UBLife Logo
Спорт

БНХАУ, Австрали шилдэг наймд шалгарлаа

БНХАУ, Австрали шилдэг наймд шалгарлаа

Германы нийслэл Берлин хотноо болж буй эмэгтэй сагсанбөмбөгчдийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын "сүүлийн хоёр суудлын" төлөөх өнөөдрийн (09.09) хоёр тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй, сүүлчийн агшин хүртэл хэн нь хожих нь тодроогүй үнэхээр гоё тоглолтууд боллоо.

БНХАУ-ПУЭРТО РИКО 75:72

Эн тэнцүү тоглолт гэж энийг л хэлэх байх. 22 удаа ээлжлэн оноогоор илүү болж, 10 удаа оноо тэнцсэн бөгөөд онооны зөрүү хамгийн их нь 6 онооны л зөрүүтэй болсон.

Пуэрто Рикогийн Тринити Сан Антонио бараг л "трипл-дабл" хийх дөхөв. 23 настай, 23 дугаартай Сан Антонио 24 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, 5 таслалт гэсэн супер статистик үзүүллээ.

Хятадын хоёр "цамхаг" тун сайн тоглолоо. Хан Шю 21 оноо авч, 3 -аас гурван удаа "унагаж", 11 самбар авч " дабл-дабл" хийсэн бол 19 настай Зы Ю Жань  13 оноо авлаа.

АВСТРАЛИ-ИТАЛИ 82:80

Эхний гурван үед Австрали илүүрхэж, гуравдугаар үеийн төгсгөлд бүүр 26 оноогоор илүү явлаа. Гэтэл дөрөвдүгээр үед италичууд ёстой л төрөл арилжсан мэт тоглов. Тэд дөрөвдүгээр үеийн төгсгөлийн минутад 77:77 болгон тэнцүүлж, "Ногоон тивийнхнийг" төдийгүй энэ тоглолтыг үзсэн бүх хүнийг ангайлгав.

Гэвч дэлхийн аварга цолыг хүртэж байсан дөрөвхөн багийн нэг Австралийн "опал" (гэрэлт чимэд хэмээх эрдэнийн чулуу)-ууд эгзэгтэй, хэрэгтэй үед оноогоо нэмсэн. Тоглолтын цаг дуусах мөчид Италийн Паса талбайг гайхалтай хурдтай, хөндлөн гулд туулан залсаар оролт хийж шидэж амжсан ч харамсалтай нь орсонгүй. Хэрэв энэ бөмбөг орж, нэмэлт цаг гараад "Мятрашгүй италичууд" хожсон бол ДАШТ-ий түүхэн дэх хамгийн том эргэлт хийсэн тоглолт болох байлаа.

Хэдийгээр тэмцээнийг ийн орхисон ч Италийн бүсгүйчүүд өндөр сэтгэгдэл төрүүллээ. Тэд хэсгийн тоглолтод хүчирхэг АНУ-ыг бараг л хожингоо алдаж, өнөөдөр Австралийн эсрэг (ялангуяа дөрөвдүгээр үед 31:13) сэтгэл зүйгээр хэзээ ч унахгүй баг гэдгээ харууллаа. Аль алинд нь жаахан аз, од дутлаа. Австралиас энэ үдэш Изобель Борлейс 30 оноо авч гангарлаа.

Ердөө хоёр хоногийн дараа (09.12) 22 нас хүрэх Борлейс WNBA-ийн "Атланта дрим" багт тоглодог, Олимпийн хүрэл медаль, 2025 оны Азийн аварга болж, Австралийн лигийн "мэргэн бууч", хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан ажээ.

Маргааш буюу есдүгээр сарын 10-нд шөвгийн наймын дөрвөн тоглолт болно.

АНУ-Унгар, Испани-Австрали, Франц-БНХАУ, Бельги-Герман гэсэн "гал гарах" тоглолтууд болж, хагас шигшээд тоглох дөрвөн багийн нэр тодорно.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...