Найз залуугаа ээжийн хүүхэд, эрх хөвгүүн гэдгийг хэрхэн мэдэх вэ? Сэтгэл судлаачдын дүгнэснээр үүнийг аль болох хурдан мэдсэн нь дээр байдаг ажээ.
Шинж тэмдэг 1. Бие даан шийдвэр гаргаж чаддаггүй
Тэр оймс худалдан авахаас эхлээд ажлаа солих шийдвэрийг ч ээжийнхээ зөвшөөрлөөр гаргадаг. Ямар нэг эргэлзээтэй зүйл гарахад хэсэг завсарлага авч, ээжтэйгээ зөвлөдөг. Зөвшөөрөл гараагүй цагт ямар ч идэвхгүй сууж, алдаа гаргахаас үхтлээ айна. Хэрэв ээж нь бага зэрэг санаа нийлэхгүй байвал өмнөх шийдвэрээ өөрчилдөг.
Шинж тэмдэг 2. Ээжийгээ байнга дурсан санана
Найз бүсгүйтэйгээ маргалдах, эсвэл жирийн ярианд ч “ээжийн сүүдэр” байнга гарч ирдэг. Ээж ингэдэг, тэгдэг гэж ярьж, ээжийнхээ хоол, ахуйн зуршлуудыг нь жишээ болгоно. Ээжийн үг түүний хувьд “төгс үнэн” тул яриагаа “Ээж хэлэхдээ ...”, “Ээжийн бодсоноор ...” гэж эхлүүлдэг.
Шинж тэмдэг 3. Гэрийн ажил мэдэхгүй
Эгэл жирийн гэрийн ажилд тэр жинхэнэ нойл. Угаалгын машин яаж ажиллуулах, цэвэр оймс хаана байгаа, тогны мөнгөө хэрхэн төлөх, оройн хоолоо яаж хийхээ мэдэхгүй. Учир нь ээж нь энэ бүхнийг түүний өмнөөс хийдэг байжээ. Тиймээс тэр найз бүсгүйгээрээ бүх юмаа хийлгэх гэнэ.
Шинж тэмдэг 4. Эрэгтэй найз бараг байхгүй
Эрчүүд нийлэх үед үзэл бодлоо хамгаалах, өрсөлдөх, хариуцлага хүлээх явдал зайлшгүй гарч ирдэг. Харин ээжийн эрх хүүд тийм чадал байхгүй. Тиймээс тэр өөрийгөө эмэгтэйчүүдээр (ээж, эгч, ажлынхаа эмэгтэйчүүд) хүрээлүүлж, өрөвдүүлж, хайрлуулж, магтуулах хүсэлтэй. Эрэгтэй найзтай болсон ч удалгүй зам мөрөө хөөцгөөнө.

Шинж тэмдэг 5. Ээж нь түүний хувийн амьдралд оролцдог
Ээж нь түүний санхүүд дураараа төлөвлөгөө хийж, хувцас худалдан авч өгөөд зогсохгүй хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх, ямар сургуульд оруулахыг ч шийднэ. Зарим ээж хүүгийнхээ гэрийн түлхүүрийг ч хувилаад авсан байдаг. Ээж ямар ч мэдэгдсэн зүйлгүйгээр гэнэт ороод ирнэ гээд бод. Хүү үүнд нь саад хийх биш харин ч дуртай. Хүүгээ эзгүйд гэрт нь ороод хөшгийг нь индүүдэж, тавлигыг нь солиод, хоол хийгээд сууж байх жишээтэй. Найз бүсгүй нь хувийн орон зай гэж хэчнээн хэлсэн ч залуу ээжийнхээ талд орно.
Шинж тэмдэг 6. Ээжийгээ шүтэн биширнэ
Ээж нь түүний хувьд ямар ч алдаагүй Бурхан л гэсэн үг. Ээжийн хэлсэн үг бүр нь цэцэн, зөв, хийсэн үйлдэл болгон нь алдаагүй. Заримдаа ээж илт алдаа гаргахад хүү “Ээж надад сайныг л хүсдэг” гэж зөвтгөнө.
Шинж тэмдэг 7. Бүх эмэгтэйчүүдийг ээжтэйгээ харьцуулна
Тэрээр найз бүсгүйнхээ алхам болгоныг ээжийнхээ “харцаар” дүгнэдэг. Хийсэн хоол нь амтгүй, индүүдсэн хувцас нь үрчгэр, зан ааш нь ч ээжийнх шиг биш юм гээд л. Ээжийгээ хэт хийсвэрээр шүтэн биширдэг тул ямар ч бодит бүсгүй энэ шалгуурыг даван гарах боломжгүй.
Шинж тэмдэг 8. Байнгын гомдол, үглээ яриа
Багахан хүндрэлтэй тулгарахад тэр шийдвэр гаргахгүй, амьдрал хэцүү гээд гомдол гаргаад эхэлнэ. Найз бүсгүйгээ ээж шиг нь түүнийг тайтгаруулж, өрөвдөж, асуудлыг нь шийдэж өгнө гэж хүлээнэ.

