UBLife Logo
Ярилцлага

Б.Агнууш: Бидний үеийн залуус дунд үнэт зүйлийн хувьсгал явагдаад эхэлчихсэн

Ж.Хулан
Ж.Хулан
Б.Агнууш: Бидний үеийн залуус дунд үнэт зүйлийн хувьсгал явагдаад эхэлчихсэн

Нийгэмд өөрчлөлт авчрах, эерэг нөлөө үзүүлэхэд залуусын оролцоо чухал гэдгийг бид үргэлж ярьж ирсэн. Тэгвэл энэ нөлөөллийг өөрөө бодитоор бүтээгээд зогсохгүй хүсэл, тэмүүлэл нэгтэй залуусын хамт “Импакт Лаб” санаачилгаа эхлүүлээд байгаа Б.Агнууштай ярилцлаа.

 -Бидний ярилцаж суугаа “Импакт” кафе ямар учиртай газар вэ гэдгийг уншигчдад танилцуулаач.

-Энэ бол олон нийтэд нээлттэй, залуучууд нийгэмдээ оролцоотой байх бодит алхмаа эхлүүлж болох газар. Учир нь, энд хийж буй худалдан авалт бүрийн орлого нь манай “Импакт Лаб” төрийн бус байгууллагад санхүүжилт болж ордог юм.

Мөн оюутан, залуус болон нийгэмдээ оролцоотой байх хүсэл тээж яваа хэн ч байсан орж ирж үйлчлүүлэхээс гадна төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож, хүмүүстэй уулзаж, танилцан оролцоотой байх ямар боломжууд байна вэ гэдгийг эндээс харж, туршиж үзэх боломж олгодгоороо онцлог.

-Кафе нээх болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Энэ кафе бол дээр дурдсан манай “Импакт Лаб” олон үйлдэлт орон зайн нэгээхэн хэсэг нь л дээ. “Импакт Лаб” маань нийгэмдээ үнэ цэн бүтээх хүсэл, эрмэлзэлтэй, салбар бүрд нийгмийг өөрчлөөд явж буй хүмүүс нэг нэгнээ олдог, биенээ дэмжих, хамтрах боломж олгохыг зорьдог. Нөгөө талаас өөрчлөлтөд тэмүүлж, ажиллаж явахад ганцаардах үе бишгүй гарна. Тэр үед ажил ч биш, гэр ч биш гэхдээ бусадтайгаа хамтдаа байдаг гуравдагч орон зай буюу үүр нь байгаасай гэж хүсдэг.

Ийм орон зай бий болгосноор бид бас төрийн бус байгууллагаа санхүүжүүлж байгаа юм л даа. Энд кафенаас гадна co-working буюу хамтын ажиллах орчин бий, арга хэмжээ зохион байгуулах хэсэг бий.

-Нийгэмдээ өөрчлөлт бүтээж байгаа залуус гэж та хэнийг хэлж байна вэ? “Импакт Лаб”-д ямар үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс нэгдсэн бэ?

-Нийгмийн оролцоо гэдгийг бид янз бүрээр л ойлгодог л доо. Нэг бол талбай дээр гараад жагсах, дуу хоолойгоо илэрхийлж тэмцэх, эсвэл сайн дурын ажил хийх гэхчлэн оролцооны нийтлэг хэлбэрүүд бий. Үүнээс гадна өөрийн эрхэлж буй бизнес, төрийн бус байгууллагаараа нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах боломж байдаг гэдгийг бид тэр бүр анзаардаггүй. Бизнес, ТББ гэдэг бол ямар нэг асуудлыг шийдэхийн төлөө л яваа аж ахуйн нэгж шүү дээ. Ялангуяа, шийдэж буй асуудал нь нийгэм, байгаль орчны асуудал байвал түүнийг шийдэх систем бий болгож байгаагаараа нийгэмдээ оролцож байгаа хэрэг. Түүгээр дамжуулж нийгэмд зөв зан төлөв суулгаж, хэрэглэгчдээрээ дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй санаачилга.

