жек Антонофф болон жүжигчин Маргарет Куолли нар гурван жилийн гэрлэлтийн дараа салж, харилцаандаа завсарлага аваад байгаа талаар Page Six мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хосын харилцаа сүүлийн саруудад тогтворгүй болж, ажил мэргэжлийн ачаалал нь асуудлыг улам хүндрүүлжээ.

"Тэд байнга маргалддаг. Маргаретын зураг авалт, Жекийн аялан тоглолт болон студид өнгөрүүлдэг урт цагууд харилцаанд нь нөлөөлсөн" хэмээн эх сурвалж People сайтад мэдээлэл өгсөн байна.
Харин өөр нэг эх сурвалж тэднийг албан ёсоор салсан биш, харин "харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэхээ ярилцаж байгаа" гэж тайлбарлажээ.
Салалтын тухай яриа долдугаар сарын эхээр хүчээ авч эхэлсэн бөгөөд Жек Антонофф Тэйлор Свифт болон Трэвис Келси нарын хуримын арга хэмжээнд эгчийнхээ хамт оролцсон бол Маргарет Куолли харагдаагүй юм.
Эхэндээ жүжигчин шинэ киноныхоо зураг авалтад оролцож байгаа гэх таамаг гарсан ч TMZ-ийн мэдээлснээр тэрээр зургаадугаар сард зураг авалтаа дуусгасан бөгөөд дараагийн төслөө хараахан эхлээгүй аж.

Сонирхолтой нь, салалтын тухай мэдээлэл гарсан өдөр Антонофф хуримын бөгжөө зүүсэн хэвээр харагдсан байна.
Хосын харилцаанд асуудал үүссэн гэх таамгийг фенүүд хэдэн сарын өмнөөс анзаарч эхэлжээ.
Маргарет Куолли Instagram дахь @isimostar хэрэглэгчийн нэрээ сольсон. Энэ нэр нь Антоноффын бичсэн "Isimo" дуутай холбоотой байсан юм. Bleachers хамтлаг аялан тоглолтынхоо тоглолтын жагсаалтаас Куоллид зориулан бичсэн "Margaret" дуугаа хасжээ. Мөн жүжигчин Instagram хуудсаасаа хуримын зургууд болон нөхөртэйгөө холбоотой бүх нийтлэлээ устгасан байна. Хос хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сарын Grammy Awards-ын үеэр хамтдаа олны өмнө гарчээ.

Жек Антонофф, Маргарет Куолли нар 2021 оны наймдугаар сард Нью-Йоркт хамтдаа харагдсанаар болзож эхэлсэн нь ил болсон.
Тэд 2022 онд сүй тавьж, 2023 оны наймдугаар сард Нью Жерси мужийн Long Beach Island дахь Parker's Garage-д ойрын хүрээний хүмүүсийн дунд даруухан хурим хийсэн юм. Одоогоор хос албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд салсан эсэх нь эцэслэн батлагдаагүй байна.
