Унгарын нийслэл Будапешт хотноо есдүгээр сарын 11-13-нд "World Athletics Ultimate Championship 2026" хэмээх хөнгөн атлетикийн улирлын отгон болсон, тухайн оны хамгийн шилдгүүд, мөн өмнөх олимп, дэлхийн аваргууд уригдсан, шилдгийн шилдгийг, "аваргуудын аваргыг", нэг ёсондоо "үнэмлэхүй аваргыг" тодруулах супер тэмцээн боллоо.
Эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтад Олимпын хошой, Дэлхийн гурван удаагийн аварга, Дэлхийн рекордыг эзэмшигч Шведийн Арманд Густав "Мондо" Дюплантес, уртын харайлтад Олимпын хошой аварга, дэлхийн аварга Грекийн Милтиадис Тентоглу, 5000 метрт Олимпын болон дэлхийн хошой аварга Норвегийн Якоб Ингебригтсен, өндрийн харайлтад Олимп, дэлхийн аварга Италийн Жанмарко Тамбери нарын домгууд аргагүй л "дархан аварга" гэдгээ нотолж, аваргуудын аваргаар тодорлоо.
Хамгийн их сонирход татдаг ойрын зай буюу 100м, 200м-т хоёуланд нь АНУ-ын Кенни Беднарик түрүүлж, шуугиан дэгдээв. Ихэвчлэн 200 метрт амжилт гаргадаг (энэ зайдаа Олимпын болон ДАШТ-ээс тус бүрээс нь хошой мөнгөн медальтай) Беднарик 100 м-ийн олимпын аварга нутаг нэгт Ноа Лайлз, дэлхийн аварга Ямайкийн Облик Севилл нарыг, 200 м-т олимпын аварга, Ботсваны спринтер Летсиле Тебого, дэлхийн аварга Ноа Лайлз нарыг "тоосоороо" буллаа.
Эмэгтэйчүүдийн 100м, 200м-т энэ хоёр зайн дэлхийн аварга АНУ-ын Мелисса Жефферсон-Вуден түрүүлж, ойрын зайд одоогоор урдуураа хүн оруулахгүй гэдгээ харууллаа.
"Парис-2024" олимпийн 100м-ийн аварга Сент-Люси улсын олимпын анхны медальт, анхны алтан медальт Жюльен Альфред, 200м-ийн олимпын аварга Гэбби Томас дэлхийн аваргыг барсангүй ээ.
400 метрт олимпын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Доминиканы Марилэйди Паулино "ханхалзаж", өндрийн харайлтад Олимп, дэлхийн аварга Украины Ярослава Магучих "даналзсаар" түрүүлсэн.
Тулгууртай харайлтад олимпын болон ДАШТ-ий дөрвөн мөнгөн медальт, "мөнгөн" Сэнди Моррис (АНУ), халхалттай 100 метрт олимпын аварга Масаи Расселл нар алтан медаль зүүлээ.
Анхны энэ тэмцээнд "Парис-2024" олимпын 26 аварга, "Токио-2025" ДАШТ-ий 26 аварга, мөн энэ жилийн "Алмаазан лиг"-ийн 25 аварга урилгаар оролцсон бөгөөд тэгш тоотой онуудад (Олимпын наадамтай жилд зохиогдохгүй) тогтмол зохиогдох юм, энэ тэмцээн.
Хөнгөний 2029 оны ДАШТ “Хүн гөрөөсний” эх оронд зохиогдоно
Хоёр жил тутам зохиогддог хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2029, 2031 онд зохион байгуудах улс, хотын нэрийг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос зарлалаа. 2029 оны ДАШТ анх удаа Африк тивд айлчлах нь ээ. Айлчлах айлчлахдаа хөнгөн атлетикийн олон олон аваргуудын төрүүлсэн Кени улсад, Найроби хотноо айлчлах нь. Хөнгөн атлетикийн ДАШТ-ий түүхэнд авсан нийт медалийнхаа тоогоор (72 алт, 60 мөнгө, 50 хүрэл, нийтдээ 182 медаль) хоёрт буюу зөвхөн АНУ-ын дараа бичигддэг Кенийн хөнгөн атлетикчид гүйгчдээрээ алдартай. Ялангуяа холын зайд. "Хүн гөрөөс" гэж ч нэрлэх нь бий Кенийн холын зайн гүйгчдийг. Хүн амынх нь 68 хувь нь хөнгөн атлетикийг сонирхдог кеничүүд өмнө U18 болон U20 насны хөнгөний ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
Хөнгөн атлетикийн бас нэгэн супер гүрэн болох Германд, Мюнхенд 2031 оны хөнгөний ДАШТ зохиогдох нь. 2009 онд Германы Берлин хотноо спортын "Хатан хааны" ДАШТ зохиогдож байсан түүхтэй. Харин ирэх жил , бүүр тодруулбал 2027 оны есдүгээр сарын 10-19-нд Хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн ДАШТ БНХАУ-ын Бээжин хотноо болох билээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
