Улаанбаатар хотноо үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын ес дэх өдөр буюу наймдугаар сарын 25-ныг “Усны өдөр” болгон тэмдэглэв. Энэ хүрээнд гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, ус болон газрын нөөцийн уялдааг хангах, усны аюулгүй байдлыг бэхжүүлэх шийдэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
“Усны өдөр”-ийн хүрээнд оролцогчид усны хомсдол, ган, газрын доройтлыг тус тусдаа асуудал гэж авч үзэх боломжгүйг онцолсон юм. Хөрс, ургамлын бүрхэвч доройтохын хэрээр газрын ус шингээж, тогтоон барих чадвар буурч, улмаар гангийн эрсдэл нэмэгддэг. Харин усны нөөцийн хомсдол нь газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл төдийгүй иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байна. Ийнхүү энэ өдөр хэлэлцсэн онцлох сэдвүүдийг хүргэж байна.
Drought Resilience Investment Facility (DRIF)-ийг албан ёсоор эхлүүлэв
COP17-ын “Усны өдөр”-ийн хүрээнд гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, усны аюулгүй байдлыг хангах, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой Drought Resilience Investment Facility (DRIF)-ийг албан ёсоор эхлүүллээ. Уг санхүүжилтийн механизм нь холимог санхүүжилт, даатгалын хэрэгсэл болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан гангийн тэсвэртэй хөдөө аж ахуй, усны дэд бүтэц, байгальд суурилсан шийдлүүдэд хувийн хөрөнгө оруулалт татахад чиглэж байна.
Бид зөвхөн хохирогчид биш

Уугуул иргэд, жендэр, залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр орон нутгийн иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Тэд “Бид зөвхөн хохирогчид биш, харин шийдлийн гол оролцогчид” гэдгийг онцолж, шийдвэр гаргалт, бодлогын хэрэгжилт болон санхүүжилтийн үйл явцад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалав.
Усны менежмент, санхүүжилтийг хэлэлцэв
“Усны өдөр”-ийн хүрээнд усны тэсвэртэй менежмент, усны засаглал, санхүүжилт болон хуурай бүс нутгийн усны хүртээмж, менежментийн шийдлүүдийг хэлэлцлээ. Мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байгаль орчны тулгамдсан асуудал, парламентын оролцоо, усны хэмнэлттэй хэрэглээ болон усыг дахин ашиглах, эргэлтийн зарчимд суурилсан шийдлүүдийн ач холбогдлыг онцоллоо.
Элсэн, шороон шуургыг бүс нутгийн хэмжээнд бууруулахыг зорив

“Усны өдөр”-ийн хүрээнд Монгол Улс болон Зүүн хойд Азийн орнуудын хэмжээнд элсэн, шороон шуургыг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Хятад, БНСУ, Япон улсын хамтарсан ажлын хэсэг судалгааны үр дүнгээ танилцуулж, элсэн, шороон шуурганы давтамж, эрчмийг бууруулах, түүнээс үүдэх эрсдэлийг багасгах арга зам болон шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол Улс бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг дэвшүүлэв
Дэлхийн хуурай газрын 71 орчим хувийг бэлчээр эзэлдэг. Бэлчээрийг хамгаалах нь зөвхөн газар, ургамлын бүрхэвчийг хамгаалах асуудал бус, тухайн нутагт бэлчээр түшиглэн амьдарч буй иргэдийн амьдрал, ахуй, соёлын өвийг хамгаалахтай салшгүй холбоотойг онцоллоо.Мөн Монгол Улсын дэвшүүлсэн уг санаачилгад Кени, Ботсвана, Боливи, Бутан зэрэг улс албан ёсоор нэгдсэн байна.
