UBLife Logo
Нийгэм

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

Монгол Улсын Төрийн далбааны өдрийг монголчууд 2009 оноос эхлэн тэмдэглэж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Удирдах газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, төрийн ёслолын хүндэт харуул, үлээвэр найрал хөгжимчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ард иргэдийн төлөөлөл оролцсон.

Энэ онд 17 дахь жилдээ тэмдэглэж буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд тусгай зориулалтын 90 гаруй техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц, 4400 орчим алба хаагч, сонсогч, байлдагчид оролцсон бөгөөд ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр командлав.

Төрийн далбааг 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилж ирсэн түүхтэй бөгөөд Монгол Улсын одоогийн төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...