Гэрэл зурагчин Базаргарьдын Долгорсүрэн буюу Сүнико “Монгол орно” урт хугацааны төслийнхөө хүрээнд “Where would we find you, if we need to find you” үзэсгэлэнгээ Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд дэлгээд байна. Тэрээр өөрийн бүтээлүүддээ газар орон, хувь хүний ондоошил, ой санамж, дурсамж зэргийг нийгмийн болон хүмүүсийн өдөр тутмын амьдралын эгэл төрхөөр дамжуулан гүн тусгадаг онцлогтой.
Бага насаа гадаадад өнгөрүүлж, мэргэжлийн замналаа ч тэр Сингапур, Бангкок хотоос эхлүүлсэн боловч үргэлж Монголоо эрэн хайж, эргэн харж ирсэн нь Улаанбаатар хот дахь анхны бие даасан үзэсгэлэнгийнхэн нь цөм болсон гэлтэй.
Сүнико 2023 онд Нью-Йорк хотын Олон улсын гэрэл зургийн төвийн (ICP) дипломын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцаж төгссөн бөгөөд түүний бүтээлүүд The Associated Press, Forbes, Blind Magazine, Musee Magazine зэрэг олон улсын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан. Мөн Бангкок, Парис, Нант, Нью-Йорк хотод үзэсгэлэнд оролцож, 2025 онд Нью-Йорк дахь нэр хүндтэй “Baxter St Residency” хөтөлбөрт шалгаран бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн бол Улаанбаатар хотод “Photo Week 2025” болон “Art Week UB 2025” арга хэмжээнд бүтээлээ толилуулж байв.
-Төрөлх хотдоо анх удаа үзэсгэлэнгээ гаргасан сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Энэ асуулттай тулгарсан чинь би өөрөө ч сэтгэгдлээ анзаарах завдалгүй их ажилтай яваад байснаа мэдлээ. Үзэсгэлэнгээ гаргах гэж маш их бэлдэж, их ажил амжуулсан болохоор өөрөө бодол, сэтгэгдлээ эргэцүүлэх завгүй яваад байж. Гэхдээ одоо эргээд харахад маш хөөрхөн болчихсон санагдаж байна. Нью-Йоркт энэ үзэсгэлэнгээ гаргахдаа Монголд гаргахыг маш их хүсэж, хамт олон, найзууд маань ирээд гоё байна байх даа гэж бодож байсан. Тэр маань яг л биеллээ.
Мөн би Монголын урлагийн зөвлөлийн Залуу манлайлагч хөтөлбөрийн 2022 оны төгсөгч л дөө. Хөтөлбөрт оролцож, түүнээс хойш олон ч ажил, уран бүтээл хийж, ингээд дөрвөн жилийн дараа зөвлөлийн “Улаан гэр” галерейд үзэсгэлэнгээ дэлгэж байгаа нь бас нэг бүтэн замнал болж байгаа юм шиг санагдаж байна. Нэмээд дэмжиж спонсор хийсэн олон байгууллагын ачаар энэ бүхэн бүтсэн.
Үзэсгэлэнгээ бэлдэх явц бас маш гоё. Хэдийгээр хэвлэсэн зургууд бэлэн байсан ч тэдгээрийг жаазлах хүртэл их өөр мэдрэмж өгнө. Галерейн энэ орон зайд ч тэр яг таарсан, танхимын гэрэл, ханын өнгө гээд бүх зүйлийг нь зорьж тааруулж, бэлтгэсэн учраас сэтгэл хангалуун байна.
-“Монгол орно” төслийнхөө талаар ярьж өгөөч. Энэ үзэсгэлэн төслийн нэг хэсэг гэсэн үг үү?
-Тийм ээ, “Монгол орно” урт хугацааны төслийн маань нэгээхэн хэсэг нь энэ удаагийн үзэсгэлэн. Магадгүй доторх нэг шат, нэг бүлэг нь гэж болно. Үзэсгэлэн гэдэг уран бүтээлчийн хувьд яг үүгээрээ дуусгачих зүйл биш, зүгээр 2025, 2026 онд энэ төсөл хаана, ямар үе шатанд явж байна вэ гэсэн зогсоц авах хэсэг ч гэх үү. Тиймээс зургуудыг нь ч тэр нэг, нэгээр нь биш үзэсгэлэнг бүтнээр нь үзэж байж ойлгож, мэдэрнэ.