Шинж тэмдэг 9. Найз бүсгүйгээ ээждээ маш эрт танилцуулна
Ээжтэйгээ танилцуулна гэдэг гэрлэх бодолтой байгаагийн шинж гэж үздэг. Харин энэ удаад залуу гэрлэх гэсэндээ биш найз бүсгүйгээ хурдан ээжийн шалгалтад оруулаад, тэнцэх эсэхийг нь асуух гэсэн гол зорилготой. Хэсэг хугацаанд үерхэж, дотносон дасахын оронд тэр шууд ээждээ үзүүлж, зөвшөөрөл өгөх эсэхийг нь сонсох гэж хүснэ.
Шинж тэмдэг 10. Зөвхөн өөрийгөө бодно
Түүнийг багад нь ээж нь эрхлүүлж, дуртай юмыг нь авч өгсөөр дасгажээ. Насанд хүрсэн хойноо ч тэр яг л ингэж амьдарна. Найз бүсгүй ядарсан эсэх, юу хүсэж байгаа нь түүнд огт падгүй. Тэр өөрөө л таашаал авч байх ёстой гэж үзнэ.
Шинж тэмдэг 11. Ээж бол дээд шүүгч
Хосууд жижиг зүйлээр маргалдсан ч тэр ээждээ хэлж, харин ээж нь шүүгчийн дүрд гарч ирнэ. Тайван амгалан ярилцаж, асуудлаа шийдэхийн оронд тэр шууд ээжтэйгээ утсаар ярьж, асууна. Эсвэл ээжийнхээ гэрт очиж, юу болсноо хэлдэг. Ингээд залуу гэртээ хариад бүсгүйд “Ээж намайг зөв зүйл хийж гэж хэллээ” хэмээн омог бардам зарлана.

Шинж тэмдэг 12. Ээжээсээ мөнгө авна
Зардал, орлогоо тохируулж, илүү мөнгө олохыг тэр бодохгүй. Санхүүгийн багахан хүндрэл тохиолдоход ээжээсээ тусламж хүснэ. Ээжийнхээ багахан тэтгэврийг үрж байгаагаа ойлгохгүй.
Шинж тэмдэг 13. Ээжтэйгээ байнга хамт явна
Ажлын ярилцлага, эмнэлэг, том худалдан авалт, найз нөхдийн уулзалт, болзоон дээр ч тэр ээжтэйгээ хамт ирдэг. Ээж нь дэргэд нь байхгүй бол тэр өөрийгөө хүн гэж бодохгүй. Ганцаараа хаа нэгтэй очно гэж бодохоор л түгшүүр, сандрал үүсдэг.
Шинж тэмдэг 14. Ээжтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг
Хийсэн болгоноо ээждээ тайлагнаж байх зуршилтай. Юу идсэн, хэнтэй уулзсан, найз бүсгүйтэйгээ хэрэлдсэнээ ч гэсэн тогтмол илтгэнэ.
Шинж тэмдэг 15. Ээжийгээ хилэгнүүлэхээс их айдаг
Ээжийгээ уурлуулж, гуниглуулахгүйн төлөө тэр найз бүсгүйнхээ аз жаргал, сонирхол, мөнгийг ч үрэхэд бэлэн. Ээж санаа алдан, “бие муу байна” гэхэд л хүүгийн дотор өөрийгөө буруутай мэт сэтгэгдэл төрж, найз бүсгүйгээ хаяад ч хамаагүй яваад очно.

Шинж тэмдэг 16. Эрх араншин
Хүнд шүүмжлүүлээд, заримаас нь татгалзах хариу авахад тэр тэмцдэггүй, өөрийн хамгаалалтад орно. Гомдож байгаагаа ил тод илэрхийлэн, юу ч ярихгүй хэвтээд, эсвэл уйлан бархирч эрхэлнэ. Найз бүсгүй нь түүний нулимс, уураас айгаад буруугаа хүлээнэ, эсвэл асуудлыг нь шийднэ гэж хүлээнэ.
Шинж тэмдэг 17. Ээжтэйгээ хамт амьдардаг
Насанд хүрсэн хойноо ч ээжтэйгээ хамт амьдарч байгаа залууд том болох хэрэгцээ байхгүй. Байр түрээслэн, тусдаа гарсан ч амралтын өдрөөр байнга ээж дээрээ очно. Бороо орлоо, хэт оройтлоо гэх мэт шалтаг хэлээд ээжийндээ хонохыг хүснэ.
Шинж тэмдэг 18. Энэ нийтлэлийг ээжтэйгээ хамт уншсан
Энэ нийтлэлийг уншаад өөртөө дүгнэлт хийхийн оронд тэр ээждээ үзүүлээд цахим ертөнцийг дооглон инээж байгаа бол тэр ээжийн эрх хүүхэд мөн. Уншиж байхдаа тэд эмэгтэйчүүдийг шүүмжлэн өөлж, ач тус санадаггүй хэмээн муулаад эцэст нь ээж “Энэ нийтлэл бол хэт гомдсон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн зохиосон зүйл” гэж хэлээд өндөрлөнө.
