Энэ сарын 16-нд олимпын гурван удаагийн аварга Александр Медведийн төрсөн өдөр. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан, Минск хотын Дорнод оршуулгын газарт Александр Медведийн дурсгалын самбрын нээлтийн ёслол боллоо. Ёслолд үе үеийн алдарт бөхчүүд, түүний шавь нар оролцжээ.

Александр Медведь 1972 онд олимпын 3 алт, ДАШТ-ий 7 алтан медальтайгаар зодог тайлсан нь одоо ч рекорд амжилт хэвээр байгаа билээ. Александр Васильевич 2024 онд 87 настайдаа энэ ертөнцийг орхин одсон. Ингээд алдарт аваргынхаа дурсгалд зориулан нэгэн хууч яриаг нь хүргэж байна.
Олимпын гурван удаагийн аварга Александр Медведь 1972 оны олимпод 200 кг жинтэй, аварга америк бөх Крис Тейлорыг хэрхэн ялсан талаараа ийнхүү хуучилжээ.

“Тейлор маш том биетэй ч хөдөлгөөн сайтай бөх байлаа. Дайрч барилдана. Түүнтэй эхний тойрогт таарлаа. Довтлоод ирэхэд нь угтуулж мэх хийгээд ялж билээ. Харин Кристэй барилдаж байхдаа нуруугаа хүнд гэмтээсэн. Ийм гэмтэлтэй дахин барилдана гэдэг боломжгүй зүйл. ЗХУ-ын шигшээ багийн эмч Зоя Мироновад хандлаа. Эмч нурууны өвчнийг чинь Германы нэг шидтэй эм л анагааж чадна гэж байна. Германы эмч нараас эм авах гэж үзтэл хар түрсээр солино гэлээ. Ингээд хар түрс хайж эхэллээ. Азаар Иван Ярыгинд түрс байжээ. Шөнөжингөө тэр шидэт эмээр намайг эмчилж, тордлоо. Ёстой сайн эм байсан шүү” гэж ярьжээ.

1972 оны олимпод Александр Медведь олимпын 3 дахь алтан медалиа зүүгээд зодог тайлсан. Финалд тэр Болгарын Осман Дуралиевыг ялж байв.
Харин чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн хүнд бөх гэгддэг Крис Тейлор 1972 оны олимпод чөлөөт, сонгомол гэсэн хоёр төрөлд барилдсан. Сонгомолд тэр Германы Вильфред Дитрихт ялагдсан. Дитрихийн мэхийг түүхэнд “Зууны шилдэг шидэлт” гэж нэрлэсэн байдаг.
Харин чөлөөт бөхийн +100 кг-д Крис хүрэл медаль хүртсэн юм.
Крис 1974 онд мэргэжлийн бөхийн шоунд шилжсэн. 1977 онд зүрхний эмгэгийн улмаас зодог тайлж, 1979 онд 29 настайдаа нас барсан.