Энд дэлгэх зургуудаа нарийн сонгож дэглэсэн. Цаашид зургууд нэмсээр байгаад төслөө нэг гоё ном болговол гэсэн санаа ч бий. Гэхдээ магадгүй 20 жилийн дараа яг энэ хэвээрээ байх нь уу, эсвэл хоёр жил, таван жилийн дараа хувьсаж өөрчлөгдөөд дуусаж ч мэднэ.
Энэ удаад зөвхөн үзэсгэлэндээ зориулж хэвлүүлсэн limited edition зургуудаа гаргасан. Бүгд хальсаар авсан, хэвлэхдээ ч тэр Нью-Йоркт би өөрөө платин цаасан дээр хэвлэсэн. Энэ нь олон зуун жилийн настай, олон өнгө ялгарч хэвлэгддэг, торгомсог гадаргуутай сайн чанарын буюу fine art цаас л даа. Тиймээс зургууд маань нэг бүр нь таван ширхэг л хэвлэгдсэн, заримаас нь нэг, хоёр хүн авчихсан гэхээр цаана нь ердөө гурав үлдсэн.
-Уран зураг шиг л байх нь ээ.
-Тийм ээ, гэрэл зураг уг нь бол fine art шүү дээ. Хүмүүс л мартчихсан байдаг болохоос биш. Зургийг утасны камераар аваад дижитал болсноос хойш маш хурдан хөгжөөд гэрэл зургийн үнэ цэнийг мартчихсан юм шиг санагддаг.
Гэрэл зургийн түүхэнд анх томоор хэвлэсэн зургийг арилжааны л зориулалттай гэж хардаг байсан үе бий. Өнгөт зургийг ч тэр. Яагаад гэвэл зөвхөн сурталчилгааны зургийг л томоор хэвлэдэг байсан. Тийм учраас хуучны гэрэл зургуудыг харвал маш жижигхэн, том жаазны голд жижигхээн зургууд байдаг. Тэр нь илүү үнэ цэнтэй гэж ойлгогддог байсан.
Одоо бол философи нь өөрчлөгдсөөр байгаад янз бүрийн илэрхийлэл байх болсон. Энэ үзэсгэлэнд ч тэр миний зургууд том, жижиг янз бүрийн хэмжээтэйг харж байгаа байх. Энэ бол үзэж байгаа хүнд ямар мэдрэмж өгөх вэ, яаж илэрхийлэх вэ гэсэн миний сонголт юм. Жижиг бол хүн ойртож харна, деталиудыг нь илүү нарийн анзаарч үзнэ. Том зураг бол холоос харна, хүн холдож, ойртож хөдөлгөөнтэй үзнэ. Дээшээ харахад нь байх юм бол магадгүй хүн тэнгэр лүү харж байгаа мэт, эсвэл сахиус руугаа харж байгаа ч юм уу гэхчлэн хүнд яаж үзүүлэх вэ гэдэг шийдэл бүхэн маш их утга учиртай байдаг. Тийм учраас л гэрэл зургийг урлагийн талаас нь харахад дэглэлт чухал, тэр хэрээр үзэгч бас бүтэн үзэх, эргэж үзэх, дахиж тойрох гэхчлэн анзаарвал олон мэдрэмж төрж болно.

-Үзэсгэлэнгийнхээ дэглэлт дээр өөрөө бүтэн ажилласан уу?
-Тийм ээ. Нью-Йоркт байхдаа мэдээж багш нар, ангийнхаа зурагчидтай хамт ярилцаж, харуулж байсан л даа. Ер нь ганцаараа л хараад байх юм бол нэг өнцөг дээрээ гацчихдаг. Би ийм л юм бодож авсан, надад ийм мэдрэмж өгсөн тул энэ зураг заавал байх ёстой гээд өөрийнхөөрөө дайрчих талтай. Гэтэл зарим зураг заавал үзэсгэлэнгийн нэг хэсэг байх албагүй байх нь ч бий. Харин энгийн нэг дараад орхисон зургаа дараа нь харахад маш их үнэ цэнтэй санагдах тохиолдол байдаг. Тийм учраас өөр хүний өнцгөөс харуулж, сонсох хэрэгтэй.