Манай “Импакт Лаб” community буюу хүрээлэлдээ суурилсан, одоогоор албан ёсны 13 байгууллагатай. Үүнд, иргэний нийгмийн салбараас болон бизнес загвараар нийгэмдээ эерэг нөлөө үзүүлээд явж байгаа байгууллагууд бий. Гол нь бүгдийнх нь үнэт зүйл салбар, салбартаа хүрээллээ бий болгож, хөгжүүлж, бэхжүүлэх төдийгүй салбарынхаа тодорхой асуудлыг шийдвэрлэж, өөрчлөлтөд манлайлж байгаа. Жишээ нь, “Зориг сан”, “Women for Change”, “Serenity Magazine”, “Mongolian Visuals”, “Positive Dadal” гэхчлэн үргэлжилнэ. Манай веб хуудас руу орвол бидний дундын итгэл үнэмшил, үнэт зүйл юу вэ, бид яагаад нэгдэх болов, нийгэмд үзүүлэх үр нөлөөгөө байгууллага бүр юу гэж хардаг вэ зэргийг уншиж болно.

-Энэ байгууллагууд яаж нэгнээ олсон юм бэ? “Импакт Лаб” хэрхэн нэгтгэв?

-Ер нь бүгд бие биеэ мэддэг байсан л даа. Монголын давуу бөгөөд үзэсгэлэнтэй тал нь нийгмийн салбарт тодорхой хэмжээнд асуудалд санаа зовниж, шийдвэрлэх арга зам эрэлхийлээд явж байгаа, ямар нэг хэлбэрээр оролцдог, тийм тэмүүлэлтэй хүмүүс амьдралынхаа аль нэг мөчлөгт учирсан, ярилцсан, хамтарсан байдаг юм билээ. Тийм учраас нэгнийхээ ажлыг мэддэг, итгэдэг учраас нэг дор цугласан.

Тэрнээс биш яг энд л байгаа хүмүүс зөвхөн нийгмийг өөрчилж цойлоод байгаа, энэ л хүрээгээр өөрчлөлтөд тэмүүлж байгаа залуус хязгаарлагдана гэсэн үг биш. Бид ердөө хэсэгхэн хүрээлэл бөгөөд улам тэлэх эхлэлийг нь л тавьж буй. Ирээдүйд илүү олуулаа болно, хэн, хаана ямар гоё юм хийж байгааг бид бүгдийг нь мэдэж амжаагүй байгаа учраас цаашид илүү их олж нээхийг, мэдэхийг хүсэж байна. 

-Эрхэлж буй бизнес болон үйл ажиллагаагаараа нийгэмд нөлөөлнө гэх энэ ойлголт ер нь хэр шинэ зүйл вэ? Бид нийгэмд бүтээх үнэ цэний тухай багагүй ярьдаг ч, бодитоор үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тийм ч тодорхой биш санагддаг.

-Манай улс ардчилалд шилжсэнээс хойш одоо нэг л үе эргэж байна шүү дээ. Би өөрөө ардчилалтай нас чацуу гэхээр бидний үеийн залуус дунд үнэт зүйлийн хувьсгал явагдаад эхэлчихсэн гэж би харж байгаа. Тэр нь ч ажиглагдаж байна.

Ардчилсан хувьсгалын дараах үед бол эдийн засгийн хувьд ч шилжилт явагдаж, нийгэм даяараа анхдагч хэрэгцээ буюу хоолтой хонох, хүүхдүүдээ асарч тэтгэх зэргээр наад захын зүйлсэд анхаарал хандуулж байсан байх. Харин бидний үе арай бэлэн, элбэг орчинд өсөж, мэдээллийн хувьд ч тэр, олон улстай холбогдох талдаа ч гэсэн арай илүү нөөцтэй, боломжтой үе юм болов уу. Тийм болохоор үнэ цэнтэй зүйлийг бүтээе, түүнээсээ амьдралын утга учрыг эрж олдог, амьд байгаагаа тэр үйл хэргээрээ мэдэрдэг гэдэг нь олон залуусаас харагдаж байна.

Би төрийн бус байгууллагаа нээгээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон байгууллага, залуучуудтай уулзаж, ярилцсаны дүнд оролцох хүсэл маш их, санаа санаачилга ч ихтэй юм байна, харин хэрхэн яаж гэдэг нь тодорхойгүй байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Энэ утгаараа таны асуултад хариулахад Монголд бол энэ ойлголт шинэ тутам байх шиг.

