UBLife Logo
Спорт

Азийн наадамд оролцох 51 настай Оксана Чусовитина түрүүлэх зорилготой

Азийн наадамд оролцох 51 настай Оксана Чусовитина түрүүлэх зорилготой

Энэ жилийн Азийн наадамд оролцох хамгийн ахмад тамирчин бол Узбекистаны гимнастикчин Оксана Чусовитина. 51 настай Оксанагийн хувьд хамгийн том зорилго нь Азийн наадамд түрүүлэх.  

Спортын ертөнц олон мянган алдартай аварга, од тамирчдыг мэднэ. Гэхдээ тэдний дунд ч онцгой нэгэн бий. Оксана Чусовитина бол яг тэдний нэг. Тэрээр анхныхаа олимпын медалийг алс тэртээ 1992 онд авч байсан гээд бод. Тэр цагаас хойш 34 жил өнгөрсөн ч Оксана тулааны талбарт байсаар байна. Найман олимп, зургаан Азийн наадамд оролцсон ч 9 дэх олимп, 7 дахь Азийн наадамдаа оролцох гэж байна. Зүгээр нэр оролцох биш медаль авах зорилготой. Гимнастик бол залуу цагийн спорт. Ихэнх нь 30 нас хүрээгүй байхдаа зодог тайлдаг бол Оксана 51 настай.

Түүний хүч чадлын нууц юу вэ? Яаж одоо болтол формтой хэвээр байна вэ? Яагаад тэр их спортын талбарт өрсөлдсөөр байна вэ? Энэ бүх асуултын хариуг ОХУ-ын “Чемпион” сайтын сэтгүүлч түүнээс авчээ.

Би өөртэйгөө л өрсөлддөг болсон

– Оксана, таны ойрын гол зорилго бол Азийн наадам. Яаж бэлтгэж байна?

-Бэлтгэл хэвээрээ. Сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Өглөө эрт 2-2,5 цаг бэлтгэл хийнэ. Үдээс хойш сэргэлт, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулна. Бүтэн сайн өдрөөс бусад бүх өдөр бэлтгэлтэй. Амралтын өдрөө өөртөө зориулна. Амраад, гэрийн ажлаа амжуулна. Найзуудтайгаа уулзаж, кафе, кино театр, цэцэрлэгт хүрээлэн явдаг. Ням гарагт ямар ч албан ёсны арга хэмжээнд очдоггүй.

– Танд ямар нэг онцгой хоолны дэглэм бий юу?

– Дэглэм байхгүй ч хэмжээ хязгаартай иднэ. Шоколад, бялуу идмээр байвал заавал иднэ. Манайд маш амттай тарвас, жимс байдаг. Янз бүрийн шөл идэх дуртай. Узбекистанд амттай хоол их бий.

–Тэмцээн илүү хүнд үү, бэлтгэл нь хэцүү юу?

–Одоо хүнд хэцүү зүйл байхгүй болсон. Би өмнө нь хийж чаддаг байсан үсрэлтээ хийж чадах эсэхээ ойлгохыг л хүсдэг. Чадах ёстой гээд өдөр бүр бэлтгэж байна. Болохгүй бол маргааш нь дахин хийнэ. Чадах эсэх нь миний хувьд хамгийн сонирхолтой.

–2028 оны олимпын төлөө бэлтгэж байна уу?

–Одоо бол би Азийн наадамд амжилттай оролцох хүсэлтэй байна. Би бүх өрсөлдөгчөө мэднэ, тэд ямар дасгал гүйцэтгэхийг ч мэдэж байна. Харин би өөрийнхөөрөө байж чадвал заавал медаль авна. Спортын гимнастикт 51 настайдаа тийм дасгал хийж чадах эсэх нь надад сонирхолтой байгаа. Би хэнтэй ч өрсөлдөхөө больсон. Өөрийнхөө төлөө бэлтгэл хийж, үүнээсээ таашаал авч байна.

–Азийн наадмын ямар төрөлд оролцох вэ?

–Ганцхан харайлт төрөлд өрсөлдөнө. Дасгалжуулагчтайгаа удаан ярилцсаны эцэст шийдсэн юм. 2028 оны олимпод ч гэсэн.

Зодог тайлаад харамссан

–Та Парисын олимпод гэмтлийн улмаас оролцож чадаагүй. Их харамссан уу?

–Маш их харамссан. Би бүх дөрвөн дасгалд оролцох гэж байлаа. Гэхдээ анхны олимпын өмнө гэмтсэн бол илүү харамсалтай байх байсан. Харин 9 дэх олимп болохоор арай хялбар байлаа. Гэхдээ хэрэв би Парисын олимпод оролцсон бол одоо гэртээ амарч байх байлаа.

– Токио олимпын дараа та зодог тайллаа гэж зарласан шүү дээ.

–Намайг нээлтийн ёслолын тугчаар томилоод дараа нь өөр хүнийг сонгосон. Энэ бүхнээс болоод юу ч хиймээргүй болсон юм. Бодлогогүй зодог тайлснаа дараа нь харамссан.

– Симона Байлз, Лариса Лaтынина хоёрын хэн нь илүү вэ?