-“Монгол орно” гэх төсөл ямар санаанаас, хэзээнээс эхэлсэн бэ?
-Би 2024 оны зун хальсаар маш их зураг аваад намар нь урагшаа явж угаалгасан юм. 35мм болон өргөн хэмжээтэй 50, 60-аад хальс авч явж угаалгасан. Зунжингаа дарсан зургуудаа заримыг нь юу авснаа ч мартчихсан байсан болохоор хэдэн сарын дараа харах сонин байсан.
Гэрэл зураг ер нь хүн өөртэйгөө ярилцах, өөрийн доторх учраа олох боломж өгдөг санагддаг. Би хэвлэсэн зургуудаа Ub.life-ийн ширээний теннисний ширээн дээр дэлгэж тавьж байгаад юу давтагдаж байна, надад ямар мэдрэмж төрж байна, юу харагдаж байна гээд их удаан суусан. Хүмүүст ч бас үзүүлж, харуулаад би ер нь Монголд байх хугацаандаа ямар нэг зүйл хайгаад байсан ч юм уу, хүлээстэй ч юм уу, гэхдээ бас их инээдтэй ч юм уу зургууд авчээ гэж бодсон.
Тэр дундаас “Монгол орно” гэж зургаа хараад энэ л юм байна гэж бодсон. Би тухайн үед яг тэр бичгийг өөрөө айхавтар тохируулж авсан эсэхээ санахгүй байгаа юм. Гэхдээ ямартай ч тухайн үед гадагшаа явах гээд виз ээ хүлээж байсан, Монголд байхдаа нэг тийм хүлээлгийн өрөөнд байгаа юм шиг санагдаж байлаа. Тэр мэдрэмж надад бас шинэ юм биш л дээ. Хэдий Монгол миний төрсөн нутаг боловч багаасаа олон газраар явж амьдарсан болохоор Монголдоо ирэх бүрдээ дандаа түр зуурын мэдрэмжтэй байдаг байсан. Хаа нэгтэйгээс өөр газар дуудаад ч байгаа юм шиг, тэгсэн хэр нь ээ Монголдоо ирж тайвшрах мэдрэмжээ заавал авмаар байдаг. Хөдөө талд нар, сар аа харж байж гоё болдог.
Энэ бүх мэдрэмж маань л “Монгол орно” гэдэгтэй яг нийцсэн байх. Орно гэдэг үг бас их түр зуурын утгатай юм шиг санагддаг. Бид дэлгүүр орно, зах орно гээд их хөнгөн хэрэглэдэг. Нөгөөтээгүүр гэхдээ монгол хүнийхээ амин чанар луу орох, монгол хүн байх, би Монголтойгоо ямар холбоотой юм, энд төрсөн нь миний илэрхийлэл болох уу, гэтэл би яагаад холдох гээд байгаа юм гэсэн олон асуултын эхлэл л дээ. Тийм учраас Монголд авсан зургуудаа хэвлэж гаргаад паспортынхаа тамгуудаар дахин “урлаж” бүтээсэн бүтээлүүд.
Ер нь ийш тийшээ явсан ч гэсэн эцэстээ Монголдоо л эргээд ирдэг. Ёстой нөгөө морь нутаг руугаа гүйдэг гэдэг шиг юу ч болсон эргээд л ирэх болдог нь сонин шүү.

-Бүр явлаа гэж шийдээд явсан ч уу?
-Тийм. Хэзээ ч ер нь бүр явдаггүй л юм. Яаж ийгээд л буцаад ирдэг, буцааж авчраад байдаг.
-Чи энэ тохиолд дуртай байдаг уу, дургүй байдаг уу?
-Одоо дуртай болж байгаа юм уу даа. Цаг хугацаа явах тусам. Багадаа дунд сургуулийн сурагч байхдаа бол ёстой Монголд амьдрахгүй, таарахгүй гээд л янз бүрийн юм ярьдаг байлаа. Харин 20 нас хүрээд өөртэйгөө таарсан найз нөхөдтэй болоод, ойлголцох хүмүүстэйгээ ярилцаад байхаар энэ миний газар юм байна гэж илүү ойлгодог болчихсон.