Дэлхий дахинд бол ардчилал, чөлөөт эдийн засаг бий болсон цагаас хойш цэвэр арилжааны капитализмыг хөхиүлэн дэмжээд явж байгаа улс орнууд ч байна, ёс зүйт буюу морал капитализм руу тэмүүлж байгаа нь ч байна. Монголд бол одоо нийгэмд үнэ цэн бүтээнэ гэх агуулга хэрхэн, яаж гэдэг асуулт дээрээ л явж байгаа юм уу даа.

-Агнуушийн хувьд гэрэл зурагчин гэдгээр нь хүмүүс мэдэхээс гадна хуучин хувцасны соёлыг түгээгч “Тойрог” дэлгүүрийг ажиллуулж байснаар нь мэднэ. Харин одоогийн “Импакт Лаб”-ыг яагаад эхлүүлэх болсон бэ?

-Нийгэмд оролцох оролцоо олон төрөл, хэлбэртэй байж болох юм байна, тэр нь ямар байж болох вэ гэдгийг би өнгөрсөн хугацаанд эрж хайсаар иржээ. Энэ замдаа маш олон зүйл туршиж үзсэн байна. Уран бүтээлч үүднээсээ баримтат гэрэл зургийн цуврал гаргаж, тодорхой хэмжээнд активизм ч хийх гэж оролдоод эдгээр нь хэчнээн хүнд хүрдэг, ямар нөлөөлөл авчирдаг юм байна гэдгийг харсан. Жишээ нь, баримтат гэрэл зураг маш цөөн хүнд хүрдэг буюу урлагийн мэдрэмжтэй ч юм уу тодорхой хүрээнд л хүрдэг.

Тэгвэл эерэг нөлөөг илүү өргөн яаж хүргэх боломжтой вэ гээд “Тойрог” хуучин хувцасны дэлгүүрээ нээж, бизнес загвараа бий болгож үзсэн. Тэндээс эерэг нөлөөг бүтээх, нийгмийн зан төлөвт нөлөөлөх боломжтой бөгөөд тэр нь заавал ширүүн тэмцэл, активизм байх ёстой биш юм байна гэдгийг харсан. Тийм учраас “Тойрог”-той маань адилхан үнэт зүйлтэй, ашгаас илүүтэйгээр нийгэмдээ үзүүлэх эерэг нөлөөг чухалчилж, жанжин шугамаа болгон өдөр тутамдаа шийдвэр гаргаж явдаг бизнес, аж ахуйн нэгжүүдэд илүү дэмжлэгтэй, нэгдэлтэй экосистемийг бэлдэх зорилгоор Монголын сошиал энтерпрайзуудын холбоог үүсгэн байгуулсан.

 “Тойрог”-ийг ажиллуулах хугацаандаа бизнесийн орон зайд дутагдаж байгаа хэсэг юу байна, хөрөнгө оруулалт бизнесийн хувьд ямар чухал тал билээ, гэтэл Монголд нийгмийн бизнест хөрөнгө оруулах гэхээсээ илүү уламжлалт ашгийн төлөө бизнест л хөрөнгө оруулалт хийхийг чухалчилж байна гэхчлэн олон зүйлийг тод анзаарсан. 

Ер нь нийгэмд үзүүлэх эерэг нөлөө гэдэг нь маш олон оролцогч талаас хамааралтай, тэдний дундын зүйл болж бий болж, бүтдэг юм байна. Үүнийг тэгэхээр хэрхэн системтэй, харилцан ашигтай хийх вэ гэдэг гол асуудал. Түүнээс биш нийгэмдээ үнэ цэн бүтээнэ гэхээр л өөрийгөө зольдог, цалингүй, илүү цагаар ажилладаг буюу капиталгүй, мөнгөгүй, “нийгмийн зүтгэлтэн” гэсэн баатар мэт ойлголтоос салгах цаг болсон. Үүнийг яаж капиталтай уях вэ, системтэй шийдлийг энэ олон оролцогч талуудын дунд хэрхэн бүтээж, эргэлтэд оруулах вэ гэдэгт л төвлөрч ажиллаж байна.

-Өөрийнхөө оролцооны хэлбэрийг хайж эхэлсэн аялал тань бизнес болж, цаашлаад тогтолцоо, шийдлийг эрэлхийлэх болжээ. Энэ бүх замд community буюу дээр дурдсан хүрээлэл чухал байх тийм үү?