–Огт өөр хоёр ертөнц шүү дээ. Хоёр өөр гимнастик. Тамирчдыг харьцуулах хэцүү. Зүгээр хэлэхэд надад Месси таалагддаг. ДАШТ-д Аргентиныг дэмжиж байлаа. Месси, Роналду хоёр зүгээр суугаад байлгүй бүтэн 90 минут гүйж байсан.

Саун хамгийн гоё

–Та яаж их спортод ийм удаан байж чадаж байна вэ? Бие махбодь ядарч, цуцахгүй байна уу?

–Бэлтгэлийн дараа байлгүй яах вэ. Ядарна. Энэ үед дахин ачаалал авах хэрэгтэй юу гэдгээ зөв шийдэх хэрэгтэй.

–Сэргэлт авахад хамгийн чухал зүйл?

– Саун, усан сан. Массаж хийлгэх дургүй. Усанд муу сэлдэг ч сэргэлт авна. Харин саун бол миний хувьд хамгийн чухал зүйл. Очсон хот болгондоо сайн саун хайдаг. Харин сауны төлөө бол зодог тайлж чадна шүү.

–Таны нууц зэвсгийг бид олж чадлаа.

–Тиймээ, хэнд ч битгий хэлээрэй.

–Таны өрсөлдөгчид маш залуухан охид байдаг. Тэд танд яаж ханддаг вэ?

–Их хүндэтгэдэг. Та, та гээд л. Дасгал хийхээр гарахад өрсөлдөгчид бүгдээрээ дэмждэг. Бэлтгэл дээр би жирийн нэг тамирчин. Охид хүрч ирээд юу ч асууж болно, би заримдаа тэдэнд сануулга өгч, алдааг нь заах гэж хичээнэ. Тун дотно харилцаатай.

–Огт өөр үе шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ялгаа гарах ёстой.

–Зарим эцэг эх хүүхдүүддээ хүссэн бүхнийг нь өгч, том алдаа гаргадаг гэж би боддог. Хүүхдүүд ном уншихгүй, гар утсаа бариад суух тул тархи нь хөгжихгүй. Би өөрийн спорт сургуульдаа гар утсыг хориглосон. Харин манай сургуульд номын сан бий.

Намайг тамирчин болж чадахгүй гэж байсан үе бий

–Нэг ярилцлагадаа та өөрийгөө авьяасгүй гэж хэлж байсан. Сайн тамирчин болоход авьяас ямар үүрэгтэй вэ?

–Би авьяаслаг хүүхдүүдэд дургүй. Тэд багаасаа бүх юмыг чаддаг болохоор залхуурч, авьяасаа хөгжүүлдэггүй. Харин ур чадваргүй ч хөдөлмөрч хүүхэд амжилтад хүрж чадна. Гол нь өөрөө хүсэх хэрэгтэй. Дасгалжуулагч тамирчнаасаа илүү хүсэх юм бол амжилт гарахгүй гэсэн зарчим бий.

–Дасгалжуулагч хүн ямар байх ёстой вэ?

–Хатуу, чанга. Ингэж байж амжилт гарна.

–Спортын гимнастик XXI зуунд хэр өөрчлөгдсөн бэ?

–Маш их. Дасгал, төрлүүд бол нэг их өөрчлөгдөөгүй. Харин тоног төхөөрөмж, хэрэглэл огт өөр болсон.

–Хэрэв та одоо жаахан охин их спортод орж ирсэн бол илүү амжилт гаргах уу?

–Хэцүү асуулт байна. Гол нь сайн багшийн гар дээр очих. Манай дасгалжуулагчид бүгд Оксана ямар ч  авьяасгүй, гимнастикаар хичээллээд цаг л алдана гэж хэлж байлаа. Би зөвхөн хурдан гүйдэг, харайдаг л хүүхэд байсан. Гэвч би чадсан.

–Азийн наадмын өрсөлдөгчдийн талаар?

–Залуу хятад охид олноор гарч иржээ. Маш хурдан солигдох юм.

Хоол идэх мөнгөө хүүгийнхээ эмчилгээнд өгдөг байлаа

–Таны амьдралын хүнд үе бол хүү чинь хүнд өвдсөн явдал байлаа. Хүүгээ эмчлүүлэхийн тулд та Германы шигшээд орж байсан.