Ер нь хүн эрх чөлөөтэй л байх сайхан шүү дээ. Карьер, мөнгө юу ч байдаг юм, ямар нэг юмны төлөө цаг зав, мөнгө зарцуулж, аппликейшн өгч, виз авч хаа нэг тийшээ явах нь дарамттай, хэцүү санагдаад байдаг юм. Тэр бухимдал маань л энэ паспортын тамга зэргээр илэрхийлэгдэж гарч байгаа бололтой.
-Үзэсгэлэнг тойрч үзээд дуусахад монгол агуулга, илэрхийлэл танил дотно мэдрэгдэж байна.
-Ерөнхийдөө Монголд авсан зургууд болохоор аргагүй байх. Гадаадад авсан цөөн зураг байгаа нь харьцуулагдаж харагдах байх.
Зургийн дүрслэлүүд бэлгэдлийн шинжтэй санагдаж магадгүй. Харж өссөн үзэгдэл, дүрслэлүүд зурагт маань шингэсэн байдаг бололтой. Ер нь миний дотор танил дотно боловч ойртож чаддаггүй хол ч юм шиг мэдрэмжүүд их төрдөг.
Таны хэлсэнчлэн монгол илэрхийлэлтэй зургууд байна гэж байгаа боловч үндсэрхэг ч юм уу тийм хэв маяг огт байхгүй байгаа биз. Энгийн л өдөр тутмын монгол ахуй, дүрслэлүүд. Тэгэхээр магадгүй бидний мөн чанар энэ энгийн зүйлсэд байдаг юм болов уу.
Гэхдээ энэ бүхэн үзэгчид хэн байхаас хамаарч өөр мэдрэмж, ойлголт өгдөг юм байна. Монгол хүн бол “Өө, энэ Хөвсгөл байна” гээд л шууд таньдаг. Гадаад хүн бол их сонин юм аа гэж сонирхож байгаа юм. Заримдаа футуристик ч гэх нь бий.
-Үзэсгэлэнгээ “Where would we find you, if we need to find you?” буюу “Бид хэрэг гарвал чамайг хаанаас олох вэ?” гэж нэрлэсний учрыг асууя. Хилийн шалган дээр ирсэн асуулт гэж байсан. Тэр үг яг ямар хүчтэй мэдрэмж төрүүлсэн юм бэ?
-Надад маш түгшүүртэй санагдаж байсан. Шударга бус, хүнтэй хүн шиг харьцахгүй байгаа нь бухимдал төрүүлсэн.
-Уг нь зүгээр гарчиг төдий уншихаар бараг уянгалаг сонсогдох ч юм шиг.
-Яг тийм. Зүгээр анх уншихаар их гоё уянгалаг. Харин түүх нь бол шал өөр. Би Америкийн хилээр ээжтэйгээ орж байсан юм. Ер нь хаашаа явах вэ, яах вэ гээд л асуудаг. Би ч олон л явж байсан болохоор хариулаад л өнгөрдөг. Харин тэр үед хамгийн муухай харьцсан нь. Би сургууль дээрээ очих гээд явж байгаа шүү дээ, тэрийгээ хэлтэл “Тэгээд сургуулийнхаа барилга дээр байх юм уу. Буудлынхаа хаягийг нарийн өг. Бид нар хэрэг гарвал чамайг хаанаас олох юм” гэж байгаа юм. Ер нь хүн зүгээр аялах гээд, сургуульдаа очих гээд ирэх хооронд намайг хайх ямар шалтгаан гарч ирэх юм бэ? Тийм дарамттай мэдрэмж хүнд өгч байгаа юм. Тэгснээ “Дараачийн удаад оруулах эсэх нь баталгаатай биш шүү” гэж байгаа юм “Яагаад билээ?” гэтэл “Өөр хүн ажиллаж байна байх” гэж байгаа юм. Тэр мэдээж шүү дээ. Энэ мэтчилэн хүнтэй бүдүүлэг, сүрдүүлсэн байдалтай харьцаж байгаа нь санаанаас ер гарахгүй байсан.
