Цахим спортын шинжээч, скаут Алексей "OverDrive" Бирюков “BC.Game” багийн шинэчлэлийн талаар ярилцсан байна. Тэрээр тус баг Монголын Аюуш "mzinho" Батболдыг авахаар оролдож байгаа гэсэн мэдээллийг баталлаа.

Алексей "OverDrive" Бирюков телеграм хуудсандаа “BC.Game баг "mzinho"-г сонирхож байгаа нь үнэн. Хэрэв тэд түүнийг авч чадах юм бол маш хүчирхэг болно. Тун сонирхолтой бүрэлдэхүүн цугларна. Тэмцээний хуваарь таараад, дээр нь бүх тоглогч бэлтгэлдээ хамрагдаад байх юм бол “PGL Major Singapore 2026” тэмцээнд орж чадна гэсэн үг. Денис "electroNic" Шарипов бараг хамгийн сул тоглогч нь болно” гэж бичжээ.
“BC.Game” багийн эзэн Али "akofocus" Муханнед багийн бүрэлдэхүүн жигдэрсэн гэж зарлаж байсан. Цахим сүлжээнд тав дахь тоглогч нь Лауренциу "lauNX" Цырля гэсэн цуурхал гарсан ч HLTV порталд бичсэнээр манай mzinho тус багт очих магадлал өндөр байгаа ажээ.