-Нийгмийг өөрчилнө гэхээр л гэнэт нэг их баян хүн, эрх мэдэлтэй улс төрч хүн ч юм уу, эсвэл мундаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гарч ирээд бүхнийг шийдээд, нийгмийг өөрчилчих юм шиг юм бодол бидний дунд түгээмэл. Гэвч Монголд тийм зүйл хүлээвэл юу ч өөрчлөгдөхгүй болов уу. Тэгж хүлээснээс бараг бүр явсан нь дээр байлгүй дээ. Миний харж байгаагаар ер нь аливаа өөрчлөлт маш жижигхэн очноос эхлэлтэй байдаг юм шиг. Монголын хувьд нийгэмдээ итгэх итгэл, улс орон маань хөгжих боломжтой гэх итгэл тээж яваа, итгэлийн галаа зурсаар байгаад бууж өгөхөд маш ойртчихсон боловч сүүлчийн чүдэнзээ дотроо тээж яваа залуус олон байгаа юм байна.

Тиймдээ ч хүрээллийн хүч яах аргагүй байдаг юм билээ. Жишээ нь, “Тойрог”-ийг Агнууш ганцаараа хийчихсэн юм ерөөсөө биш. Нийгэмдээ нөлөө үзүүлье гэж итгэсэн, цаг хугацаагаа зориулсан олон хүн байсан болохоор тэр орон зай амьд, мэдрэмжтэй байж үнэт зүйлээ болгож, илүү олон хүнд нөлөөлсөн. Тийм боломжийг олоод харсан болохоор “Импакт Лаб”-ын хувьд ч тэр итгэлцэл дээрээ нэгдээд хамтдаа энэ замыг туулж яваа залуус байгаа. Энэ бол нэг аж ахуйн нэгжийн эсвэл салбарын ч асуудал биш. Харин салбар дундын тулах цэг болсон үнэт зүйл, зарчим, ёс зүйгээ тунхаглаж, түүнийгээ оролцогч талуудтайгаа ил тодоор зөвшилцөж, ярилцсан үндсэн дээр эхлүүлсэн зүйл.

Мөн бидний дундын үнэт зүйл, ёс зүйгээр юу болох, болохгүй вэ буюу миний үйлдэл нөгөө хүний үйл хэргийг тодорхойлохуйц шүү гэсэн хариуцлагыг ч бас нэгнийхээ өмнө хүлээж, мэдэрч явах нь бидний зарчим.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж энэ замаар алхаж яваа вэ?  

-Орчин үед хүмүүс хоорондоо яриа дэлгэхээр сайхан амьдарч байгаагаа илэрхийлж байгаа нь ийм машин аваад, тийшээ нисэж зугаалаад, тэнд үнэтэй, шинэ цаг гарсан байна гэдэг ч юм уу материаллаг зүйлээр л амьдрал, амжилт ололтоо тодорхойлох болсон. Харин ирээдүйд энэ яриа нийгмийнхээ ямар асуудалд гар бие оролцов гэдгээ ярилцдаг, гудамжинд алхаж яваа хүн бүр сэтгэл зовниж буй асуудалдаа оролцоотой байдаг тийм нийгмийг бүтээх юм сан гэж харж байгаа.

-Монголын нийгмийн энтерпрайзуудын холбоо байгуулснаа дээр дурдсан. Нийгмийн энтерпрайз гэж яг юуг хэлэх тодорхойлолт бий юү?  

-Монголд бол тийм стандарт бий болоогүй байгаа. Өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдийг тодорхойлж ирсэн хоёр л хэлбэр байгаа шүү дээ. Нэг нь уламжлалт загварын буюу ашгийн бус, ямар ч ашиг олохгүй ажиллаад байя, нийгмийн төлөө 100 хувь бай, жоохон ашиг олоод борлуулалт хийгээд эхэлбэл наадах чинь арилжаа болчихлоо, болохгүй гэдэг нөхцөл байна.