Тэгээд дараа нь хөтөлбөрийнхөө захиралтай зургуудаа ярьж байхдаа энэ тохиолдсон зүйлээ яриад, энэ үгээр үзэсгэлэнгээ нэрлэчихвэл яах бол гэхэд шуудхан тэгье гэсэн. Ер нь үзэсгэлэн заавал богино үгээр байх албагүй, асуулт тавьж болно шүү дээ гээд.

-Тэр ажилтны асуултад чи “Монгол орно” төслийнхөө нэрээр хариулчихсан юм биш үү?
-Нээрээ тийм байна шүү дээ. Ингэж бодоогүй юм байна.
-Гэхдээ энэ асуулт яагаад яг энэ үзэсгэлэнд тохирно гэж бодсон бэ?
-Ер нь бол нэг талаас цаг хугацааны хувьд яг тусгал болж байгаа юм. Энэ асуулт нь Америкт болон дэлхий дахинд юу болж байна вэ гэдгийг харуулж байгаа байх.
Илэрхийллийн хувьд гэвэл… Их сонирхолтой асуулт байна шүү.
Яг энэ асуултыг тавиад, түүхийг нь сонсонгуут нэг зүйл хайгаад яваад байгаа юм шиг мэдрэмж төрж байна гэж хүмүүс их хэлсэн. Миний хувьд бол хаагуур явж, юу харснаа баримтжуулж авч үлдээд байгаа архив ч юм шиг.
Одоо сайтар бодвол миний хувьд “belonging” буюу ямар нэг хэлхээ, холбоогоо л хайгаад байх шиг. Энэ мэдрэмжтэй, энэ газартайгаа нийцэж байна уу, юунд татагдаад энэ зургийг аваад байгаа юм бол гэх мэт.
Гэхдээ ер нь энэ асуулт бол метафор маягтай л даа. Уран бүтээл, орчин үеийн урлаг гэдэг бол асуулт асуух шүү дээ. Эндээс зөвхөн ийм юм ойлгоно гээд шууд хэлэх боломжгүй. Үзэгч үүнийг хараад өөрөө юу гэж бодож байна, юу ойлгож байна, юу асуумаар байна вэ. Тэр сэдлийг л өгөх нь чухал.
-Бага насныхаа тухай ярьж өгөөч. Анх хэзээ, хаашаа явж байв?
-Намайг 10 настай байхад ээж маань АНУ-д магистрт суралцахаар явж байсан юм. Эгч бид хоёрыг ч бас сайн сургуульд сургавал гэж бодоод аваад явснаа сая үзэсгэлэнгийн нээлт дээр хэлсэн. Мэдээж гадаадад сургуульд сурах, хоёр хүүхдээ өсгөх хэцүү учраас ээж бас ажил хийнэ. Тэгээд нэг багшийнхаа гэрт нь тусалдаг байсан юм билээ. Нэг удаа багш нь охин чинь сонирхвол гээд хуучин камераа өгснийг нь надад өглөө. Ингэж л би 14 настайгаасаа гэрэл зураг сонирхож дарж эхэлсэн.
15 настайдаа Монголд эргэж ирээд Монголд дунд сургуулиа төгссөн. Тэгээд эргээд Америк яваад бизнесийн чиглэлээр их сургуульд ортол ерөөсөө миний сонирхол биш байсан. Хийж байсан сонирхолтой бүх зүйл маань хичээлээс гадуур буюу зураг авах, зурагчин хүмүүстэй нийлэх гээд л тэс ондоо. Тэгээд ер нь ингэж дэмий цаг, мөнгө үрж байснаас гээд Монголдоо буцаж ирж хэсэг байж байгаад Сингапур луу явсан. Тэнд нэг жилийн хөтөлбөрт Дизайн, коммуникацын чиглэлээр суралцаад үргэлжлүүлж дадлагаа хийгээд жил гаруй амьдарсан.