–2002 онд Азийн наадмаас эргэж ирээд би хүүгээ өвдсөнийг мэдсэн. Тэр үед Узбекистанд хүүхдийн хорт хавдрын шинжилгээ хийх эмнэлэг байгаагүй. Хүү Алишер цус шилжүүлэх эмнэлэгт хэвтэж байсан. Харин би тэр үед Германы багт элсээд байсан үе. Явахаа болих гэж байгаад нөхөр бид хоёр Германд хорт хавдрын эмчилгээ хэр байдгийг мэдэхийн тулд явах хэрэгтэй гэж шийдсэн. Германы баг ч чадах чинээгээрээ тусалсан. Эмнэлэгт эмчилгээ хийлгэхийн тулд төлбөрөө бүгдийг төлөх, эсвэл хэсэгчлэн төлөхөд батлан даагч хэрэгтэй болдог. Манай багийн ивээн тэтгэгч Toyota батлан даагч болж байлаа. 2002 он шүү дээ. Харин би Германы шигшээд 2006 оноос тэмцээнд орж эхэлсэн. Энэ 4 жил бид хүүгийн эмчилгээний зардлыг олох гэж бүх аргаа хэргэлэж байлаа. Тэмцээн уралдааны шагнал, Ташкент хот дахь хоёр байр, машинаа зарсан. Бүх мөнгө эмчилгээнд явна. Маш хэцүү байсан. Заримдаа хоолны мөнгө байхгүй. Тэр үед германчууд иргэншил авбал хүү чинь даатгалаар үнэгүй эмчлүүлнэ гэж хэлсэн юм. Гол нь надад сар бүр цалин өгөх ивээн тэтгэгч шаардлагатай болсон. Германчууд олж өгсөн. Гол нь намайг Германы багт медаль ав л гэсэн. Иргэншил солих хүнд, хэцүү, сайхан муухай гэж огт бодоогүй. Ганцхан хүү минь л толгойд байлаа. Түүнийг аврах нь миний даалгавар байсан.

–Таны нөхөр Баходир Курбанов тэр үед сонгомол барилдааны тамирчин байсан ч хүүгийнхээ төлөө спортоо орхисон. Түүнд хэцүү байсан байх даа.

–Би асуугаагүй. Энэ талаар ярихад түүнд тун хэцүү байдаг нь мэдээж.

–Германы шигшээд барилдаж болоогүй юм уу?

-Хэн нэг нь эмнэлэгт хүүхдээ байнга сахих шаардлагатай байсан.

–Алишер одоо юу хийж байна?

–Хүү минь сайн байгаа. Бага сургуульд багшлахаар математик, герман хэл, биеийн тамир үзэж байна. Сагсан бөмбөг заадаг.

Узбекистанд одоо ОХУ-аас илүү цалинтай

–1992 онд та Нэгдсэн багийн бүрэлдэхүүнд олимпын медаль авч байсан. ЗХУ бутрахад сэтгэл ямар байв?

–Нэг талаас гунигтай, нэг талаас аз жаргалтай. Бид энэ бүрэлдэхүүнээрээ дахиж цугларахгүй гэдгийг ойлгож байсан, бид ялсан. Амьдрал ийм л байдаг. Үнэнийг хэлэхэд тэр үед бид олимпын ялалтаараа баярлахгүй, гуньж байсан даа.

–Одоо тэр багийн найзуудтайгаа харилцаатай юу?

– Баяраар утсаар холбогдоно. Амьдралаа ярьж, буу хална. Үнэхээр найрсаг хамт олон байсан.

–ЗХУ тараад Узбекистанд замналаа үргэлжлүүлж чадах болов уу гэсэн айдас байсан уу?

–Бид 16 настай хүүхдүүд байлаа. Би тэр талаар огт бодоогүй.

–Узбекистанд гимнастик хэр хөгжиж байна вэ?

– Бүх зүйл сайхан. Материалаг бааз сайтай. Шинэ сургууль, төв их баригдаж байна. Дасгалжуулагч нарын цалин ч сайн. Мэргэжлийн тамирчид нь ОХУ-ын тамирчдаас илүү цалин, шагналтай. Олимпын медальтандаа оросууд машин өгдөг бол бид байр, хаус өгдөг. Сайн тамирчин байх юм бол тэмцээнд орох зардлыг нь дааж, гадаадаас багш олж өгнө. Энэ бүхний дүнд хөлбөмбөгчид ДАШТ-д орлоо. Хүндийг өргөлт, бокс, бөхчүүд байнга медаль авдаг.

-Таны замналын хамгийн хөгжилтэй мөч?

-Канадын нэг тэмцээнд очоод чөлөөт үзүүлбэрийн хөтөлбөрөө мартаж орхисон. Үсрээд буугаад л толгой хов хоосон. Дараа нь юу хийх ёстой билээ гээд. Тэр үед 45 настай байлаа. Ха ха, зөнөж эхэлсэн юм болов уу? Дасгалжуулагч цаанаас “Бүжиглэ. Юу ч хамаагүй хий” гэж орилоод л.

-Таныг Олон улсын спортын гимнастикийн Алдрын танхимд элсүүлсэн.

–Зодог тайлснаас нь хойш 4-5 жилийн дараа тамирчдыг элсүүлдэг юм. Магадгүй тэд намайг зодог тайлахыг хүлээгээд ядарсан юм болов уу. Ёслолын үеэр би “Алдрын танхимд элсүүлээд намайг зодог тайлуулна гэж бодож байвал үгүй шүү. Би дуусах болоогүй” гэж хэлж байлаа.

–Та яаж биеэ тоох оддын өвчин тусаагүй юм бэ?

–Аав ээжийн хүмүүжил. Талийгаач аав минь надад үргэлж “Бүх хүн ижил тэгш. Цэвэрлэгч, манаач ч бай хүндэлж яв. Гимнастик хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед чи жирийн хүмүүстэй эргээд харилцана. Хүнээрээ бай” гэж хэлдэг байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...