Нөгөө талд ерөөсөө л ашиг олоод байя, эдийн засгийн өсөлтийг нэмье. ДНБ ээ нэмэгдүүлээд байя, тэрүүгээр чинь бид бусад улстай өрсөлдөх гээд байна гэсэн хэв загвар бий. Гэтэл үүнээс харахаар дэлхий дахин чөлөөт эдийн засаг бий болоод эцэс төгсгөлгүй үйлдвэрлэл, эцэс төгсгөлгүй хэрэглээ, түүндээ хөтлөгдсөн нэг машин болчхоод байна. Энэ зуурт нийгмийн асуудлууд нь улам гүнзгийрч, улам ярвигтай болоод зүгээр нэг ТББ-ын хэлбэрээр шийдэхэд төвөгтэй болсон. Мөн байгаль, экологийн нөөцийг маш ихээр ашиглаж, үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлж байгаа тал нь нийгэмд үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөх шинэ стандарт бий болж байна. Тиймээс л нийгмийн энтерпрайз гэх шинэ шийдэл хэрэгтэй болоод байгаа. Бид бүгдээрээ л тогтвортой хөгжил гээд ярьдаг ч, яг яаж тогтвортой хөгжих юм бэ гэхээр хариулт байдаггүй. Үүний нэг шийдэл нь ч бас холимог буюу нийгмийн энтерпрайз. Энтерпрайз гэдэг нь энгийндээ ердөө л бизнес, тэгэхээр нийгэмдээ нөлөө үзүүлж байгаа бизнес л гэсэн агуулга юм. 

ТББ-тай адил үнэт зүйлтэй буюу нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ ач холбогдол өгч, алсын хараагаа болгодог зүрх сэтгэлтэй, нөгөө талаар тархи нь бизнес шиг ажиллаж борлуулалт хийдэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог хосолмол загвар л даа. Гадаадад бол одоо илүү импакт бизнес гэдэг нэршил рүү хувирч байгаа юм билээ.

-Монголд хараахан бий болоогүй энэ хэлбэрийг бусад улс орнууд хэрхэн загварчилсан байна вэ?

-Янз бүрийн л замаар явсан байдаг юм байна. Сингапурт бол төр нь шууд бодлогоо тодорхойлоод, санхүүжилтийг нь шийдвэрлэж, янз бүрийн урамшуулал бий болгож эхэлсэн. Ингэхээр бизнес эрхлэгчид нь ч идэвхжиж, ашгийн төлөө явж байснаа нийгмийн энтерпрайз руу орж ирсэн. Гэхдээ улс орон бүрийн зам нь өөр, асуудал нь ч өөр. Сингапурт бол настай хүмүүсийн асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулж байгааг нь нөлөөлөл гэж үздэг. Тэгэхээр нийгмийн нөлөөтэй бизнес гэдгийг тодорхойлохын тулд яг ямар асуудлыг шийдэж байна вэ, тэр нь улсдаа ямар ач холбогдолтой, ямар үнэ цэнтэй вэ гэдэгтэй уялдана.

Тиймээс манай холбооны зүгээс ирэх жилээс нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг үнэлж, хэмжих шалгуур боловсруулахаар ажиллаж байна. Үүнийгээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дээрээ суурилж, хэрэглэж үзсэнээр бодитой болно. Мөн улсын хэмжээнд ямар асуудлууд нэн тэргүүнд эрэмбэлэгдэж байна вэ гэдэгтэй уялдана.

Түүнчлэн бидний хувьд энэ ажлыг төр санаачлах замаар биш анхан шатнаасаа буюу нийгэмд үнэ цэн бүтээж байгаа байгууллагууд өөрсдөө ийм байдлаар экосистем байж болох юм байна гэдгээ тодорхойлж байгаагаараа онцлог. Энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрсдөө итгэл үнэмшлээрээ шалгуураа тодорхойлж, түүнийгээ түгээн дэлгэрүүлж байна.

-Монгол шиг ингэж салбарын тоглогчид нь өөрсдөө эхлүүлсэн замнал байдаг юм болов уу?   

-АНУ-д бол заавал хууль, эрх зүйн орчин гэлтгүй B-Corp сертификатаар нийгмийн энтерпрайзуудаа тодорхойлдог. Энэ стандарт, шалгуурыг B-Lab гэж газраас гаргаж ирсэн. Тэнд хувийн хэвшлийн санхүүжүүлэгчид буюу капиталтай, хөрөнгө оруулалт хийдэг тал нь нөлөөлөл бий болгож байгаа бизнестэйгээ хамтраад зохион байгуулалтад орсон нь энэ. Харин манайх шиг хөрөнгө оруулагч тал нь ч тэр, бодлогын орчин нь ч сонирхоогүй газарт амжилттай болсон тохиолдлыг мэдэхгүй байна.