Дараа нь Бангкок руу нүүж ажиллах болсон. Тэр үед нээрэн бас сонирхолтой нь нэг удаа Бангкокоос Малайзаар дамжаад Сингапурт цөөн хоногоор эргэж очсон юм. Тэгсэн намайг хил дээр шалгаж байснаа гэнэт Suspected SIW гэсэн юм хэлээд арын өрөөндөө оруулаад баахан байцаалаа. Чи яагаад ийм орой үдшээр, ийм цөөхөн хувцастай ирж байгаа юм гээд л. Би гайхаад угаасаа цөөн хоногоор ирчхээд л буцах юмаа, автобусны цаг ингэж таараад гээд хариулаад. Тэгсэн Suspected SIW гэдэг нь Sex Industry Worker буюу намайг биеэ үнэлэгч, сэжигтэй этгээд гэж үзсэн байгаа юм. Өнөөдрийн үзэсгэлэнгээ дэлгэх хүртэлх энэ мэт сонин түүхүүд надад олон бий.

-Ингэж өнгөрүүлсэн бага нас чинь одоо бодоход ямар санагддаг вэ?
-Ярилцаж суугаад эргээд бодоход үргэлж нэг жижигхэн соёлын шоктой байдаг байсан юм байна. Ялангуяа, 10 настай яваад ирэхдээ монгол хэлээ мартчихсан, эмээтэйгээ, багш нартайгаа сайн ярилцаж чадахгүй. Тэгээд сургуульдаа сураад бага багаар дээрдсэн. Тэр үедээ Америкт үлдсэн бол шал өөр, магадгүй америк хүн болчих байсан байх. Ёстой монголоо алдсан монгол гэдэг болчих байсан биз. Тэгэхээр үргэлж ирж, очдог байсан маань их чухал байж дээ.
2018 онд бол ирээд буцаад явах гэтэл виз маань гараагүй. Тэгээд тэр өдрөө Ub.life дээр очоод ажилд орж байсан.
-Монголд ирээд хэвлэл мэдээллийн салбарт ажиллах ямар санагдаж байсан бэ?
-Бас л шок шүү дээ. Ажилд ортол редакцынх нь тал нь ном гаргачихсан хүмүүс сууж байсан. Би гэтэл монголоор олигтой ч ярьж чадахгүй. Гэхдээ хотоор их явж, олон янзын хүмүүстэй уулзаж, зургийг нь авч хүмүүстэй ярилцаж, ажиллаж сурсан. Мөн хэвлэл мэдээлэл гэдэг бол чи хаашаа ч, хэнд ч хандаж болдог, нийгмийн бүхий л үйл явдалд оролцож болдог нээлттэй хаалга шиг зүйл. Дөнгөж Монголд ирсэн би талбай дээр болж байсан айхавтар том жагсаалын зургийг дараад л, реклам, ярилцлага, хөрөг гээд маш олон зураг дарсан нь туршлага болсон.
-Тийм завгүй хэмнэл дотор өөрийнхөө уран бүтээлч талыг яаж хадгалж үлдэв?
-Би ч тэр үед өөрийгөө уран бүтээлч гэж хэлэхэд хэцүү байсан л даа. Ер нь ажилд орох хүртлээ өөрийгөө гэрэл зурагчин ч гэж хэлж чаддаггүй байсан. Сүүлийн хэдэн жилд харин сургуульд яваад, үзэсгэлэнгээ гаргаад л овоо хэлж сурч байна.
Яах вэ, мэдрэмжтэй гэдгээ мэднэ, өнцөг, өнгө сайтай гэдгээ мэддэг байсан. Гэхдээ яг түүгээрээ би ойлгогдоод, маш гоё зураг авч байна гэж боддоггүй байсан. Ер нь тоглолтын ч юм уу, гоё зураг аваад Facebook, Instagram дээр нийтлэх маш утгагүй санагддаг байсан. Хүн хоёр секунд л хараад өнгөрнө, хэдэн шейр авна, хүмүүс намайг жоохон мэддэг болно. Тэгээд яах юм гэхээр ямар ч утгагүй. Тэгээд л ер нь сургуульд явах ёстой юм байна гэж шийдээд Хөвсгөл рүү явах замдаа өргөдөл болон бусад материалаа бэлдээд илгээчихсэн.
