UBLife Logo
Нийгэм

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр /2026.09.14/ болж байна. Хуралдаанаар нийслэлийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалт, нийслэлийн өмч хөрөнгө, гадаад үнэт цаастай холбоотой нийт 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хуралдааны эхэнд “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” асуудлыг хэлэлцэв. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцууллаа. Танилцуулгаар нийслэлийн нэгдсэн төсвийн орлогыг 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 3.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 89 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Харин нийслэлийн нэгдсэн төсвийн нийт зарлага 5.8 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4.5 тэрбум төгрөгийг зарцуулж, гүйцэтгэл 77 хувьтай гарчээ. Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, холбогдох зөвлөмж, чиглэл хүргүүлснийг танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа, аудитын дүгнэлтэд туссан зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, төлөөлөгч О.Зундуйдорж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн сахилга бат, удирдлагын цалин, урамшуулалтай холбоотой асуудлыг тодруулж, аудитын дүгнэлтэд дурдагдсан алдагдалтай ажилласан байгууллагуудын удирдлагад ямар шалгуураар цалин, урамшуулал олгож байгааг асуув. Үүнд, Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд Төрийн аудитын байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллагуудад аудит хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж хүргүүлдэг. Уг зөвлөмжийн хэрэгжилтийг Нийслэлийн ЗДТГ болон холбогдох байгууллагууд хариуцан ажилладаг бөгөөд төрийн өмчит байгууллагуудын цалин, урамшууллыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд тогтоодог гэж тайлбарлав. Мөн төлөөлөгч Ж.Энхжаргалан 2025 оны нийслэлийн төсвийг дөрвөн удаа тодотгосон ч нийслэлд инженер, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага өндөр байгаа энэ үед төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл зөрүүтэй гарсан нь анхаарах асуудал болохыг хэллээ. Мөн аудитын байгууллагаас хариуцлагагүй ажилласан байгууллагуудад зөрчил, дутагдлаа арилгах зөвлөмж өгөөд өнгөрөх бус, цаашид хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Төлөөлөгч Б.Батцогт зарим байгууллага хэд хэдэн жил дараалан аудитын дүгнэлтээр зөрчилтэй гарч байгаа асуудлыг хөндөж, ийм зөрчил давтагдах шалтгаан, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа. Тэрбээр аудитын дүгнэлт, зөвлөмжийг зөвхөн танилцуулаад өнгөрөх бус, хэрэгжилтийг хангаж, зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй байх шаардлагатайг онцлов. Ийнхүү төлөөлөгчдийн асуулт, саналын дараа Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг НИТХ дахь намын бүлгүүд болон холбогдох хороодын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...