-Тэгэхээр та бүхний хувьд ийм шинэ зам гаргаад амжилттай болно гэдэгт итгэлтэй байна уу?

-Одоо үргэлжилж байгаа үйл явцаа харвал болж байна, боломжтой гэж харж байна. Харин цаг хугацааны хувьд арай удаан явах байх, магадгүй 5-10 жил ч юм уу. Мэдээж хэзээ нэг өдөр бодлогын нөлөөлөл үзүүлэх шаардлага үүсэх байх, гэхдээ тэрнээс өмнө бид эхлээд өөрсдийгөө ойлгох хэрэгтэй. Ямар нөхцөл байдалд, ямар экосистемээр, ямар аж ахуйн нэгжийн хэлбэрээр, ямар асуудлыг шийдвэрлэх гээд явж байгаа, хэчнээн аж ахуйн нэгж байгаа юм, тэдэнд ямар хэрэгцээ, асуудал тулгардаг юм гэхчлэн бид өөрсдийгөө таних нь маш чухал.

Байгууллагуудаа ойлгоод, хэрэгцээгээ тодорхойлоод, яаж сайжруулах зам байна вэ гэдэг дээр эвлэлдэн нэгдээд, дуу хоолойгоо хүчтэй, хамтдаа илэрхийлж чаддаг итгэлцэл бий болсон цагт бодлогын нөлөөлөл гэдэг ажил хамаагүй хялбар, илүү хурдтай явах юм болов уу гэж харж байгаа.  

Үүний тулд дата маш чухал. Тэгж байж хөрөнгө оруулагчдыг энэ чиглэлд татан оруулдаг болно. Тэгэхээр байгууллагууд маань үнэхээр ашигтай байна уу, нөлөөлөл нь ямар хэмжээнд байна вэ гэдгийг хэмжиж гаргаж ирэх ёстой. Дараа нь бид хөрөнгө оруулагчдад ийм нөлөөлөлтэй бизнес байдаг шүү гэдгийг таниулж чадна, мөн татварын ч юм уу ямар бодлогоор уяж оруулж ирвэл оролцогч талууд маань илүү хурдтай, уялдаатай ажиллаж, экосистем нь үр дүнтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно.

-Нийгэмдээ оролцъё, ээлтэй бизнес хийе гэтэл ингээд цоо шинэ ойлголтыг Монголдоо нутагшуулах ажил болжээ. Ер нь Монголд шинэ төсөл, бизнес хийе гэхээр бүр уг үндэс рүү нь ороод, экосистемээс нь эхлэх болчихдог шүү.

 -Тийм шүү дээ. Монголд ер нь ямар ч салбарт ажилласан, санаачилга гаргасан гол суурь руу нь явахаас өөр аргагүй болдог. Дэд бүтцийн түвшин рүү ордоггүй юм гэхэд ядаж тийшээ нөлөөлөхүйц шийдэл “угсрах” хэрэгтэй болдог.

Үүнийг манайд чинь анхны ийм, тийм юм гээд л бараг одон, медаль зүүх нь холгүй. Хийж байгаа хүн нь ч өөрийгөө тодотгох нэг зүйл нь болчихдог. Гэхдээ энэ бол салбар бүрд л шинэчлэл, дахин загварчлал хэрэгтэй байгааг харуулж байгаа бодит нөхцөл байдал, үнэн нь юм. Нөгөөтээгүүр нэгэнт тогтчихсон, төлөв байдал нь хэтэрхий удаан өөрчлөгдөөгүй салбар бүрд шинэ үеийн манлайлагчид хэрэгтэй байна.

-Энэ замаас халширдаг уу?

 -Үгүй ээ, амттай шүү дээ. Маш амттай.

-Хэцүү биш байна уу?

-Үгүй ээ, би өөрөө тийм төрлийн хүн юм шиг байна. Ярвигтай асуудал байх тусам тоо бодож байгаа юм шиг томьёолол гаргаж үзээд, туршиж үзээд, болохгүй бол зарим хэсгийг нь хасаж оролдож үздэг ч юм уу. Тэр үйл явц их амттай. Ялангуяа, “Тойрог” дээр би тэгж л ажиллаж ирсэн. “Импакт Лаб” бол түүнээс хамаагүй илүү нарийн, ярвигтай гэдгийг би холбоо байгуулаад гурван жилийн хугацаанд өдөр тутам мэдэрч, ухамсарлаж тэр хэрээрээ маш их хөгжиж байгаа.