Энэ хөтөлбөр маань ч надад яг таарсан байсан. Гэрэл зургийн шүүмж, ярилцлага гээд л маш олон төрлийн хичээл авч болдог. Бас хамт сурч байгаа хүмүүс маань ажлын туршлагатай, ерөнхийдөө юу хийх гээд байгаагаа мэддэг. Тийм нөхцөлд өөрийнхөө учрыг олох, нээх орон зайг нь олгодгоороо сургууль маань онцлог. Би тэгж л гэрэл зураг гэдэг чинь ийм учиртай юм байна, би үүнийг л хийх ёстой юм байна, энэ миний хамгийн том хайр юм байна гэж мэдсэн. Тэгээд зургаараа юу үзүүлмээр байгаагаа илүү ойлгож, илүү цэгцтэй болоод гарч ирсэн.
Би ер нь тэнд нэг өгүүлбэр бичиж сурч байна даа гэж бодож байсан. Өмнө нь бол үсгүүдээ мэдээд байдаг, гэхдээ үг, өгүүлбэр бичиж чаддаггүй байж. Дүрэм байхгүй, бүтэц байхгүй. Энэ утгаараа гэрэл зураг бол хэл шүү дээ. Тийм учраас зургууд өөр, өөр хэлбэр, хэмжээтэй буюу урт, богино өгүүлбэр шиг, жааз, гэрэл, хөшгөөр дундуур нь цэг, таслал ч тавьж болж байна.

-Уран бүтээлчийн хувьд чамд нөлөөлсөн хүн, үйл явдал, эсвэл хүндэлдэг гэрэл зурагчин ч юм уу нэрлээч гэвэл.
-Гэрэл зурагчин ч ер нь сургуульд явах хүртлээ сайн мэддэггүй байсан даа. Тэр хүртэл харсан юм аа л дараад яваад байдаг байсан. Гэрэл зурагчид гэхдээ сэтгүүлчтэй адилхан төрөлхийн маш сониуч хүмүүс байдаг шүү дээ. Би маш их тэнэх дуртай, ийш тийшээ их алхана, үзнэ, сонин содон юм анзаарах дуртай. Тэрийгээ л дагаж ирсэн.
Уран бүтээлч нэрлэвэл олон л байна. Нью-Йоркт байхдаа хамгийн таалагдсан нь Ричард Сэрра гэж уран бүтээлч. Тэр хүн маш том, хана шиг том өндөр завь, бөмбөлөг юу ч юм хийчихдэг. Холоос харвал юу юм бэ гэж бодохуйц гэхдээ маш агуу мэдрэмж төрүүлдэг. Би анх үзчихээд нэг тойрог хэлбэртэй бүтээлийг нь ямар сонин бүжиг шиг юм бэ гэсэн мэдрэмж авч байсан юм. Тэгсэн дараа нь өөрийнх нь яриаг унштал угаасаа балет бүжгээс санаа авч хийсэн бүтээл байж таарсан. Тэгээд яаж ийм сонин төмрөөс тийм хөгжмийн, бүжигчний мэдрэмж төрүүлж чадав аа, тэр хүний сэдэл нь яаж тийм байв аа гэдэг үнэхээр гайхалтай санагдаж байсан.
Тэр бүтээлийг очиж үзэлгүй, ердөө зургийг нь харвал хүн тэр цаад мэдрэмжийг нь авч чадахгүй. Тийм учраас л би хүмүүсийг үзэсгэлэнг ирж үзээсэй, бүтэн үзээсэй гээд байгаа юм. Орчинд нь, хөгжимтэй, гэрэлтэй, ханатай төдийгүй энэ хананы цагаан байх нь хүртэл чухал байгаа юм. Тийм ч учраас үзэсгэлэндээ зориулж будсан. Энэ бүхэн нийлж байж хүнд цогц туршлага, мэдрэмж төрүүлнэ. Уран бүтээлд тэгж оролцож, холбогдож байж мэдэрнэ, ойлгоно.
Гэрэл зурагчин Сүникогийн “Where would we find you, if we need to find you” үзэсгэлэн наймдугаар сарын 31-нийг дуустал “Улаан гэр” галерейд гарна.