Мэдээж хэцүү үе зөндөө байгаа. Ер нь Монголд хүн бүрд л хэцүү байдаг юм шиг санагддаг. Гэхдээ Монголд амьдарч байгаа, Монголд төрсөн, монгол хүний хувьд ийм ч юм хэцүү, тийм ч юм хэцүү гэж хэлэх нь их өрөөсгөл бөгөөд түүнтэйгээ эвлэрэх цаг нь болчихсон гэж боддог. Өгөгдөл нь угаасаа ийм болохоор, түүнийг хүлээж аваад, тэгвэл юуг сайжруулах боломжтой вэ, би юунд оролцох боломжтой вэ, Монголд иргэн болж амьдраад, нүдээ нээгээд гудамжаар алхаж л байгаа бол энэ эдийн засаг, нийгмийн амьдрал дунд яг аль эрэг шурга дээр нь би үнэхээр хамгийн сайнаараа тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж, жоохон сайжруулах боломжтой вэ гэдгээ олж харах нь өнөөдрийн Монголын хөгжлийг тодорхойлох ухамсар юм болов уу.

Хувь хүний үүднээс харсан ч тэр юм өөрөө хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээд 30 жилийн дараа бүх зүйл хэвээрээ хүүхдүүд маань нөгөө л зовлонг тоочихыг хараад таягаа тулчихсан, буурал үстэй “Ишш, миний муу хүүхдүүд” гээд явна гэдэг маш их гуниг байхгүй юу. Тийм болохоор би үүнийг хариуцлага гэж хардаг. Золиос гаргах үе байж хэмээнэ тодорхой хэмжээнд би биш бид, бусад гэдэг дундын нийгмийнхээ сайн сайхныг бий болгоно.

Ер нь гоё амьдармаар байна шүү дээ, тийм ээ? Ус нь тасардаггүй баймаар байна гэдгээс эхлээд олон зүйлийг сайжруулмаар байна. Үүнийг зөвхөн хараад, эсвэл сэтгэлийн дуудлагаараа сайн хүн болохоор хийдэг зүйл биш зүгээр монгол хүн болохоор хийдэг наад захын нийгмийн оролцоо болж хөгжиж байж улс маань хөгжих юм болов уу. 

Тэр утгаараа энэ бол хариуцлага. Тэрнээс биш мундагтаа ч юм уу, нийгмийн зүтгэлтэн болох гээд, одон медаль зүүх гээд хийдэг биш иргэн хүний үүднээс хариуцлагаа үүрч байгаа хэлбэр гэж хардаг болохоор нэг их хэцүү юм бэ, энэ хүмүүсийг яана аа гэх бодол төрдөггүй.

-Чамайг нийгмийн асуудалд санаа тавихад, хариуцлагаа ингэж ухамсарлахад нөлөөлсөн зүйл юу вэ?

-Миний хувьд баримтат гэрэл зураг намайг бүтээсэн гэж боддог. Гэрэл зураг дотроо баримтат гэрэл зураг хамгийн үнэн, хүний түүхийг хамгийн ойроос өгүүлж чаддаг маш олон философи, бодлын эрчлээс дундаас үүсдэг бүтээл учраас миний хувьд маш ариун. Баримтат гэрэл зураг аваад явж байхад олон хүний амьдралын түүх, зовлон бэрхшээлийг сонсож, тухайн хүнийг ойлгох гэж хичээснээрээ би амьдралтай танилцсан, хүнтэй танилцсан. Ер нь хүн яах гэж оршдог юм, аз жаргал, эсвэл зовлон гэж юу юм, тэр нь хүн бүрд өөр байдаг юм байна, харилцан адилгүй юм байна гэдэг олон янзын өнгө төрхийг олж харсан.

Тэр утгаараа баримтат гэрэл зураг намайг хүн болгож төлөвшүүлсэн, хүн байхад сургасан. Тэндээс хүнийг хайрлаж сурсан. Хүн гэдэг ямар үзэсгэлэнтэй юм бэ, гэхдээ бас өөрөө өөртөө ямар хортой юм бэ гэдгийг ч харсан. Энэ хэрээр нийгэм, нийгмийн асуудлууд гэдэг сэдэв “бонуст” нь ирчихсэн юм болов уу. Яагаад гэхээр улс төр гээд л ярьдаг, улс төрийг хэний төлөө хийдэг юм. Бизнес ч тэр бүтээгдэхүүн, үйлчилгээг хэнд зориулдаг юм. Бүх л зүйл хүний тухай юм гэдэг ухаарлыг баримтат гэрэл зургийнхаа ачаар би ойлгож авсан гэж боддог.

-Гэрэл зурагтай хэрхэн холбогдож байв? Ямар хугацаанд хэрхэн ажилласан бэ?

-2017 оноос хойш гэрэл зурагчнаар ажиллаж байгаад 2019 онд Москвагийн их сургуульд гэрэл зургийн сэтгүүл зүйн ангид суралцангаа Родченко урлагийн сургуульд баримтат гэрэл зургийн ангид давхар сурч байсан юм. Тэгтэл 2020 онд ковид цар тахал гараад Монголдоо ирсэн. Дараа нь уг нь Лондонд Royal College of Art-д магистрын тэтгэлэгтэйгээр гэрэл зургийн ангид тэнцчихсэн байсан юм.

Гэтэл тэр үед нэг их юм бодолгүйгээр сониуч зандаа хөтлөгдөөд “Тойрог” дэлгүүрээ нээчихсэн байсан. Би өөрөө дрифт хувцас их өмсдөг, олон газраар аялж үзээд яагаад Монголд комисс л гэсэн өнцгөөс хараад байдаг юм. Энэ уг нь байгальд ээлтэй, маш “күүл” хэрэглээ шүү дээ. Үүнийг залуус өөрсдөө л түгээхгүй юм бол өөр хэн ойлгуулах билээ гээд л дэлгүүрээ нээчихсэн. Тэгсэн бизнес үйл ажиллагаа чинь яг л хүүхэд шиг. Нэг өдөр тоохгүй бол баларчих гээд маш их анхаарал шаардана. Тэр үүднээсээ “Тойрог” оо сонгох уу, эсвэл өөрийнхөө хүсэж мөрөөдөж байсан гэрэл зургийн чиглэлээрээ сурахаар явах уу гэдэг шийдвэрт тулсан. Энэ мөч надад хувийн сонирхол, мөрөөдлөө сонгох уу эсвэл нийгэмдээ хэрэгтэй ажлаа сонгох уу гэсэн шийдвэр байсан. Тэгээд л Монголд хэрэгцээтэй, гэрэл цацруулах боломж харагдаж байгаа зүйлд өөрийгөө зориулъя гэх сонголт хийсэн.

-Тэгээд л мөрөөдлөө таягдан хаясан уу?

-Тийм, нэг шийдээд сайн уйлж аваад л болсон. Хүн хэт удаан эргэлзэж явсны дараа шийдвэр гаргахаараа өмнөхөөсөө хоёр, гурав дахин илүү шийдвэртээ төвлөрдөг юм билээ. Ерөөсөө маргаашаас нь л “Тойрог”-ийг босгоно гэдэг итгэл, сэтгэлээр ажиллаад яаж хөгжиж байгааг, хүмүүс яаж өөрчлөгдөж байгааг хараад маш их урам авч байсан.  

-Одоо эргээд харахад зөв шийдвэр байсан гэж боддог уу?

-Мэдээж гунигтай л даа. “Тойрог” яг миний хувийн жаргал байсан уу гэвэл үгүй. Гэрэл зураг бол яах аргагүй миний амин сүнс. Би өөрийгөө гэрэл зурагчин гэж боддог, түүгээрээ мөрөөдлийнхөө сургуульд тэнцчихсэн байсан. Хэрэв би тэр үед Лондон явсан бол Монголд эргэж ирэхгүй байсан байх гэдгээ тухайн үед мэдэж байсан.

Одоо эргээд харахад хийсэн сонголтынхоо үр дүнд ачаагаа үргэлжлүүлэн үүрсээр л яваа гэж боддог.

Харин энэ бүхнийг хийчихвэл би гэрэл зураг руугаа эргээд орно гэж боддог. Хийх юмаа хийгээд, оролцох юмандаа оролцчихсон, өөрчлөлтөө бүтээчихсэн, ямар ч харамсах юмгүй. Надад бас хэн нэгэн гомдоллохгүй. Тэр үед гэрэл зургаараа насыг барна гэж боддог. Гоё ном гаргаад л, зургаа аваад л.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...